sonin.mn
Монголын Залуучуудын холбооноос оны тэргүүний багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг анх удаагаа ирэх сарын 16-нд зохион байгуулах гэж байна.
 
Тэргүүний залуу багшийг “Оны тэргүүний арга зүйтэй залуу багш”, “Оны тэргүүний судлаач залуу  багш”,  “Оны тэргүүний нийгмийн идэвхтэн залуу багш”, “ Оны тэргүүний нийгмийн ажилтан”, “Оны тэргүүний сургалтын менежер” гэсэн таван төрөлд тус бүр 2 багшийг шалгаруулах аж.
 
Нэр дэвшүүлэх багш нь сурган хүмүүжүүлэх салбарт 3-аас дээш жил ажилласан, хариуцсан ажлын үзүүлэлт нь улс, хот, аймгийн дундаж түвшингээс дээшилсэн, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байх гэх зэрэг шалгуурыг тавьжээ.
 
Нэр дэвшигчийн материалыг ирэх сарын 12-ныг хүртэл МЗХ-ны байранд хүлээн авах бөгөөд ирүүлсэн нийт нэр дэвшигчдийн дотроос 20  багшийг II шатанд  шалгаруулна. Шалгарсан оролцогчдоос 10 багшийг  “Оны тэргүүний багш“-аар тодруулж, МЗХ-ны нэрэмжит “Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагнал хүртээх аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг