sonin.mn
Монгол Улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, ШУА үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн  баатар, академич, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөв.
 
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “ШУА ойрын өдрүүдэд Шинжлэх ухааны ажилтны өдрийн хүрээнд ахмад үеийнхнийхээ дурсгалыг хүндэтгэх, тухайн жилийн шинжлэх ухааны ололтыг тодруулах, цаашдын бодлогоо тодорхойлох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний нэг нь Б.Ширэндэв гуайн хөшөөнд цэцэг өргөх ёслол байлаа. Энэ хүн Монгол Улсын шинжлэх ухааны түүхэнд онцгой гавьяа байгуулсан, XX зууны Монголын суутнуудын нэг юм. Тэрбээр Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, МУИС-ийн анхны ректор, АИХ-ын орлогч дарга гээд төр, нийгмийн өндөр албан тушаалыг хариуцлагатай хашиж явсан.
 
Тэр дундаа амьдралынхаа хамгийн бүтээлч үеэ ШУА-д өнгөрүүлсэн байдаг. ШУА-ийн Ерөнхийлөгчөөр 1961 онд сонгогдож, 1982 онд 70 насандаа чөлөөлөгдсөн. Хамт ажиллаж байсан хүмүүс, бидний үеийнхэн Ширэндэв гуайн алсын хараатай, асуудлын голыг олж шийдэл гаргадаг гайхалтай зан чанар нь бидэнд үлгэр дуурайлал болдог байв. Тэр хүнтэй хамт ажиллаж байсандаа үнэхээр бахархдаг” гэв.  
Цэцэг өргөх ёслолд БСШУСЯ-ны төлөөлөл, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, төрийн өмчийн их, дээд сургуулийн удирдлага, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирал, академчид оролцов.
 
Академич Б.Ширэндэвийн хөшөөнд энэ жилээс эхлэн жил бүр цэцэг өргөх юм.
Тэрбээр 1966 онд Монгол Улсын төрийн шагнал, 1991 онд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,1995 онд Монгол Улсын Хөдөлмөрийн  баатар цол хүртэж байв.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг