sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Өнгөрсөн долоо хоногт Сирийн баруун хойд нутагт явуулсан агаарын цохилтын ажиллагааны явцад баруун өмнөд нутаг Ази даяар үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэглэлүүдтэй холбоотой “Аль-Каида” бүлэглэлийн нэгэн толгойлогчийг устгалаа гэж Пентагон мэдэгдэв.
 
Алеппо хотоос баруун зүгт 50 км-ийн зайд орших Сармада хотын орчимд энэ сарын 18-нд агаараас цохилт өгснөөр Египетийн иргэн Абу Афган аль-Масри-г устгалаа гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурдлаа.
 
“Абу аль-Масри зарим үед бидний радарт орж ирдэг байсан. Тэрбээр Афганистан дахь эвслийн хүчин болон АНУ-ын цэргүүд рүү халдсан босогчидтой холбоотой нэгэн бөгөөд хамгийн сүүлд Сирид очиж, барууны орнуудад үйлдсэн халдлагуудыг зохион байгуулсан” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг