sonin.mn
Монгол Улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, ШУА үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэндчилгээ дэвшүүллээ.
 
Уг мэндчилгээнд, “Монгол Улсын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй үе үеийн эрдэмтэн мэргэд, эрдэм шинжилгээний ажилтан та бүхэнд орчин цагийн шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 95 жил, ШУА-ийн 55 жилийн ойн болон Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд дэвшүүлж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
 
Эрдэмтэн судлаачдын бий болгосон мэдлэг нь эдийн засгийн нөөцийн нэг чухал хүчин зүйл болж, байгалийн нөөц баялгаас илүүтэйгээр, үндэсний эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэс болж байгаа өнөө үед шинжлэх ухаан-боловсрол-бизнесийн үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг уялдуулах, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлэх, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
 
Бид шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа өнөө үед их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, багш, судлаач, соён гэгээрүүлэгч та бүхний идэвхтэй үйл ажиллагаа, бодитой санал, санаачилга, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж байна. Эрдэмтэн судлаачид та бүхнийг  Монгол орныг цаашид эрчимтэй хөгжүүлэх шинэ мэдлэгийг бий болгоно гэдэгт найдаж байна. 
 
Шинжлэх ухааны салбарын хамт олон Та бүхэнд сайн сайхан бүхний ерөөлийг өргөн дэвшүүлье. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай” гэжээ.