sonin.mn
НӨАТ-ын тухай хуулийн дагуу цахим баримтаа бүртгүүлсэн иргэдийн буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор төлөвлөж байна. 
 
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт хийсэн баримтаа www.ebarimt.mn сайтад бүртгүүлж, улмаар сугалаанд хамрагдах болон төлсөн татварынх нь 20 хувийг буцаан олгох хэлбэрээр урамшуулал авах болсон.
 
2016 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр Татварын нэгдсэн системээс 156 сая баримт хэвлэгдэж, үүнээс 93 сая гаруй нь сугалаанд харагдсан байна. Нийт 16 удаагийн сугалааны тохиролд нийт 157.236 баримт тохирол таарснаас 20000 төгрөгийн 57.566 ш, 100.000 төгрөгийн  6636 ш, 500.000 төгрөгийн 695 ш, 4 сая төгрөгийн 77 ш, 20 сая төгрөгийн 7 баримтын эзэд өөрсдийн ebarimt.mn-д бүртгэлтэй дансаараа хонжвороо авчээ. Өөрөөр хэлбэл нийтдээ 2 тэрбум 610 сая төгрөг иргэдийн гар дээр очсон байна.  
 
Харин төлсөн татварынх нь 20 хувийн буцаан олголтын хувьд ирэх оны эхний улиралд иргэдийн бүртгэлтэй дансанд шууд шилжүүлэхээр төлөвлөж байгаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд буцаан олголттой холбогдуулан нийт 80 орчим тэрбум төгрөгийг тусгасан юм. 
 
Одоогийн байдлаар бүртгэлээ баталгаажуулж, цахим баримтаа бүртгүүлсэн 450 гаруй мянган иргэн байгаа аж. 
 
"НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам"-д тусгаснаар татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол www.ebarimt.mn системд нэвтрэн, мэдээллээ үнэн зөв, бүрэн бүртгүүлэх ёстой. Үүнд хэрэглэгчийн овог, нэр; регистрийн дугаар; цахим шуудан /имэйл/-ийн хаяг; утасны дугаар; албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар байх юм.
 
"НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам"-тай дараах https://ebarimt.mn/law2-2 холбоосоор танилцах боломжтой. 
 
НӨАТ-ын бүртгэл болон сугалаатай холбоотой иргэдийн асуултад Татварын үйлчилгээний төвөөс дараах хариултыг өгч байна. 
 
-Бүртгүүлсэн баримт ebarimt.mn цахим хуудсанд "системд ирээгүй" гэсэн төлөвтэй байна. Үүнийг яаж бүртгэх  вэ?
 
-Баримтын мэдээлэл системд ирээгүй гэдэг нь таны худалдан авалт хийсэн буюу баримт өгсөн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нь борлуулалтын дүн, мэдээллээ татварын ebarimt.mn цахим нэгдсэн системд илгээгээгүй гэсэн утга юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 17.3.3 дахь заалтын дагуу НӨАТ суутган төлөгч нь 72 цагийн дотор борлуулсан ажил үйлчилгээний дүнг нэгдсэн системд илгээх үүрэгтэй юм. Үүний улмаас "системд ирээгүй" гэсэн төлөвтэй харагддаг.
 
-Сугалаанд хожсон мөнгө дансанд орохгүй байна ?
 
-Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар баталсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 7.3-д "хүсэлтээ баталгажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно" гэж заасан байна. Мөн сугалаанд хожсон мөнгө дансанд орохгүй байгаа шалтгаан  нь иргэд дансны мэдээлэлээ зөрүүтэй илгээсэн, хүсэлтээ баталгаажуулахдаа буруу баталгаажуулсан,  зэрэг шалтгааны улмаас сугалааны мөнгө  дансанд орохгүй байх шалтгаантай.
 
-Нэвтрэх нэр, нууц үгээ мартчихсан тохиолдолд хаана хандах вэ?
 
-Та 3 хэлбэрээр сэргээн авч  болно. 1. "Бүртгэл сэргээх" гэсэн цэсээр  хандаад өөрийн мэйл хаягаар авах 2.131313-дугаарт бүртгэлтэй утаснаасаа ? /тэмдэг/ явуулж  мессеж бичих  3. 1800-1288 дугаарт холбогдоод, "3" товчлуурыг сонгон мэдээлэл авах.
 
-e-barimt.mn цахим хуудсанд хувь хүн хэрхэн бүртгүүлэх вэ?
 
-e-barimt.mn  цахим хуудсанд  хандан "хувь хүн бүртгүүлэх" гэсэн цэсэнд бүртгүүлж,  мэйл хаягаараа нэвтрэх код болон нууц үгээ авна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг