sonin.mn
Монгол Улсын биеийн тамир спортын байгууллагуудын анхдагчдын нэгд зүй ёсоор ордог “Хөдөлмөр” нийгэмлэг буюу Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын Төв комиссын 1946 оны 05 дугаар сарын 02-ны хуралдааны 6 дугаар тогтоолоор БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны дэргэд “Хөдөлмөр” нийгэмлэг нэртэй  байгуулагдсан түүхтэй.
 
Улмаар 1994 оны А-52 тоот Захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 148 тоот захирамжаар Биеийн тамир, спортын сургалтын төв, 2003 оны ХУД-ийн Засаг даргын захирамжаар Биеийн тамир, спортын хороо болж өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.
 
Өнгөрсөн 60 жилд тус хамт олноос Хөдөлмөрийн баатар, олимп, дэлхий, тивийн АШТ-ий медальтнууд, гавьяат тамирчин, дасгалжуулагч олон арваараа төрөн гарсан билээ. “Хөдөлмөр” нийгэмлэгийн түүхт 60 жилийн ойн хүндэтгэлийн ёслол энэ сарын 18-нд ХУД-ийн Соёлын ордонд боллоо. Энэ үеэр ХУД-ийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.
 
          -Энэ баярт өдрийн сэтгэгдлийг тань сонсоё?
 
          -Юуны өмнө Биеийн тамир спортын “Хөдөлмөр” нийгэмлэгийн түүхт 70 жилийн ой тохиож байгаа энэ мөчид Хөдөлмөр нийгэмлэгээр овоглосон үе үеийн тамирчид, багш дасгалжуулагчид, ажилтан, албан хаагчид, спортоор хичээллэгчид, дэмжигч нартаа баяр мэнд хүргэе. Өнөөдөр энд 150 гаруй хүн уригдаж ирлээ. Зарим гавьяат, алдартнууд маань амжиж ирсэнгүй. Тухайлбал, чөлөөт бөхийнхөн хуралтай байсан учраас ихэнх нь ирээгүй.
 
Мөн сагсанбөмбөгийн ахмадын тэмцээн Хандгайтад болж байгаа учраас тэднээс цөөн хүн ирлээ. Ойн баярын арга хэмжээ сайхан болж байна. Өнөөдрийн эдийн засгийн хямралтай үед бид өөрийн боломжийн хэрээр энэ ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд ямар нэг компани, байгууллагаас хандив тусламж авалгүй зохион байгууллаа.
 
 
          -Та энэ байгууллагыг удирдаад ямар амжилт ололт гаргаад байна вэ?
 
          -Би 2013 оноос спорт хорооны даргаар томилогдож 3 жил ажиллаж байна. Энэ хугацаанд манай хамт олноос гавьяат дасгалжуулагч 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг 2, Алтан гадас одонг 1 хүн хүртсэн байна.
 
Томоохон амжилт гэвэл, Бид Хүүхдийн спортын V их наадамд шилдэг зохион байгуулалттай спорт хороогоор шалгарсан. Манай хороо 2016 онд болсон Бүх ард түмний спортын XIV их наадам/спартакиад/-д амжилтаараа Орхон аймгийн дараа 2 дугаар байрт шалгарлаа. Цаашид бидэнд төлөвлөсөн олон ажил байгаа.
 
        -Танай спорт хорооноос нийтийн биеийн тамир спортыг хэрхэн хөгжүүлж байгаа бол?
 
          -ХУД-ийн ЗДТГ-тай хамтраад нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг жилийн турш явуулдаг уламжлалтай. Дүүргийн Засаг даргын нэрэмжит Иргэдийн спортын наадмыг 8 төрлөөр 31-ээс буюу 45-аас дээш гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулдаг. Энэ спорт наадмын эхний шат нь хороодоос шилдгээ шалгаруулдаг гэдгээрээ онцлогтой. Тухайн иргэн нэг төрөлд л оролцдог болохоор нийтдээ 7 мянга гаруй иргэн хамрагдах өргөн боломжтой юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг