sonin.mn
ШИНЭ ДЕЛИ./ВВС/. Энэтхэг улс “бохир мөнгө” болон хууль бус орлоготой тэмцэх зорилгоор 500, 1000 рупигийн дэвсгэртүүдийг гүйлгээнээс хасах шийдвэр гаргасантай холбоотойгоор тус улсын Төвбанк “хугацаа нь дууссан” 20 тэрбум мөнгөн дэвсгэртийг устгах хэрэгтэй болж байна.
 
Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Энэтхэгт 90 тэрбум гаруй ширхэг мөнгөн дэвсгэрт  гүйлгээнд байв. Орон орны Төвбанкууд бохирдсон, урагдаж гэмтсэн мөнгөн тэмдэгтүүдийг тогтсон хугацаанд устгаж, шинэ дэвсгэртээр сольдог. Харин Энэтхэгийн Нөөцийн банк ийм мөнгөн тэмдэгтүүдийг устгаж, шахмал болгодог ажээ.
Энэтхэгт фермийн аж ахуйн хаягдлаар шахмал хийдэг бөгөөд эдгээрийг хоол хийх, гал түлж дулаацахад хэрэглэдэг байна. Энэ нь нүүрсийг бодвол хямд төсөр, үнс болон бохирдол багатай бөгөөд хадгалж, савлахад хялбар байдаг ажээ.
 
Харин мөнгөн дэвсгэртээр хийсэн шахмал нь хэврэг бөгөөд дээр дурдсан зориулалтаар ашиглах боломжгүй гэж Энэтхэгийн Төвбанкны төлөөлөгч хэллээ. Иймээс Энэтхэг даяарх тус банкны 19 салбарт байгаа 27 ширхэг шахмал хийгч машинаар хугацаа нь дууссан мөнгөн тэмдэгтүүдийг жижиг хэрчиж, шахмал болгон хаяхаар шийдвэрлэжээ.
 
Зарим тохиолдолд жижиг хэрчсэн мөнгөн тэмдэгтийг дахин боловсруулж хуанли, үзэгний гэр, аяга, цайны аяганы суурь, жижиг тавиур, бэлэг дурсгалын зүйлс хийж болдог байна.
 
Харин АНУ-д мөн адил хуурамч мөнгөн тэмдэгтүүдийг Нууц алба руу илгээж, мөнгөн тэмдэгтүүдийг жижиглэн хэрчиж хаях, эсвэл Холбооны нөөцийн банкинд ирсэн хүмүүст бэлэг дурсгалын зүйл болгон өгдөг байна.
 
20 тэрбум мөнгөн тэмдэгтийг устгах нь тийм ч том асуудал биш гэж Энэтхэгийн Төвбанкны албаны хүмүүс үзэж байна. 2015-2016 онд Энэтхэгийн Нөөцийн банк хуучирсан 16 тэрбум ширхэг мөнгөн тэмдэгтийг устгажээ. Харин 2012-2013 онд 500 мянга гаруй ширхэг хуурамч дэвсгэрт илэрсний дараа 14 тэрбум ширхэг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс хасчээ.
 
“Ийм хэмжээний мөнгөн тэмдэгтийг устгах нь бидний хувьд тийм том асуудал биш. Учир нь бидэнд хангалттай тооны устгагч машин бий” гэж албаны хүн хэллээ. Ингэснээр Энэтхэг улсад уул овоо мэт хуримтлагдсан мөнгөн тэмдэгтүүд удахгүй хог болох нь.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг