sonin.mn
 
“Зохиолч Санжийн Пүрэв... ” гэхээр Монголчууд бараг бүгд мэднэ. Түүний "Суварган цэнхэр уулс", "Загийн алим", "Мартагдсан дууль", "Салж болшгүй хайр", "Тэнгэр мэднэ" уран сайхны кино, "Хувьсгалын өлгий нутаг", "Илч гэрлийн эзэн", "Нарны орон Алтай" баримтат кинонууд үзэгч олны талархал хүлээж, "Эх газрын чулуу", "Эргүүлэг", "Цагийн урсгал", "Усны гудам", "Алаг заяа"зэрэг арваад роман, "Уулын намар", "Ихусны хаялга", "Гурван говийн зэрэглээ", "Сүүдэр догшрох цаг”, "Айлын бүсгүйг мартахгүй", "Гэрэлт маргаашаа угтахсан", "Ухаарч амьдрах орчлон", "Тэнгэрийн сум зүрхэнд тусдаг", "Тоглоомын тойрог", "Азын цэнхэр уул " зэрэг уянгын олон арван тууж, бас олон зуун өгүүллэгийг нь уншигчид андахгүй биз ээ. Ингээд энэ эрхэм хүмүүнтэй ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
 
-Сайхан өвөлжиж байна уу та, бие тэнхээ, зүс царай чинь их сайхан харагдаж байна шүү!
 
-Сайхан өвөлжиж байна аа. Харин бие их сайхан болсон. Олон түмэндээ баярлаж л сууна.
 
-Та бол Монголын утга зохиолын салбарт 60 орчим жил бүтээн туурвисан, утга зохиолын том уулсын нэг. Зохиол бүтээлээс чинь гадна “Утга зохиол урлаг” сонин, MYOHP гээд олон газарт ажиллаж явсныг уншигчид андахгүй байх. Ер нь, өнөөг хүртэл та роман, тууж, өгүүллэгийн хэчнээн зохиол бичээд байна вэ?
 
-11 роман бичиж хэвлүүлсэн байна. Харин тууж, өгүүллэгийн хувьд миний голлож бичдэг төрөл л дөө. Өгүүллэг бичих урамтай сайхан байдаг юм. Том, бага нийлсэн 600 шахам өгүүллэг бий. Эдгээрээс тав, зургаан ном гаргасан. Туужийн хувьд 80 гаруй байгаа болов уу. Сүүлийн тав, зургаан туужаас бусад нь хэвлэгдсэн. “Цог" сэтгүүл өмнө миний туужуудаас нэлээд тавьж, захиалга ч өгч бичүүлж байсан. Дээхнэ үед “Цог” сэтгүүлд туужаа тавиулна, нэг бол бие дааж ном гаргахаас өөрөөр хүнд хургэх боломжгуй.
 
 Тууж чинь борлуулалт муутай. Яагаад гэвэл хэвлэдэг сонин цөөн. Ер нь, сонин тууж нийтлээд байна гэдэг нь хэцүү л дээ. "Утга зохиол урлаг” сонинд байхад бид ч бас тууж, роман тавьдаггүй байлаа. Хэвлэлээ гэхэд уншигч заримыг нь уншина, заримыг нь хаяна, олдохгүй гээд хэцүү. Харин одоо “Цог" сэтгүүл гараад эхэллээ. Энэ нь манай зохиолчдод маш том хаалгыг дахин нээж байгаа юм. 
 
Дан.Нямаа бас “Улирал ба зохиолч” сэтгүүл гаргадаг болсон. Тэр сэтгүүлд миний хоёр ч туужийг нийтэлсэн. Уран зохиолын хоёр сэтгүүл байна гэдэг чинь тууж, өгүүллэгийн борлуулалтад сайн л даа. Бичсэн бүхэн хүнд хүрч л байх хэрэгтэй. Зарим сониноос “Та өгүүллэгээ өгөөч” гээд авч л байдаг юм. 
 
Яах вэ унших нь уншдаг л байх. Гэхдээ сэтгүүл шиг байж чадахгүй шүү дээ. Хоёрдугаарт, сонинууд улс төр рүү ихээр хошуурч байна. Тиймээс юун тэр утга зохиолын нүүр бэлтгэж, өгүүллэг нийтлэх. Харин утга зохиолд элэгтэй нэгэн нь л нийтэлдэг юм. Ер нь, сонинууд сэтгүүлчиддээ хийснээр нь цалин өгдөг учраас өөрт ногдсон талбайдаа юун тэр хүний өгүүллэг нийтлэхтэй манатай, мэдээ бичээд цалингаа авахыг боддог байх л даа. 
 
Тэр нь буруу биш. Амьдрах гэж л ажиллаж байж надад талбайгаа өгчихөөд өөрөө цалингүй сууж болохгүй шүү дээ. Харин манай “Утга зохиол урлаг" гэж амь бөхтэй сонин өгүүллэгт зай талбайгаа харамладаггүй юм. Нэг дугаарт гэхэд л том, бага нийлсэн 5-6 өгүүллэг нийтэлчихнэ шүү. Энэ нь бидэнд маш хэрэгтэй. Ер нь, утга зохиолын ийм хэвлэлүүдийн тоог олшруулъя гэхээр мөнгө санхүүгийн асуудал гэж зовлон тулгардаг юм шиг байна. 
 
“Утга зохиол урлаг” сонин 1980-аад онд 110 гаруй мянган захиалагчтай болж байсан удаатай. Үнэ нь 20 мөнгө. Бид Нууц товчооны 750 жилийн ойд зориулсан тусгай дугаарыг найман нүүрээр гаргаж, сониноо илүү хэвлэж байлаа. Миний ширээн дор боодолтой л байж байна. Орж гарсан хүмүүс худалдаж авдаг. Тэгэхэд бид 20 мөнгөний сониноо хоёр төгрөгөөр зарж байлаа. Зах зээлд орж, мөнгө олох гэж байгаа нь тэр юм болов уу даа /инээв/.
 
Сонин маань Зохиолчдын хорооноос мөнгө авдаггүй, нэг ёсондоо аж ахуйн тооцоотой байсан даа. За яах вэ, түрээс төлдөггүй, редакцынхан дөрвөн өрөөтэй. Манай эрхлэгч Д.Тарва гуай. Ийм л сайхан ажиллаж байлаа. Монголын утга зохиолд 60-аад жил зүтгэхдээ сэтгэл дундуур явсангүй. Дээд болон өөрийн үеийнхэнтэйгээ ч, залуустай ч хамт ажиллаж явлаа.
 
-Зах зээлд шилжих үед зарим зохиолч “Яах гэж зохиолч болов доо” гэж бодох үе гардаг байсан гэдэг. Ер нь, бэлэн юмнаас шууд зах зээлд шилжсэн нь амаргүй байсан биз?
 
-Хэцүү байсан шүү. Зөвхөн зохиолчид биш, энэ нийгэм тэр чигтээ өөрөө учраа олохоо байсан үе. Өмнө нь бидний номыг төлөвлөгөөнд оруулаад хэвлэдэг байлаа. Энэ Зохиолчдын хорооны байшин чинь улсаас нэг ч төгрөг авалгүй, зохиолчдын хөрөнгөөр боссон юм шүү дээ. Бидэнд номын мөнгийг нь өгчихөөд ном хэвлэдэг. Тэндээсээ утга зохиолын фондод хувиа өгдөг. Энэ бүхэн байхгүй болсон. С.Эрдэнэ баавай надад “Мөн ч хэцүү болж байна шүү. Номоо хэвлүүлчихээд усны тэргэн дээр түрээд явж байна” гэж ярьж байсан. Би хараагүй л дээ. Дэгсдүүлж ярьсан ч байж болно. Гэхдээ л тийм байдалд шууд шилжсэн. 
 
Яаж номоо хэвлүүлж, борлуулах вэ гэдэг асуудал бий болсон. Учир нь номын худалдааны системийг үгүй хийгээд Улаанбаатар номын дэлгүүргүй болсон. Урт цагааны тэнд С.Тосонхүүгийн “Номын коллектор” гэж дэлгүүр бий. Хөөрхий, номын дэлгүүрийн буурийг ганцаараа сахиж үлдсэн нь энэ хүн дээ. Их буянтай хүн. Бусад дэлгүүрийг юу ч үгүй болгосон. Аймгуудад ч ялгаагүй. Бид номоо хэвлэлээс авч гэртээ тавиад, таньж мэддэг хүмүүс рүү “Чи нэг ном аваач” гээд л утасдана. Нэг ширхэг номыг борлуулах гэж зүдэрдэг байлаа. 10-аас жаахан дээш төгрөгийн үнэтэй ном бол үнэтэйд тооцогдоно. Ийм л болсон. 
 
Гэтэл өмнө миний “Усны гудамж” роман гэхэд л 40 мянган хувь хэвлэгдэж байсан. Одоо 40 мянган хувийг хэвлүүлбэл сүйрнэ шүү /инээв/. 4000 ширхэгийг хэвлүүллээ гэхэд л нэлээд зовж байж борлуулна. Нөгөө талаар зохиолчид чинь өөрсдөө их бодь хүмүүс. Ном бичиж чаддаг хэр нь борлуулах менежментгүй. Зүгээр л нэг номын дэлгүүрт аваачаад тавьдаг. Борлогдох эсэх нь өөрт хамаагүй юм шиг дэлгүүртл найддаг. 1990-ээд оны эхээр номын дэлүүрт орох хүн бараг байхгүй. Харин одоо сайхан болж дээ. "Интерном"-д ороход л хүнсний дэлгүүрт яваа юм шиг олон хүн бужигнаж байдаг юм.
 
-“Ном уншдаг хүн ховордлоо”гэж их ярьдаг болсон. Та юу гэж бодож байна даа?
 
-Ховордоод сүйд болсон юм бол байхгүй. Цаг зуурын л асуудал шүү дээ. Хүмүүс номонд зарцуулах мөнгөтэй болно. Харин цахим ертөнц залууст жаахан тааруухан юм авчирч байна. Номыг интернэтээс, утсан дээрээсээ унших бол нэг хэрэг. Уншаад л өнгөрнө. Нүдээр харж, гараар барьж унших ёстой юм. Нөгөө талаар цахим ертөнцөөс болж гар бичмэл үгүй боллоо. Бүгд л компьютерт бичдэг болсон. Би гараар бичдэг байсан. Бичихдээ баллаж, сохолдоггүй. Ер нь, миний гар бичмэлүүдийг үзвэл их сонин юм бий шүү. “Усны гудамж" романы гар бичмэл гэж жигтэйхэн сайхан юм бий.
 
Гэтэл одоо бас л гараар бичихээ байлаа. Компьютерт л шивээд байх болсон. Засч байхад ч амар юм даа. Хоёрдугаарт, хэвлэлийн алдааг гааруулахад энэ компьютер их нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, чи бид хоёрт нэг сониноос “Ээжийн тухай бичээд өгөөч” гэсэн захиалга өглөө гэж бодъё. Гэтэл би “Ээж” гэсэн байхад чи “Ижий” гээд бичсэн байна. Харин өнөө сонин нь гаргахын тулд байдгаас биш алдаа мадагийг нь хянаж, нягтлаад суудаг редактор гэж байхгүй болсон учраас бид хоёрын бичсэнийг нэг нүүрт зэрэгцүүлж нийтлэнэ. 
 
Аль нь зөв юм бэ гэдгийг бодохгүй. Хэрэв цахим ертөнцийг өөрийн юм гэж үзэж буй хүн бол төрөлх Монгол хэлээ маш сайн эзэмшиж, бичиж буй зүйлдээ хариуцлагатай хандахгүй бол болохоо байж. Одоо захын сониныг аваад уншхад л дүүрэн алдаа. 
 
Бидний үед алдаатай сонин гаргавал арга хэмжээ авахуулдаг байлаа. Гэтэл одоо эсрэгээрээ болжээ дээ янз нь. Ном ч ялгаагүй алдаагаар дүүрсэн. Хэвлэх үйлдвэр маш сайн хянагч нартай байлаа. Анхны ерөнхийлөгч П.Очирбатын эхнэр Ш.Цэвэлмаа, н.Бизъяа... гээд олон хүн байсан. Зохиолчдоос Барын Цэдэв байна. 
 
Алдааг маш сайн хянана. Гэтэл одоо хэвлэлийн газруудад ийм хүн байхгүй болж. Уг нь, эх хэлдээ, соёл утга зохиолдоо хайртай бол заавал нэг ч болтугай хүн ажиллуулах ёстой, даанч тэгэхгүй юм. Манай сонинд яруу найрагч Д.Банзрагч гэж мундаг уншдаг хүн байлаа. Дээд Төв хороонд бас сонинуудын алдааг хянадаг хүмүүстэй. Тиймээс айсан, ичсэн хүмүүс чинь алдаа гаргахгүйг хичээнэ. Ямар сайндаа л манай нэг нөхөр нэг нүдээ гараараа дарчихсан нэгээр нь хараад уншиж сууна. “Яав чи” гэсэн өнөөх чинь жаахан юм амсчихаж л дээ. Тэгээд хоёр нүдээрээ хартал салаараад байж /инээв/. 
 
Хэчнээн юм балгасан ч ийм л хариуцлагатай ханддаг байж дээ. Одоо бол “За больё, маргааш хийе” гээд хаяад алга болно. Одооны сонинууд ямар янзтай ажилладгийг сайн мэдэхгүй юм. Сониноос хөндийрөөд удлаа. Хариуцлагатай нарийн бичгийн дарга хүн сониноо уншина, алдаа мадагийг хянана, тэгж байж аж ахуй руу ордог. Гэвч одоо үүргээ мэдэхгүй нэг их том дарга нар болсон юм шиг билээ.
 
-Сүүлийн үед та Фэйсбүүкээр Монгол ахуйг дүрслэсэн, ухаарлын үгсийг их сайхан бичиж оруулж байна. Хүмүүст ч таалагдах юм. Та тэр бичвэрүүдээ зохиолоосоо авч тавьдаг уу?
 
-Өнөөгийн залууст монгол хэлний найруулга зүй үгүй болж, Монгол ахуйгаасаа холдоод байна. Тиймээс зориудаар бичиж тавьж байгаа. Уншаад ухаарал, санаа авах нь аваг. Гэвч санаа авахгүй байх шиг, зүгээр л “Баярлалаа" гээд суугаад байх юм. Тэгсэн ч би бичсээр л байх болно. Жингийн хонх гэж байлаа. Одоо жин тээхээ байсан болохоор тэр хонх нь Говь-Алтайд л гэхэд айл бүрийн авдарт хадгалаастай байна. 
 
Тэгвэл тэмээний баяр хийхдээ “Сайхан дуутай хонх шалгаруулна” гээд тэмээний хүмүүнд зүүлгээд хөтлөөд явбал өнөөгийн залууст их сонин харагдана даа. Жингийн тэмээний хүзүүнд хонх зүүдэг байж гэдгийг мэдэж авна. 
 
Одооны залуус монгол нэртэй кино хийгээд байгаа ч Монгол юм тэнд нь алга. Ерөөсөө л бидний толгой руу Солонгос хадаас “шаагаад” байна. Хоорондоо зодолдсон, цус нөжөө гоожуулсан, бүтэхгүй хайрын тухай, уйлсан, нус нулимстайгаа холилдсон юм. Ийм юм бидэнд хэрэггүй. Солонгосууд ийм киногоо муу хийж, манайхан түүнийг нь бүр муу болгоод хуулчих юм. Яах гэж тэгдэг байна аа. Сайхан хуучны Монгол кинонууд байдаг даа. Одоо ч хүмүүс үзсээр л байдаг. Тийм сайхан киног хэзээ ч хийж болно шүү дээ. Нэг сайхан налайсан, Монгол ахуйтай, унага тамаглаж буй тухай кино хийж болно доо. Гэвч найруулагч нь мөнгөө бодоод байх болж.
 
-Хөдөлмөрийн баатар, АУЗ Д.Пүрэвдорж багш та хоёр худууд болохоороо ч тэр үү их дотно юм шиг харагддаг байсан?
 
-Д.Пүрэвдорж гуай бол дахин давтагдахгүй гайхамшигтай том зохиолч, яруу найрагч байсан даа Бид ойр их явсан. Хоёр хүүхэд маань нийлсэн. Ер нь,зарим хүн үхсэн хүнтэй заргалдаад байх юм. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн том хүнтэй одоо заргалдаад байх ямар шаардлага байна. Зарим нэг нь том хүнийг үгүйсгэж, муулж байж өөрийгөө таниулна гэж боддог болж дээ.
 
-Хоёулаа таны бага насны тухай яриагаа үргэлжлүүлэх үү.
 
Дунд сургуульдаа МУСГЗ, Нацагдоржийн шагналт, эрдэмтэн зохиолч С.Лочин гуайтай нэг анги гэдэг байх аа?
 
-Тийм, ер нь манай сургуульд С.Лочин, Т.Юмсүрэн, Ж.Гал, Ш.Шажинбат, н.Дорж, Д.Цахилгаан, надтай нийлээд долоон зохиолч сурсан байдаг юм. Бид Ардын уран зохиолч Л.Түдэв гуайн гараар дамжиж утга зохиолд хөл тавьсан даа. Л.Түдэв гуай манай сургуульд Орос хэлний залуухан багш очиж байлаа. Орой дотуур байранд ирээд бидэнд зохиол ярьж өгдөг. Тэгэхэд “Жонон гуйлгачин хоёр” Монголд гараагүй ч багш хэдийнээ уншчихсан ярьж өгнө. Дараа нь багш, хүүхэд гэхгүй ноцолдоно. Тэр үйл явдлууд бидний утга зохиолын амьдралд их нөлөөсөн дөө.
 
Нэг сайн багшийн нөлөө ямагт байж л байдаг. Тухайн хүнд авьяас байгааг олж харвал “асаагаад” өгчихөж байгаа юм. Тэгээд тэр нь цаашаа өөрөө дүрэлзээд явчихдаг. Л.Түдэв багш бол бидний авьяасыг “асааж” өгсөн. Би тухайн үедээ шүлэг зохиол бичдэггүй ч сонирхолтой.
 
Манай С.Лочин бол Говь-Алтайн номын санг дуустал нь “ухсан”. Намайг дагуулж очоод л уншина. Би чинь айлын өргөмөл хүү шүү дээ. Өргөж авсан эцэг маань намайг ухаан ороогүй жаахан байхад бурхан болж, би ээж эгч хоёртойгоо өссөн. Өвөлд нь сургуульд явж, зунд нь гэртээ мал малладаг л хүү байлаа. Ингэж л хүүхэд нас минь Говь-Алтай аймгийн Дарви сумандаа өнгөрсөн дөө. 1957 онд анх Улаанбаатар хотод Худалдааны сургуульд орохоор ирсэн. 
 
Шуудайны тал юмтай. Тэр нь хөвөнтэй дээл, дан тэрлэг хоёр байсан шиг санагдана. Тээврийн товчоо нь 45 дугаар сургуулийн урдаас харсан ганц цагаан байшин. Унаа хотод орой ирээд биднийг тэнд буулгаад орхисон. Өмнөх жилд нь ирээд сурсан хүүхдүүд бол учраа олчихсон болохоор анх ирж буй бид тэднийгээ дагалаа даа. Таних хүнгүй, харанхүй. Тэгэхэд Улаанбаатар чинь одооных шиг биш, харанхуй байлаа. Би Улаан Бавуу гэж нэрлэдэг нэг хүүхдийг дагаад Усны гудамжинд, одоо энэ “Туул’’ рестораны урдхан талд айлд очиж хоносон. Тэгсэн тэр айл нь зусланд гарсан шиг байгаа юм, одоо бодоход /инээв/.
 
 Хаяа нь шуулттай. Модон шалтай нь надад их сонин санагдаж билээ. Маргааш нь заалгаж аваад сургууль руугаа алхсан. Одоог бодвол хот маш жижиг байж дээ. Тээр гудамжны үзүүрт ганц, хоёр хүн явж, бас хаа нэг машин үзэгдэнэ. Түүнээс хойш өнөөг хүртэл Улаанбаатар хот хэрхэн өргөжиж, хөгжиж, хүн амьтны хөлд дарагдаж буйг харж сууна даа.
 
-Сургуулиа төгсөөд хаана ажилд оров?
 
-1960 онд сургуулиа төгсөөд Хотын хүнсний трестэд нягтлан бодохоор орсон. Гэтэл тэр үед “Зохиолчид амьдрал судална гээд хөдөө явж байна” гэж дуулдлаа. Би бол сонинд нэг мэдээ ч гаргаж үзээгүй үе. Зохиолч Л.Чойжилсүрэн, Ц.Уламбаяр, Д.Найманжин нар Архангай руу, Д.Мягмар гуай Дорноговь руу... гэх мэт тал тийшээ явсан байна. Бодвол тэднийг Зохиолчдын хорооноос л явуулсан байх.
 
Тэгэхээр нь “Би ч амьдрал судалдаг хэрэг” гээд хувиараа 1961 онд Налайхын уурхайд очсон /инээв/. Тэндээсээ 1962 онд цэрэгт явсан. Уг нь, техникум төгссөн юм болохоор Уул уурхайн сургуульд явчих санаатай. 
 
Уурхайн Санхүүгийн хэлтсийн дарга Т.Сандуйжавт “Би сургуульд явъя” гэтэл “Ирээд жил ч болоогүй байж юу ярьж байгаа юм. Хойтонгоос хоёул энэ талаар ярьж болно” гэж байна. Гэтэл цэрэг татлага болоод, ажлын залуус “Цэрэгт явна” гэцгээхээр нь дагаад л хөөрчихлөө. Цэрэг татлагын комиссоор ортол дарга маань сууж байна. Залуус нь цэрэгт явчихаар уурхай зогсчих гээд байгаа учир хүмүүсээ авч үлдэх гэж буй нь тэр. 
 
Тэгсэн намайг “За чи бид хоёрт нэг яриа бий шүү дээ, чи одоо яах гэж байна” гэхээр нь “Цэрэгт явлаа” гэтэл “Юу ярьж байгаа юм бэ чи” гээд дургүйцэж байна. Тэгэхээр нь “Дарга минь ээ, та ямар миний оронд цэргийн алба хааж өгөх биш дээ. Тиймээс би албаа хаая” гэж хэлээд явсан /инээв/. Шарын голын уурхайг яг байгуулж байсан үед тэнд цэрэгт очоод гурван жилийн алба хаасан даа.
 
Цэргийн албанд очсноор гүний уурхай, ил уурхай гэж ямар байх ёстойг мэдэж авсан. Ёстой жинхэнэ амьдралын их сургууль болсон доо. Яах вэ, уурхайн сэдвээр нэлээд зохиол бичсэн. Анхны романаа цэргүүд Шарын голын уурхайг босгосон тухай бичиж, 1972 онд хэвлэгдсэн. Номын төлөвлөгөөнд ороод жил хүлээгддэг байсан бол Еренхийлөгч асан П.Очирбат, Л.Түдэв багш хоёр ярилцаж байгаад ямар ч төлөвлөгөөгүйгээр 42 хоногийн дотор хэвлүүлэн өгч байлаа.
 
-МЗЭ хэмээх их айлын босгоор анх хэдэн настайдаа, ямар бүтээлээ бариад оров?
 
-“Цэрэг эрийн тууж” туужаа бариад 1966 оны хоёрдугаар сард Зохиолчдын хороонд очсон. Цэргээс ирээд Налайхад буцаж очоод энэ туужаа бичсэн юм. Тэгэхэд Налайхын Эвлэлийн хорооны хоёрдугаар дарга нь н.Цэрэндаш гэж манай ангийнх. Уурхайд ажиллах хажуугаар амралтаараа Цэрэндаш дээр ирж бичгийн машинаар нь зохиолоо бичдэг. Тэгсэн Эвлэлийн хорооны дарга н.Жамц гэж хүн орж ирэхэд нь намайг танилцуулснаар уурхайгаас татаж ажилд авсан. Бичгийн машинаар цэрэгт бичиж сурсны ач тус л даа. Эвлэлийн хороонд ажилд орж, туужаа бичиж дуусгахад Улс ардын аж ахуйн IV таван жилийн төлөвлөгөөг хийнэ гээд нягтлан бодох, эдийн засагчдыг хөдөө рүү явуулахад намайг Увс аймар руу томиллоо. 
 
С.Дашдооров багшид туужаа өгөөд явсан чинь иртэл хэвлэхээр болжээ. Тэгээд 1966 оны “Цог" сэтгүүлийн №6-д гараад удаагүй байтал Д.Цэнд багш “Утга зохиолд шинэ хүн орж ирлээ. Хэвшсэн загварыг эвдсэн зохиол бичжээ” гээд шүүмж бичсэн байна. Би тэр загвар энэ тэрийг нь ямар мэдэх биш. Уг нь, аль ч зохиолд тухайлбал эр, эм хоёр муудалцаж салахад заавал хэн нэг нь буруугаа хүлээж эргэн нийлдэг байж л дээ. Гэтэл би бүгдийг нь салгаад хаячихсан /инээв/. Тууж маань хэвлэгдээд тэр жилээ “Цог” сэтгүүлийн шагнал авч байлаа.
 
-Таны зохиолуудад сайхан бүсгүй, ээжүүд олон дүрслэгдсэн байдгаас харахад ямар ч тохиолдолд та эмэгтэй хүнд хайртай, хүндэтгэлтэй ханддаг юм шиг санагддаг?
 
-Миний өссөн орчин эмэгтэй хүмүүстэй байсан. Намайг өсгөсөн ээж, эгч хоёр маань маш сайн хүмүүс. Тиймээс хүүхэд байхад “Эмэгтэй хүнд муу муухай зүйл байдаггүй” гэсэн бодол толгойд орсон нь одоо ч бий. Горькийн сургуулийн дипломын ажлын тодорхойлолт дээр манай нэг орос багш “Асар их эмэгтэйлэг зохиолч” гэсэн байдаг юм. С.Удвал гуай ч бас тэгж хэлсэн удаатай. Мөн “С.Пүрэвийн зохиолыг уншихад Монгол ахуйг их сайхан бичдэг. Уншихад амсхийх шиг л болдог...” гэж бичсэн байдаг. 
Ер нь, эмэгтэй хүн гэдэг чинь их гайхалтай юм л даа.
 
Өөрөөсөө хүн төрүүлж өсгөөд өдий дайны том хүн болгоно гэдэг чинь гайхалтай. Тийм учраас эмэгтэйчүүдийн ертөнцийг зөв нүдээр харж, харьцаж, хайрлаж байж л эр хүний мөн чанар гарна. Тэгээд ч би ер нь хар бараан юм бичих дургүй. Хүнд гэгээлэг юм уншуулахыг боддог. Тэртээ тэргүй хүмүүсийн дотор санаа, амьдрал ахуй их баргар, зовлон гээчийг “өвөртлөөд” л явцгааж байна. Ийм ертөнц дээр бид нэг нэгэндээ ганц ч болов сайхан үг хэлж байж, тэр нь хэрэг тус болно гэж боддог юм. 
 
Адал явдалт зохиолыг бол би үндсэндээ сонирхдоггүй. Миний хийх ажил тэр биш. С.Эрдэнэ гуай, С.Дашдооров багш, П.Лувсанцэрэн нарын өгүүллэгүүдийг их уншдаг. Оросоос их шүтэж яваад танилцсан хүн бол Чингиз Айтматов. 1981 оны аравдугаар сард Москвад байдаг Бүх холбоотны Баганат танхимд уулзаад гар барьж үзсэн. Тэгэхэд Чингиз Айтматов тэнгэрийн амьтан шиг л санагдаж байтал ямар их энгийн, тайван амгалан, бүр хэнэггүй хүн байсан гэж санана.
 
-Ер нь, ахмад үеийн зохиолчид төмөр замын тухай зохиол их бичсэн байдаг. Та ч бас нэлээдийг бичсэн байх аа?
 
-Миний “Уулын намар” тууж тэр чигтээ төмөр замын, төмөр замчдын тухай шүү дээ. Тэр зохиол намайг баллах дөхсөн. 1975 оны “Цог” сэтгүүлийн шагнал авсан зохиол. Тэгтэл Төмөр замын Намын хорооны дарга Ч.Гүнсэн гэдэг хүн эхэлж шүүмжлээд л, “Үнэн” сонинд бас шүүмлэл гараад сүйд болсон. Гэтэл Оросууд тэр туужийг аваад нэг сэтгүүлдээ хэвлэснээс хойш гайгүй болсон. Мөн төмөр замын тухай “Зөрлөг” гээд тууж бий. Р.Раш даргын үед нэг уран сайхны кино хийсэн удаатай. Төмөр замын яруу найрагч Г.Бавуудорж дууг нь бичээд “Салж болшгүй хайр” гэж нэрлэж байсан юм.
 
-Ярилцсанд баярлалаа, танд эрүүл энхийг хүсэн ерөөе!
 
М.Наранболд
Эх сурвалж: “Ганзам” сонин