sonin.mn
Санхүүгийн ил тод байдлыг хангахад  төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, хөндлөнгийн хяналтын дүгнэлтийг хэр нээлттэй болгосон бэ гэдгээр  хэмжиж болно гэдгийг “Ил тод байдал-2016” форумын төлөөлөгчид онцолж байна.
 
Төрийн байгууллагын ил тод байдлын үзүүлэлт ямар байгаад судлаач, шинжээчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
 
 Азийн сан, Ил тод байдлыг дэмжих түншлэл ТББ, Канадын Гадаад хэрэг, худалдаа хөгжлийн яамны дэмжлэгээр  “Ил тод байдал-2016” форумыг “Блю скай” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулсан юм.  Тус  форумаар  Төрийн байгууллагын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, эрхзүйн зохицуулалт, түүнийг боловсронгуй болгох арга замууд,  Хууль шүүхийн байгууллагын мэдээллийн ил тод байдал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт зэрэг сэдэвт  төвлөрч ярилцлаа.
 
Сангийн яамны Төрийн сангийн газрын хэлтсийн дарга Б.Отгонцэцэг  төрийн байгууллагын ил тод байдлын тухай ярихдаа олон улсын жишээг татсан юм.
 
Тэрээр “Дэлхийн улс орнуудын мэдээллийн ил тод байдлын индексээс үзэхэд 10 хувь нь л мэдээллээ ил болгосон гэдгийг “Open data” судалгааны байгууллага гаргажээ.  Ихэнх улс орнуудын  Засгийн газрууд  хүрээлэн буй орчин,  эрүүл мэндийн талаарх мэдээллийг нээлттэй болгосон  байна. Хөгжиж буй 10 орон мэдээллээ ил тод болгох талаар оролдлого хийж буйг дээрх судалгаанд онцолжээ.
 
 
 Олон улсын байгууллагын судлаачдын үзэж буйгаар өнөө цаг төрийн байгууллагууд ил тод байхын тулд юуны өмнө мэдээллээ  боловсруулах, хүртээмжтэй тогтмол мэдээллэх, ухаалаг систем буюу гар утаснаас  унших боломж бүрдүүлэх,  дахин боловсруулах буюу ашиглах боломжоор хангах нь чухал гэдгийг судлаачид хэлсэн. Мөн дээрх байгууллагаас  мэдээллийн ил тод байдлыг томъёолохдоо ядуурал тэгш бус байдал нь орлоготой холбоотой ч мэдээлэлтэй байх асуудал нь бүхний эхлэл гэдгийг тодотгосон” гэлээ.
 
Харин манай улсын хувьд төрийн байгууллагуудын нээлттэй байдал өмнөх үеэс дээрдэж байгаа ч хүнд хэрэгтэй мэдээлэл нь хомс, учир дутагдалтай байгааг  төлөөлөгчид тодотгож байна.
Форумын үеэр “Ил тод байдал сан” ТББ-ын  гүйцэтгэх захирал Д.Цэрэнжаваас дараах асуултад хариулт авлаа.
 
 
-“Ил тод байдал-2016” форум төрийн байгууллагыг нээлттэй болгоход  ямар үр дүн авчирна гэж та үзэж байна вэ?
 
- Монгол Улс  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиа батлаад яг  5 жил 5 сар болж байна.  Хуулийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар талууд хоёр өнцгөөр тайлбарладаг. Төрийн  зүгээс орон нутгийн хөгжлийн сан байгуулсан,  Шилэн дансны тогтолцоо бий болсон гээд хууль эрхзүйн талаас нь тайлбарладаг .  Харин гудамжинд явж буй иргэнээс  та төрийн байгууллагаас хэрэгтэй мэдээллээ авч  чадаж байна уу гэж асуухад  ихэнх нь үгүй гэдэг.
 
Нэг талаасаа төрийн зүгээс ажил хийж байгаа. Нөгөө талаасаа иргэд үнэхээр мэдээллийг бүрэн гүйцэд авч чадахгүй байгаа.  Ийм хоёр туйлыг нэг уулзварт хүргэхийн тулд 14 ТББ-ыг  нэгтгэсэн  “Ил тод байдлыг дэмжих түншлэл”-ээс дээрх форумыг зохион байгуулж буй юм. “Төрийн байгууллагуудын ил тод байдал” ямар байгааг дүгнэж хэлэлцэхэд “Ил тод байдал -2016” форум тусална гэж ойлгож болно.  Бид  энэхүү форумыг нэг удаа  зохион байгуулаад орхихгүй.  Жилд хоёроос цөөнгүй удаа зохион байгуулж, талуудын оролцоог идэвхжүүлэн, санал бодлыг сонсоно.
 
- Шилэн дансны тухай хуулийг баталсан нь хаалттай эдийн засгийг нээлттэй болгоход  дөхөм болсон ч төдийлөн биелэлээ олохгүй байгааг төлөөлөгчид хэлж байна.   Хуулинд  тухайн байгууллагын орлого, зарлагыг  5 саяас эхлэн мэдүүлэхээр тусгасныг зарим иргэд шүүмжилдэг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Энэ бол яах аргагүй  хөндөх асуудлын нэг. Шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулахад 1 сая төгрөгийн орлого, зарлагыг  мэдээллэхээр тусгасан. Гэтэл УИХ дээр энэ босгыг  нэмсэн. Тухайн үед  5 саяас доошхи гүйлгээг  тавих нь эмх замбараагүй болно. Бичгийн цаасны зардлыг  хүртэл  тавих нь зохимжгүй хэмээн  тайлбарласан.  Би үүнтэй санал нийлдэггүй.  Нэгэнт мэдээллийг ил тод байлгаж байгаа юм бол бүх мэдээллийг нээлттэй болгох ёстой.   
 
Тиймээс хуулинд дахин өөрчлөлт оруулах хэрэгтэй. Зарим байгууллагууд  5  саяас дээшхи орлого, зарлагыг ил тод байлгана гэсэн заалтыг ашиглан 8 саяын гүйлгээг 2  тасалж  мэдээллэх  явдал гарч байгаа. Тиймээс босго тавих асуудлыг цэгцлэх ёстой.  Ер нь Төрийн байгууллагын хөрөнгө мөнгөтэй холбоотой бүх тогтоол шийдвэрийг  ил тод болгох ёстой.  Тухайлбал  төрийн байгууллагын удирдлагуудын захирамж, тогтоол,  тушаал ил тод болсноор хардалт, сэрдэлт үүсэхгүй.  
 
Улсын нууцтай холбоотой асуудлыг нь тайлбартай өгч болно шүү дээ.  Тухайлбал Улаанбаатар хотын ЗДТГ өнгөрсөн 4 жилд Шилэн дансны тухай хуулийг маш сайн хэрэгжүүлсэн. Ulaanbaatar.mn сайтад бүх зүйлийг ил тод болгосон.  Гэтэл энэ байдал сүүлийн үед  саарчихлаа.  Шинэ хотын даргын гаргасан тушаал шийдвэрийг сайтанд  алгасаж тавих болсныг албан тоотоос нь харж болно.  Эхнээсээ яагаад алгасаад байна вэ гээд иргэд  хардаж  байна шүү дээ.
 
-Төрийн байгууллагуудын вэб сайт руу ороход ихэнх мэдээлэл нь хуучирсан байдаг. Та иргэн хүнийхээ хувьд ямар мэдээллийг төрийн байгууллагууд өгөх ёстой гэж үздэг вэ?
 
-Ихэнх төрийн байгууллагууд ил тод байх явдлыг сурталчилгаа гэж ойлгодог. Төрийн байгууллагуудын вэб сайт руу ороход  үйл явдлын мэдээлэл зонхилдог. Харин иргэд тодорхой зарцуулалтууд , эгзэгтэй шийдвэр, захирамж, тогтоол, томилгоог илүүтэй сонирхдог шүү дээ.  Тиймээс төрийн байгууллага иргэндээ хүрсэн мэдээллийг хүргэхийн тулд энэ  зарчмын зөрүүг арилгах ёстой. Мөн Төрийн байгууллагууд иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн саналыг авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь тэдний ажлыг нээлттэй болгоход дэм болно.
 
 Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг