sonin.mn
УИХ-ын гишүүн, АН-ын VI Их хуралд бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Д.Эрдэнэбатаас тус намтай холбоотой асуудлаар зарим зүйлийг тодруулав.
 
-АН-ын даргад нэр дэвшигчдийг ямар шалгуураар тодруулах вэ? Одоогоор ямар хүмүүс нэр дэвшсэн бэ?
 
-Хамгийн түрүүнд олон нийтийн хүслээр, манай намын нийт гишүүдийн хүслээр АН-ын шинэчлэлийг маш шуурхай хийх ёстой гэдэгт санал нэгдэж байна. АН хэрхэн шинэчлэгдэх, хэр зөв зохион байгуулалттай болох, хэр нээлттэй болох вэ гэдгээс хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж бид харж байна. Үүнтэй адил намын даргыг тодруулахаас өмнө Үндсэн дүрэм, үзэл баримтлалаа шинэчлэх байр суурь барьж байгаа.
 
-Намын дарга болох хүн Ерөнхийлөгчид нэр дэвших үү?
 
-Үндсэн дүрмийн шинэчлэлд намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх талаар ярьж байна.
 
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
 
-Н.Алтанхуяг гишүүний хувьд нэр дэвших эрхээ илэрхийлэх нь хувь хүний байр суурь. Үүнийг хориг саад тавьж болохгүй. Мэдээж АН-аас нэр дэвшихийг горилж байгаа нэг биш хүмүүс бий. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд 6 нэр дэвшигчийн сунгааг нам дотроо зохион байгуулсан. Энэ удаад ч ийм журмаар явна.
 
-АН-ыг удирдаж байсан, Ерөнхий сайд байсан хүнийг тойрсон баривчилга явагдаж байна. Энэ асуудал дээр намын зүгээс ямар тайлбар өгөх вэ? 
 
-Энэ асуудлаар нам өргөн хэлцэж байна. АН-ын лидерүүдийг үндэстэй, үндэслэлгүй мэдээллээр баривчлан саатуулах, олон нийтэд сенсаци дэгдээх асуудалд манай гишүүд санал нийлэхгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд АН энэ талаар байр сууриа илэрхийлнэ.
 
-ҮЗХ-ны хурлаар Засгийн газрыг огцруулсан хүмүүст хариуцлага тооцох талаар ярина гэсэн ч энэ асуудлыг хөндөөгүй. Их хурлаар хариуцлагын тухай асуудлыг хэлэлцэх үү? 
 
-ҮЗХ-ны хурлаар хариуцлагын тухай асуудлыг хөндөж, хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Гишүүдэд зарчмын зөрүүтэй саналууд байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ гишүүдийн дийлэнх нь энэ асуудлыг шийдэх шаардлагагүй гэсэн.
 
-Фракцгүй болохыг танай намын гишүүд шаардаж эхэлсэн. Фракцгүй болох боломж бий юу?
 
-Фракц гэдэг ойлголтыг явцуу ойлгож болохгүй. Мэдээж хувийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө нэгдсэн фракц байхгүй болох ёстой гэдэг дээр хүмүүсийн санал нэгдэж байна. Зөвхөн бодлогын хэмжээнд нэгдсэн гишүүд бүлэг байгуулах нь түгээмэл байдаг. АН-ын үндсэн дүрэмд албан ёсны ашиг сонирхлын төлөө фракц байгуулах ёсгүй гэж тусгагдаад явна. Нэг юмыг бүгд ойлгох хэрэгтэй. Бид улс орны төлөө нэгдсэн бодлогын хэмжээнд нэгдсэн нам байх ёстой болохоос хэн нэгнийг дагасан, ашиг сонирхлын төлөө нэгдсэн бүлэглэл байх ёсгүй гэдэг дээр бүгд санал нэгдэнэ гэж итгэж байна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг