sonin.mn
 “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хөтөлбөрийн ажлын хэсгийн 42 дугаар хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
 
Тус хуралдаанд Сангийн Яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчны яам, Авлигатай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар,  Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Усны хэрэг эрхлэх газар зэрэг төрийн байгууллагуудаас гадна, “Оюу толгой” ХХК,  “Бороо гоулд” ХХК,   “Петро матад” ХХК зэрэг 20 гаруй томоохон  бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагынхан  оролцов.  
 Хуралдааныг Монголын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хөтөлбөрийн үндэсний зөвлөлийн гишүүн, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал удирдан явуулав.  
 
Тус хуралдаанд Монгол улсын  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хөтөлбөрийн 2015 оны нэгдсэн тайлангийн төслийг “Улаанбаатар аудит” корпорацийн ахлах аудитор Н.Эрдэнэцог, Их Британийн Харт Нойрс аудитын компанийн захирал Дэвид Куин,  Монгол Улсын  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” –ын 2016 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, Монголын Олборлох үйлдвэрлэлийн компаниудын ашиг хүртэгч эздийг ил болгох, замын зураг хөтөлбөрийг УУХҮЯ-ны Уул уурхайн газрын ахлах мэргэжилтэн Д.Дамба  танилцуулав.
 
Хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргасан юм.
 
Монгол Улсын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ын 2015 оны нэгтгэл тайлангийн төсөлтэй танилцаж хангалттай гэж үзжээ. Мөн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хөтөлбөрийн 2015 оны нэгдсэн тайланг “Үндэсний зөвлөлд танилцуулахад бэлтгэх нь зүйтэй гэв. Түүнчлэн хуралдааны явцад гишүүдээс гарсан саналыг “Замын зураг” төсөлд тусган боловсруулж, Үндэсний зөвлөлд танилцуулахыг ажлын албанд үүрэг болгов.  Хуралдаанд гишүүдээс гарсан саналуудыг 2017 оны ажлын төлөвлөгөөний төсөлд нэгтгэн оруулж, Үндэсний зөвлөлд танилцуулахад бэлтгэхийг үүрэг болголоо. 
 
Монголын улсын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн даргаар Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, орлогч даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд С.Дашдорж, Нарийн бичгийн даргаар ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр нар томилогдон ажиллаж байна. 
 
2002 оноос эхлэн хөгжингүй орнуудын санаачлагаар “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” НҮБ-ын ивээл дор байгуулагдсан бөгөөд манай улс 2006 оноос  үйл ажиллагаанд нь нэгдэн оржээ.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг