sonin.mn
Энэ сарын 26-нд тохиож буй Бүгд Найрамдах улс тунхагласны баярын өдрийг баасан гарагт шилжүүлж, тэмдэглэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 
 
УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан. Улс тунхагласны өдрийг "нийтээр тэмдэглэх баяр" болгосноор нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг болсон юм.
 
Энэ жилийн хувьд Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байгаа. Тиймээс 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлэн, бүх нийтээр амраах талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийд гаргалаа.
 
Ингэснээр энэ баасан гарагт бүх нийтээр амарч, Улс тунхагласны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх боллоо. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг