sonin.mn
ВАШИНГТОН./BBC/. Шог зохиолч бөгөөд “Эллений шоу”-г хөтлөгч Э́ллен Де Же́нерес Америкийн хамгийн нэр хүндтэй шагналыг АНУ-ын Ерөнхийлөгчөөс гардан авлаа. 
 
Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахын төлөөх хөдөлгөөнд энэ эмэгтэйн оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүнд "Эрх чөлөөний одон"-г олгожээ.
 
Ерөнхийлөгчийн гардуулдаг “Эрх чөлөөний одон”-г 21 хүнд, тэдний дотор алдарт кино жүжигчин Том Хэнкс, Роберт Де Ниро, сагсан бөмбөгийн домог болсон Майкл Жордан нарт гардуулжээ.
 
Шагнал гардуулах ёслолын үеэр Б.Обама хэлэхдээ “1997 онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан нь Эллен Де Же́нерест ямар их эрсдэлтэй алхам байсныг амархан мартацгаасан байж болох юм. Гэхдээ “шудрага ёсны замд манай улсыг оруулахад”  түүний гаргасан эр зоригийг бид бүхэн мартаж болохгүй” гэжээ.
Америкийн соёл, аюулгүй байдал, гадаад дахь ашиг сонирхлыг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог дээрх шагнал нь АНУ-ын Конгрессоос олгодог “Алтан медаль”-тай дүйцэх бөгөөд иргэн хүний авч болох хамгийн нэр хүндтэй шагнал юм.
 
Б.Обама хэлэхдээ “эдгээр хүмүүс бол өнөөдрийн намайг бий болоход надад тусалсан хүмүүс юм. Энэ тайзан дээр байгаа хүн бүр маш ихээр буюу өөрсдөө ч төсөөлөхөөргүй хэмжээгээр надад нөлөөлсөн” хэмээн онцлон тэмдэглэжээ.
 
Урлагийн салбарынхнаас жүжигчин Том Хэнкс, Роберт Де Ниро, Роберт Рэдфорд, Сисли Тайсон нараас гадна Брюс Спрингстин, Диана Росс зэрэг хөгжмийн зохиолчид Америкийн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртжээ.
 
Спортын салбарынхнаас сагсан бөмбөгийн супер одод болох Карим Абдул-Жаббар, Майкл Жордан нараас гадна спортын сувгийн хөтлөгч Вин Скалли нар шагнал хүртжээ. Буяны сангаараа дамжуулан хүмүүнлэгийн үйлсэд зүтгэж буй Билл Гэйтс, Мелинда Гэйтс нар мөн "Эрх чөлөөний одон"-гоор шагнуулсан байна.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг