sonin.mn
ВАШИНГТОН./TASS/. Дональд Трампын хүргэн болох 35 настай Жаред Кушнер хадам эцгийнхээ ялалтад шийдвэрлэх биш юм аа гэхэд нэлээд их үүрэг гүйцэтгэсэн гэж Америкийн “Форбс” сэтгүүл дүгнэжээ. Уг сэтгүүлийн мягмар гарагт гарсан дугаарт “Кушнер Цагаан ордныг Трампт хэрхэн эзлэн авч өгсөн бэ?” /How Jared Kushner Won Trump The White House/  гэдэг гарчигтай материал нийтлэгдсэн байна.
 
Сэтгүүлд ярилцлага өгсөн "Alphabet" компанийн захирал, тэрбумтан Эрих Шмидт хэлэхдээ “Жаред бол сүлжээний ертөнцийг нэвт шувт мэддэг хүн. Тэрбээр сонгуулийн кампанит ажлыг байж болох хамгийн бага зардлаар явуулахын  тулд шинэ технологи ашигласан нь ялалтад хүргэсэн” гэжээ.
 
"Форбс" сэтгүүлд бичсэнээр, Трамп компьютерийн технологийг ашиглаж огт чаддаггүй боловч нийгмийн сүлжээний ач холбогдлыг ойлгож мэдэрдэг нэгэн ажээ. Кампанит ажлынх нь явцад нийгмийн сүлжээг төдийлөн үр дүнтэй ашиглаж чадахгүй байна гэдгийг гярхай анзаарсан Трамп хүргэнээсээ тусламж хүсчээ. Энэ тухай хүргэн Кушнер ярихдаа “би Цахиурын хөндийд ажилладаг найзууд руугаа утасдсан. Тэдний зарим нь тоон маркетингаар дэлхийд шилдэгт тооцогдохоор мэргэжилтнүүд байсан учраас тэднээс тусламж хүссэн” гэжээ.
 
Юуны түрүүнд тэрбээр Трамп гэдэг нэрийг брэнд болгон хувиргасан байна. Тодруулбал, сонгуулийн уриа, бэлгэ тэмдэг бүхий майк, малгай болон бусад зүйлсийг худалдсанаар өдрийн орлого 8 мянган доллар байснаа дорхноо 80 мянгад хүрчээ. Дараа нь Трампын камер руу хараад тун энгийн байдалтай ярьж буй дүрс бичлэгийг хийж, цацахын Кушнер 160 мянган доллар зарцуулсан байна. Уг бичлэгийг 74 сая хүн үзжээ.
 
Улмаар “хямд бөгөөд чанартай” гэсэн зарчмыг удирдлага болгосон Кушнер виртуаль орчинд хийгдэж бүх үйл ажиллагааг нэгтгэн зангидах болов. Энэ ажилд түүний баруун гар нь Брэд Парскейл болж байлаа. “Бид өөрчлөлт, азгүйтлээс айгаагүй, зөвхөн бүхнийг хямд зардлаар, маш богино хугацаанд хийхэд л гол анхаарлаа хандуулж байсан” гэж Кушнер ярьж байна.
 
“Төдий удалгүй өгөгдлийн баазад түшиглэн сонгуулийн кампанит ажилтай холбоотой бүх шийдвэрийг гаргах боллоо. Хаашаа ямар маршрутаар явах, сурталчилгаа байрлуулах, уулзалт цуглааныг хаана хэзээ зохион байгуулах нь үр дүнтэй вэ гэдгийг урьдчилан тооцох болсон юм” гэж тэрбээр ярилаа.
Ойрын үед Трампын хүргэн Цагаан ордонд дэд ерөнхийлөгчийн дараа орохоор нөлөө бүхий хүн болж магадгүй гэдгийг Америкийн ажил хэргийн хүрээнийхэн үгүйсгэхгүй байна.
 
Б.Адъяахүү  
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг