sonin.mn
Гэр хорооллын айлуудыг 100 хувь орон сууцанд оруулах боломж байгааг өнөөдөр болсон “Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд онцлов.
 
Хэлэлцүүлгийг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөртэй хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр төр, хувийн хэвшлийн хамтран боловсруулсан Хямралаас Хамтдаа Хөтөлбөр буюу XXX-г танилцуулав. Уг хөтөлбөр нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэлэг аргаар хөгжүүлэх боломж гэдгийг оролцогчид хэлж байлаа.
 
Нийслэлийн хэмжээнд нийт 80 мянган айлын орон сууцыг баригдаж байгаа юм. Үүнээс 35 мянган орон сууцны барилгын ажил дууссан бол 20 мянгыг нь улсын комисс хүлээн авчээ. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд бүх салбарт 11 их наяд төгрөгийн зээл олгосноос 2 их наяд нь чанаргүй гэсэн ангилалд багтаж байна. Харин чанаргүй зээлийн дийлэнх хэсгийг барилгын компаниудын өр, зээл эзэлж байгааг НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “Смарт микро сити” илтгэлдээ дурьдав.
 
Тэрбээр, “ХХХ-ын хүрээнд гэр хорооллын өрхүүдийг бэлэн байгаа 20 мянган айлын орон сууцанд оруулж, урьдчилгаа төлбөрт газрыг нь авна. Газар авсан барилгын компаниуд тухайн түүнийгээ борлуулах эсхүл шинэ орон сууц барьж, дараагийн айлуудын газраар солих зэргээр үйл ажиллагаа явуулж, банкны өрөө дарах юм. Үүнийг хэрэгжүүлэхэд арилжааны банкууд санхүүгийн дэмжлэг, төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
 
Улмаар бүх айлыг орон сууцанд оруулсны дараа үлдэх газарт дагуул хот байгуулах боломж бүрдэх юм. Сул үлдсэн газарт дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, амины орон сууц бүхий 100 мянган айлын хороолол байгуулахаар төлөвлөж байгаа. Үүний тулд Хорвард зэрэг томоохон сургуулийн хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах аж. Тус хороололд амины орон сууц бариулах иргэдийг ипотекийн зээлд хамруулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.  Дээрх хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд агаарын бохирдлыг 80 хувийг бүрдүүлэгч гэр хорооллын асуудлыг бүрэн шийдвэрлэнэ” гэлээ.
 
Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, “Төрөөс дээрх хөтөлбөрийг судлан, хэрэгжүүлэх боломжоор хангавал хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллахад бэлэн байна. Ирээдүйдээ эрүүл, цэвэр хотыг үлдээхийн төлөө төр, хувийн хэвшил хамтран ажиллах хэрэгтэй” хэмээв.
 
Харин БХБ-ын сайд Г.Мөнхбаяр гэр хорооллын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд дулаан болон эрчим хүчний дэд бүтэц байгуулах ёстой гэдгийг онцолсон.
 
Сүүлийн 8 жилийн хугацаанд Амгалан ДЦС-ын ажлыг эхлүүлснээр өөр дэд бүтцийн ажил хийгээгүй. Харин зам талбайн уулзвар байгуулахад 200 сая ам.доллар зарцуулсан нь үр ашиггүй болсон гэдгийг сайд шүүмжилсэн. Тэрбээр дээрх хөрөнгөөр гэр хорооллын дэд бүтцийг байгуулахад зарцуулсан бол агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхэд тодорхой нөлөө үзүүлэх байсныг хэлсэн юм.
 
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх компаниудад дэмжлэг үзүүлэхийн тулд төрөөс нэн дэд бүтцийн асуудлыг шийдвэхлэж өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банк болон бусад хөрөнгө оруулагч нартай уулзаж, ярилцаж байгааг хэллээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал