sonin.mn
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНУ-аа тунхагласны 92 жилийн ойд Судлаач, доктор Д.Хоролдамбатай ярилцлаа.
 
-Саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байсныг сэргээлээ. Хүмүүс янз янзаар л ярьж, бичих юм. Үүний түүхэн үндэслэлийн талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
 
-Энэ талаар үнэн бодит, нэг мөр ойлголттой болох нь түүхийн шинжлэх ухаанд хэрэгтэй. Түүнийгээ өргөн түмэнд хүргэх нь эх оронч ухааныг залуу үеийнхэнд төлөвшүүлэх, үндэсний өв соёл, өвөг дээдсийнхээ амьдрал тэмцлийн замналыг танин мэдэхэд тустай юм.
 
Тийм учраас анхаарлын гадна орхиж болохгүй, маш чухал түүхэн үйл явдал мөн. Яагаад гэвэл 1924 оны 11-р сарын 26-нд шинэ Монгол улс анх Үндсэн хуультай болж, Бүгд найрамдах улсаа тунхагласнаар түүхэн хариуцлагатай, маш эгзэгтэй цаг үед умард, өмнөд хоёр хөршийнхөө улс төр, дипломат явуулгын хайчин галаас өөрийнхөө тусгаар тогтнолыг хамгаалах чухал арга хэмжээ авч чадсан гэж үзэх үндэстэй. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Бүгд найрамдах засаглал тогтоох арга замаар тунхаглан зарласан түүхийн онцгой ач холбогдолтой үйл явдал юм.
 
-Хоёр хөрш маань манай улсын тусгаар тогтнолд аюул заналхийлж байсан гэсэн үг үү?
 
-Та бидний яриа 1920-иод онтой холбогдож байна. Тухайн үед олон улсын харилцааны байдал тун ярвигтай, монголын тусгаар тогтнол нэн эгзэгтэй,  амаргүй нөхцөл байдалд    байсан шүү дээ. Ялангуяа, Анхдугаар Богд Өндөр гэгээний найм дахь дүрийн Богд Жэвзүндамба хутагт хаан 1924 оны 5 дугаар сарын 20-нд таалал төгсөнгүүт хоёр хөрш монголын тусгаар тогтнолыг хөсөрдүүлэн цуцлах тохиролцоонд хүрсэн.
 
Өөрөөр хэлбэл  манай улсын хувь заяаг хоорондоо яриад л шийдэх болж. Тухайлбал, Зөвлөлт Орос Улс, Хятад хоёр улс хоорондоо хэлэлцэж байгаад 1924 оны 5 дугаар сарын 31-нд "Асуудал зохицуулах ерөнхий зарчмын тухай" гэх хэлэлцээр байгуулжээ. Уг хэлэлцээрийн 5 дугаар зүйлд “Гадаад Монголыг Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ЗСБНХУ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Монгол нутагт Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ" гэж шууд зааж өгчээ.
 
-Арай ч дээ, үнэмшихэд бэрх юм?
 
-Тиймээ, үнэхээр цочирдом байгаа биз. Гадаад Монгол гэж манай улсыг хэлж байгаа юм. Түүнээс өмнө ч Зөвлөлт Орос Улсын Гадаад хэргийн ардын комиссар, өнөөгийнхөөр бол Гадаад яамны сайд Г.Чичерин монголыг тусгаар тогтнуулах гэвэл Хятад улс дургүйцнэ гэх утгатай үг хэлж байжээ. Тэрээр, Монголын элчин төлөөлөгч Давааг 1923 оны 11 дүгээр сарын 15-нд хүлээн авч уулзаад "манай улс 400 сая хүнтэй Хятадтай найрамдахыг хүсэх нь маш чухал" гэдгээ мэдэгджээ. Бүр 1921 онд ч Зөвлөлт засаг бага буурай монголын эрх ашгийг огоорч хоёр нүүрт бодлого явуулж л байсан.
 
Тэд Хятадын ашиг сонирхолыг дээгүүрт үздэгээ илэрхийлж, Зөвлөлтийн Шумяцкий, Чичерин, Карахан зэрэг улс төрчид МАН, Засгийн газрыг Хятадаас тусгаарлах тухай асуудал битгий хөндөж бай! хэмээн зааварлахыг оролдож байж. Гэвч МАН-аар удирдуулсан манай эх орончид улс орныхоо тусгаар тогтнолын төлөө чөмгөө дундартал зүтгэж, бүхий л бололцоог дайчлан тэмцэж байлаа. Гэтэл ЗХУ, Хятад улс манай улсын ашиг, сонирхолыг шууд золиослон, наймааны аргаар хэл амаа ололцож дипломат харилцаа тогтоон, Монголоос зөвлөлтийн цэргийг 1925 онд гаргасан байдаг.
 
-Монголын тусгаар тогтнолыг хоёр хөрш гаргуунд нь гаргасан юм байна шүү дээ. Үүний хариуд монголын улс төрчид ямар арга хэмжээ авсан бэ?
 
-Хойд, урд хоёр хөрш өөр өөрсдийн ашиг сонирхолоо хангахын тулд монголыг золиослох эзэрхэг бодлогоосоо огт салаагүйг манай улс төрчид мэдэж байсан. Тэр нөхцөлд улс төрчдийн өмнө тусгаар тогтнолоо хэрхэн авч гарах нь нэн тэргүүний тулгамдсан зорилт болж хувирсан. Хоёр хөршийн дээрх тохиролцооноос болж 1921 оноос хойш гуравхан жилийн дотор тусгаар тогтнолын асуудал, дотоод, гадаад нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөж, орвонгоороо эргэсэн хэрэг шүү дээ.
 
-Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг Зөвлөлт Улс хүлээн зөвшөөрсөн, түүний эсрэг  эцэг өвгөд маань 1920-иод онд хэрхэн тэмцсэн түүхийг хүмүүс бараг мэддэггүй болохоор  11 сарын 26-ны баярын үнэ цэнийг зарим нь сайн ойлгодоггүй юм шиг санагдлаа!
 
-Бараг тийм. Асар хүнд нөхцөлд Ардын Засгийн газар, МАН-ын  бодлого, үйл ажиллагаанаас Монгол улсын ирээдүй шалтгаалах болоод байв. Байдал түгшүүртэй болсон тэр нөхцөлд Монгол улс оршин тогтнож байгаа, цаашид ч орших болно гэдгийг Бүгд найрамдах Засаглалыг тогтоох хэлбэрээр дэлхий дахинаа тунхаглан зарлахыг Монголын эрх баригчид эрхэмд үзсэн.
 
Энэ бол туйлын зөв бодлого. Ерөнхий сайд Б.Цэрэндорж: "Бидэнд тусгаар тогтнол гэсэн ганц л хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрөөс ухарна гэдэг бол байж болшгүй зүйл мөн гэж эрс мэдэгдэж байв. Ийм үед Бүгд найрамдах засаглалыг Монгол Улсад тогтоон хэрэгжүүлэх үзэл санаа улс төрийн бодлогод гол байр суурь эзлэх болсны илрэл нь 1924 оны 6 дугаар сарын 3-нд МАН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаас монголд Бүгд Найрамдах засаг тогтоох шийдвэр гаргасан явдал юм.  
 
Түүнээс дөрөв хоногийн дараа хуралдсан Намын Төв Хорооны бүгд хурлаар тэрхүү шийдвэрийг хэлэлцэн баталж, "харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, Да Жунтан гэдэг их ерөнхий даргыг сонгохгүй, улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална" гэсэн шийдвэр гаргажээ. Үүний дараа тухайн үед хууль тогтоох эрх мэдлийг давхар хэрэгжүүлж байсан Ардын Засгийн Газар 1924 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлаараа Монгол улсад Бүгд Найрамдах байгуулал тогтоох тухай түүхэн шийдвэр гаргаад, нөгөөдөр нь олон нийтэд зарлаж, баяр ёслол хийжээ.
 
-Энэ бас чухал мэдээ санагдлаа, манай улсад Бүгд Найрамдах Засаглал тогтсон гээд 92 жилийн өмнөөс тэмдэглэх болсон байна шүү дээ?
 
-Тэгэлгүй яахав, 11 дүгээр сарын 8-нд БНМАУ-ын Анхдугаар Их Хурлыг Нийслэлд зарлан хуралдуулав. 77 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй Их хурал 11 дүгээр сарын 28 хүртэл 20 хоног хуралджээ. Засгийн газар, яамдаас 1921-1924 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, аймаг, шавь, зарим хошуудын илтгэлийг хэлэлцэн, Засгийн газраас гаргасан хууль дүрмүүдийг баталсан. Хурлаас цаашид Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засагт гүн ул мөрөө үлдээсэн шийдвэрүүдийг гаргасны нэг нь Монгол улсын Үндсэн хуулийг төслийг хэлэлцэн баталж, БНУ-аа тунхаглан зарласан явдал бол тус хурлын ажлын хамгийн гол үр дүн байлаа.
 
Үүнээс өмнө Үндсэн хуулийн төсөл боловсруулж, парламентат тогтолцоог үүсгэж байсан гэдэг. Энэ тухай та тодруулна уу!
 
-Зарим судлаачийн улс төрийн өнгө аясаар хийсвэрлэн ярьж, бичдэгчлэн гэнэтхэн хойд хөршөөс хуулийн бэлэн төсөл авчраад хэдэн бүдүүлэг малчдаар батлуулчихсан юм огт биш, эх орончдоо тэгэж басан доромжилж болохгүй л дээ. Үндсэн хуультай болох талаар монголчууд 10 жилийн өмнөөс ихээхэн санаачлагатай ажиллаж байсан юм. Үүнийг 1920-иод оны улс төрчид, МАН-ын эх орончид ямар нэгэн хэмжээгээр соргог тусган авч, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байсан байдаг.
 
Энд юуны өмнө Монгол улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Монголд эрх зүйт төрийн тогтолцоо бий болгох суурь алхмууд хийснийг зориуд тэмдэглэх ёстой. Тэр монголд төр, эрх зүйн шинэтгэл хийх алсын хараатай шинэтгэлийн бодлого явуулсан Ерөнхий сайд юм. Төрд зүтгэхэд түшиг болох хүмүүсийг сонгохдоо эрдэм чадлаар нь гол шалгуур болгож Ж.Цэвээн зэрэг бичгийн түшмэдийг төрийн албанд ашиглаж, хүчийг нь дайчлан ажиллуулсны ачаар их ажил амжуулж чадсан төрийн мэргэн сайд шүү дээ.
 
-За, ганц хоёр жишээ баримт хэлнэ үү?
 
-Тухайлбал, Сайн ноён хантан Ж.Цэвээнд тусгай үүрэг даалгавар өгч, мөнгө санхүүгийн талаар ч дэмжиж Өрнө, Дорнын хөгжилтэй улс орнуудын Үндсэн хуулийн эрх зүйн талаар харьцуулсан судалгаа хийлгэсний ачаар Монголын улс төрч, эрдэмтэн түшмэд дэлхий дахины шинэтгэлийн үзэл санаа, парламентат ёс, Үндсэн хуулийн үзэл санаа монголын нийгмийн амьдралд дэлгэрч хэрэгжихэд ихээхэн түлхэц үзүүлсэн “Улсын эрх”  гэдэг ширээний номтой болсон юм.
 
Ингээд 1914 оны эхээр  “улс төрийн аливаа хүнд хэргийг бүгдээр нийлж шүүмжлэн хэлэлцэж, олны бодлыг нийлүүлэх” зорилготой Улсын Дээд, Доод 2 танхимтай хурал байгуулсан. Энэ тухай  “хурлын тэргүүн, төлөөний хүнийг энэ удаа сонгон гаргасангүй хэмээвч  харьяат сайд,түшмэд нийтээр газар орны байдлын төлвийг мэдэж чадах тул урьдаар Улсын Дээд, Доод хэмээх хоёр хурлыг үүсгэн шийтгэсүгэй” гэжээ. Энэ нь яваандаа сонгуулийн ардчиллыг монголд үүсгэх  санаа, зориг агуулж байсан. Энэ мэт нь уг чанартаа ирээдүйн Монгол улсын эрх зүйн систем, төрийн байгуулалтын талаар санаа тавьж, тодорхой үзэл баримтлал, зорилго чиглэлтэй байсны нотолгоо юм.
 
1919 онд Сайн ноён хантан  Богдын ордонд хорлогдон амь үрэгдэж, хятадын генерал Сюй Шүчжений хар цэрэгт Нийслэл хүрээ эзлэгдэн үймсэн хүнд хэцүү нөхцөлд 1920 оны эхээр  хэсэг эх орончид Сюй Шүчжений хаалганд наасан ухуулах бичигтээ “дэлхий дахины олон гадаад улсын адилаар сонгож байгуулах засгийг явуулна” гэсэн нь хэтдээ парламентын Бүгд найрамдах улс байгуулна гэсэн хүсэл зоригийг илэрхийлсэн хэрэг гэж эрдэмтэд үздэг юм.
 
-Yнэхээр хоорондоо нягт уялдаа холбоотой түүхэн үйл явдлууд юм. Тэгэхээр  1910-20-иод оноос Үндсэн хуульт парламентат ёсны   үзэл санаа монголд байсан байх нээ?
 
-Түүхэн үндэстэй. Дараа жил нь буюу 1921 оны 10-р сарын 10-нд С.Данзан даргатай МАН-ын Төв хороо, Д.Бодоо тэргүүтэй Ардын Засгийн Газар хамтран хуралдаж, ардын эрхтэй хэмжээт Засгийн гол үндсэн хууль, дагаж явах дүрэм хэмжээг тусгай комисс гарган журамлан шийтгүүлэхээр тогтсон байдаг. Ер нь монголын сэхээтнүүд энэ асуудалд ихээхэн анхаарч, буурьтай бөгөөд ажил хэрэгчээр хандаж байсны илрэл бол Д.Бодоогоос гадна Ж.Цэвээн Үндсэн хуулийн төсөл боловсруулсан юм. Ж.Цэвээний Үндсэн хуулийн төсөлд “ард түмний сонгож олсон төлөөлөгчид чуулж бүх улсын хуралдаан байгуулан бүх улсын дээд эрхийг баримуй” гэсэн байдаг. Энэ санаа бол дээр дурдсан “Улсын эрх” бүтээлд нь бас бий.
 
-Ардын Засгийн Газраас байгуулсан комиссын цаашдын үйл ажиллагаа юу болсон бэ?
 
-Тэрхүү комисс та бидний сайн мэддэг Богд хаантай байгуулсан Тангарагийн гэрээнээс эхлээд “Хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль” гэсэн анхны хувилбарыг боловсруулжээ. Дараа нь Засгийн Газрын 1922 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор Шүүх Яамны сайд Магсаржав хурцаар ахлуулан Үндсэн хууль боловсруулах үүрэгтэй дагнасан комисс байгуулж. Үүнд Судар бичгийн хүрээлэнг татан оролцуулж, Англи, Швед, Бельги, Голлланд зэрэг улс орнуудын Үндсэн хуулиас орчуулган хэрэглэх зэргээр нилээд ажил хэрэгч байсан ч мөн оны эцсээр татан буулгаж, заасан үүргийг Засгийн Газрын “Хууль цааз эмхлэх хэлтэс”-т шилжүүлжээ.
 
-Яагаад тэр билээ?
 
-Үүний нарийн учир нь хөрөнгөтөн орнуудын хуулийг голчилж, ЗХУ, Коминтерний хүсэл зоригийг бага тусгасан хувилбар гарч ирэхээс сэргийлсэн шийдвэр гэж үздэг. Түүний дараа 1924 оны 10-р сарын 24-ний 39-р тогтоолоор Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан бас нэг комиссыг шинээр байгуулсан байдаг.
 
-Б.Цэрэндоржоор ахлуулсан нь ямар учиртай юм бол?
 
-Тэр үед Ерөнхий сайд байсан л даа. Дашрамд хэлэхэд, Сайн ноён хантан төрийн албанд зөвхөн мэдлэг чадварыг нь гол шалгуур болгож түшмэдийг сонгон ажиллуулах зарчим баримталж байсны хувиар Б.Цэрэндорж гуайг ихэд үнэлж,  өөрийн эзгүйд Ерөнхий сайдын албаа түр орлуулж, улс төрд анх гаргаж ирсэн түүхтэй. Уг комисс Зөвлөлтийн Үндсэн хуулийг үлгэр жишээ болгохын хамт 1921-1924 онд ардын төрөөс явуулсан бодлого, үйл ажиллагааны туршлага, өөрийн улс дахь Үндсэн хуулийн чанартай эрх зүйн актуудыг хамруулан боловсруулжээ.
 
-Бидний ярьж байгаа сэдэв манай улсын тусгаар тогтнолын түүхэнд үнэхээр чухал болох нь таны ярианаас тодорхой ойлгогдож байна. Анхдугаар Үндсэн хуулинд гадны нөлөө орсон эсэх, сул тал ч гэдэг юмуу, энэ талаар яриагаа үргэлжлүүлвэл та юу хэлэх бол?
 
-Ардын засгийн газрын 1924 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 39 дүгээр хуралдаанаар Үндсэн хуулийг зохиох комиссыг Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Элбэгдорж Ринчино, П.Всевятский, Гомбо Бадамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, "басхүү өөр боловсронгуй хүмүүсийг урин авч хэрэглэх" эрх олгож, уг төслийг боловсруулахыг даалгажээ Энэ комисст Коминтерний төлөөлөгч Т.Рыскуловыг нэмж оруулсан.
 
Тиймээс ЗХУ-ын коммунист намын үзэл онол, тулгалт нөлөөлөх нь мэдээж. Үнэнийг үгүйсгэхийн тулд үгүйсгэж болохгүй, дэнсэлж үзэх ёстой. Зарим судлаачын хэлдэгчлэн гадны хуулийн шууд хуулбар гэж үзвэл өрөөсгөл болно. Ололт, дэвшил, алдаа эндлийн аль алийг агуулсан. Гэхдээ нийгмийг жинхэнэ ард, хуучин ван гүн явагсад гэх мэтээр дотор нь эсрэг тэсрэг ангид хувааж ялгаварлан гадуурхсан заалт тусгасан нь марксист онол номлолын тусгал яах аргагүй мөн. Энэ заалт ноёд тайж, лам нар, чөлөөт худалдаачид гээд нийгмийн тэргүүлэх хэсгийг хэлмэгдүүлэн хилстүүлэхэд нэрмээс болсон гэдгийг үгүйсгэж болохгүй.
 
Өөрөөр хэлбэл ард түмнийхээ нэг хэсэг рүү ноёд, феодал хэмээн гадуурхан хялайн үзэхийг хуульчилж өгсөн гээд алдаатай, сургамжтай зүйл бий. Тиймээс ч  энэ мэтийг тооцсон манай улс төрчдийн дунд өөрийн орны хөгжлийн зам, төрийн бодлого, хэтийн чиг баримжааны  асуудлаар санал зөрөлдөөн гарч байсан нь зүйн хэрэг. Гэвч уг хуулийн ололттой тал нь их юм.
 
-Цагийн юм цагтаа гэдэг. Бас хүчтэний өмнө хүчгүй нь бөхийх гэдэг л болсон юм биш үү? Энэ чинь тухайн үеийн улс төрчид тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө хийсэн алдаа, оноотой ч шатрын нэг нүүдэл л юм байна шдээ !?!
 
-Тухайн нөхцөлд монголчууд өөрсдийн дур зоргоор, жишээлбэл Д.Бодоогийн болон Ж.Цэвээний боловсруулсан Үндсэн хуулийн төслийн дагуу бодлогоо тодорхойлон Үндсэн хуулиа хийж гаргах боломж маш хязгаарлагдмал, үндсэндээ өөр сонголтгүй байсан хэрэг. Төслийг боловсруулах ажил 11 дүгээр сарын 7-нд дуусч, Засгийн газарт өргөн барьжээ. Дахин хэлэхэд тухайн цаг үеийн олон улсын харилцааны байдал, умард, өмнөд хөршийн бодлого, манай улс дахь нөлөөлөл зэргийн аль алинийг дэнсэлж, ерөнхийд нь авч үзвэл яриангүй, ахиц дэвшил болсон гэж үзэх үндэстэй юм.
 
Ингээд 11-р сарын 26-ны морин цагт нээсэн тэр өдрийн хуралдаанаар Анхдугаар Үндсэн хуулиа бүхэлд нь зүйл нэг бүрээр хэлэлцэж гүйцээд 16 цаг 15 минутад санал нэгтэй баталсан түүхтэй. Үндэсний Аюулгүй Байдлын гадаад орчин эрс хүндэрч, манай улсын тусгаар тогтнолыг хоёр их хөрш үгүйсгэн, гэрээ эрх зүйн ноцтой тохиролцоонд нэгэнт хүрсэн тэр хүнд эгзэгтэй үед Үндсэн хуультай болж БНУ-аа тунхагласан нь монголын улс төрчдийн зүгээс явуулсан хариу бодлого, тэмцлийн үр дүн гэж ойлгох хэрэгтэй. Тийм болохоор энэ өдөр бол монголын ард түмний тэмдэглэх ёстой баярын өдөр мөн байгаа биз дээ.
 
-За, ойлгомжтой тайлбар байна. Үндсэн хуулийн онцлог заалтууд болон агуулгын талаар тодруулж өгнө үү?
 
-Анхны юм болгон алдаа, оноотойгоо сэтгэлд хоногшно гэдэг. Хэдийгээр, тухайн цагийн гол өмөг түшиг орны заавар, нөлөө ихээхэн тусгагдсан ч гэсэн манай улс анх удаа Үндсэн хуультай болсон юм. Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлд: "Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаас сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино" гэжээ.
 
Хоёрдугаар зүйлд: БНМАУ-ын зорилт бол "хуучны ззэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлэн, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ" гэжээ. Хуулийн энэ заалтууд Монгол улс бол бүрэн эрхтэй, Бүгд Найрамдах Улс мөн болохыг тунхаглан зарлаж өгсөн. Түүнчлэн засгийн эрх ард түмний, тэр дундаа нийгмийн олонхи болсон эгэл ард түмний мэдэлд байхыг хуульчлан тогтоож өгсөн юм. Түүнээс гадна Монгол улсын төрийн байгууллын тогтолцоог хуульчлан тодорхойлсон.
 
-Ямар байдлаар зааж өгсөн бэ?
 
-Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлд: БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд, түүний чөлөө цагт Бага Хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулна гэж заажээ. Уг хууль ёсоор Улсын Их Хурлаас 30 гишүүнтэй Улсын Бага Хурлыг байгуулжээ. УБХ нь аливаа хэргийг хянан байцаах, Үндсэн хуулийг өөрчлөх, батлах гээд хууль тогтоох болон Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, чиглэл өгөх зэрэг эрх мэдлийг хэрэгжүүлдэг болсон. Мөн улсын бүх орлого, зарлагын төсөвлөсөн дансыг батлах үүргийг хэрэгжүүлэх болжээ. Уг хуулиар  “Засгийн газар бол тус улсыг Ерөнхийлөн захирах газар мөн” гэж эрх үүргийг нь тодорхойлжээ. Миний бодоход тэр тогтолцоо, 1990-ээд оны эхээр ч  АИХ, УБХ бүхий тогтолцоог манай улс сэргээн хэрэглэж байсан, тэр нь Монголын нөхцөлд үр өгөөжөө өгсөн гэж бид үздэг.
 
-Үр өгөөж чухал л даа!
 
-Өвгөдийн туулсан түүхээс алдаа оноог нь дэнсэлж, авахыг нь авах хэрэгтэй гэдэг. Улсын Их Хурлын төлөөлөгчдийг олон шатны хурал буюу арван гэр, баг, сум, хошуу, аймгийн төлөөлөгчдийн хурлаас шат дараалан сонгож байхаар тогтоожээ.
 
Ингэснээр БНМАУ парламентын засаглалтай улс болсон юм. Үнэхээр манай төр, эрх зүйн сэтгэлгээний бас нэг ололт, жинхэнэ ардчилал, шударга ёс харьцангуй сайн төлөвшиж байсан түүх учир цаашид эрх зүйн тогтолцоонд зарим санааг тусгууштай санагддаг. 1924, 1940, 1960 оны хуулиудад  санаа, оноо авч болохоор олон зүйл тусгалаа олсон. Сайн нь ч, муу нь ч миний багш гэсэн мэргэдийн сургаалийг санах хэрэгтэй.
 
-1924 онд манай улс парламентын засаглалтай улс болсон нь нэг талаар бахархмаар санагдана. Үнэхээр ардчилалын салхи тэртээ зуугаад жилийн өмнө сэвэлзсэн гэхэд тун сонирхолтой байна?
 
-Бүр тодруулбал, ард түмэн өөрсдөө хүн төрөлхтний нийтлэг чиг хандлагын дагуу удирдлагаа хэрэгжүүлдэг ардчиллын төлөөллийн хэлбэр тогтсон юм. Нэг ёсондоо хүн амын дийлэнхи харц ардууд эрх чөлөөтэй, ардчилалтай болж, Монгол улсад ардчилсан засаглал тогтсон юм шүү дээ. Сонирхолтой зохицуулалт байгаа биз. Түүний үрээр наанадаж сонгох, сонгогдох эрхээ чөлөөтэй хэрэгжүүлдэг болсон. Зэрлэг капитализмын өнөө үе шиг мөнгө авилга, хахуулиар, ажил, албан тушаалд орно гэсэн ойлголтгүй болсон, үнэхээр бахархмаар, өнөө цагийнхан зарим талаар “атаархам” олон сайхан ололт дэвшил бий болсон доо.
 
Энэ мэт ардчилсан өөрчлөлтыг манай төрийн бодлоготнууд 1921 оноос хойш 7,8 жил хэрэгжүүлсэн. Үүний ачаар монголын нийгэм улс төр, эдийн засаг, оюун санааны хувьд ихээхэн ахиц дэвшлийг бий болгосон. Харамсалтай нь Зөвлөлтийн удирдлага монголын геостратеги, геополитикийн ашигтай давуу талыг ашиглаж  атгаж байхын тулд монголд 1928-29 онд Төрийн эргэлт хийснээр тасалдсан. Энэ бол өөр түүх болоод явчихна. Энэ тухай манай нэрт эрдэмтдийн нэг бурхан болооч профессор Ч.Дашдаваа тусгай ном бичиж, нийтлүүлсэн шүү дээ. Ер нь 1920-30-аад оны түүх маань халуун эх орончдын тусгаар тогтнолын төлөөх амьдрал тэмцлийн маш хүнд түүх учраас бид үеийн үе, үрийн үрдээ дээдлэн дурсаж, хүндэтгэлтэй хандаж явах ёстой юм.
 
Монголчуудын оюун санааг нэгтгэсэн хүчирхэг үзэл суртал идеалоги байх ёстой. Туулсан түүхээ мэддэггүй, өвөг дээдсийнхээ төрт ёсны их бодлогыг гүйцэд таниагүй улс төрч харамсалтай нь олон болж. Өөрийн гэсэн бодлогогүй улс орон бусдын тулгасан, санал болгосон бодлогыг хүлээн авч хэрэглэгч нь болчихвол харийн гүрний бүрэн хараат болдог нь түүхийн жам. Ардчилал нэртэй давалгаа, халхавчаар юу болоод байнаа, эргэлзэх, эргэцүүлэх хэрэгтэй, ард түмэн минь.
 
-Тэгэхээр одоогийн парламентат ёсны тогтолцоо 1920-иод онд манай улсад тогтсон гэж Та үзэж байна уу?
 
-Монголын түүхэнд төлөөллийн ардчилал, парламентат ёсны тогтолцооны хөгжил 1920-иод онд зарим талаар одоогийнхоос ч илүү байсан тухай та бид ярилаа. Хүмүүс гайхах байх. Арван гэрийн хурал хийж, ардууд өөрсдийн дундаас хамгийн боломжийн зөв хүнээ сонгоод багийн хуралд, багаас сумын хуралд, сумаас хошууны хуралд, хошуунаас улам шигшигдсээр аймгийн хуралд, аймгаас Улсын Их Хуралд төлөөлөгч сонгон ажиллуулах болсон юм.
 
Энэ бол маш шударга, нэгдмэл тогтолцоо мөн. Тэрхүү Үндсэн хуулийн ачаар ардууд өөрсдийн эрхээ төрийн байгууллагуудыг сонгон байгуулж, ажлын нь тайланг сонсож, зөв бурууг нь хурлаар чөлөөтэй шүүн хэлэлцдэг болсон юм. Хэнээс ч айж, эмээхгүй, санал, шүүмжлэлээ дээр доргүй чөлөөтэй илэрхийлэх явдал 1930-аад оны их хэлмэгдүүлэлт хүртэл үргэлжилснийг зориуд тэмдэглэе. Тодруулбал, монголд улс төрийн ардчилал 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үеэс 1930-аад он хүртэл одоогийнхоос зарим талаар илүү өргөн дэлгэрээд байлаа. Үүний үрээр улсын дээд эрхийг тухайн нийгмийн хамгийн хөдөлмөрч, ухаалаг, зөв хүмүүсээс бүрдсэн УИХ барих болсон байна. Энэ нь Монгол улсад төлөөллийн ардчилсан засаглал  тогтсоны нотолгоо мөнөөс мөн.
 
Өөрөөр хэлбэл, өнөөгийн зарим улс төрчдийн АНУ, Англи зэргээс сурч ирсэн шинэ юм мэтээр ярьдаг  “шууд ардчилал” гэгчийг монголчууд аль эрт Хүннүгийн үеэс эхлээд эзэн Чингис хаанаар дамжуулан 1920-иод онд мэддэг, мэдэхээр барахгүй амьдралдаа хэрэгжүүлж чадсан түүхтэй юм.  Гэтэл хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн гэх өнөө үед хий дэмий ардчилал гэж улс төржсөөр сонгуулийн үед баахан хэрүүл хараал болж байгаа нь харамсалтай хэрэг, ерөөс хоёр наран гарваас худгийн ус ширгэнэ, хоёр хаан сууваас улсаа барна гэсэн мэргэдийн үг үнэн шүү дээ.
 
-Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол юу вэ?
 
-Юуны өмнө Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаг тогтсон нь монголын нийгэм, улс төрийн тогтолцоонд төдийгүй эдийн засаг, соёл, боловсрол гээд нийгмийн бүхий л хүрээнд нөлөөлөхүйц цоо шинэ үйл явц болсон гэдгийг хэлье. Төрийн бүх эрхийг угсаа залгамжлан ганц нэг хүн барих хуучин тогтолцоог халж, улс төрийн ардчилалаар солин төрийн эрх мэдлийг ард түмний гарт бэхжүүлэхэд төр эрхзүйн цоо шинэ тогтолцоог бий болгов. Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, монгол оронд нийгэм улс төр, эдийн засаг, оюун санаа, соёл, боловсрол, шинжлэх ухааны цоо шинэ тогтолцоо бий болох үндэс суурь баттай тавигдсан нь түүхэнд тохиолдсон том ахиц дэвшил байсан юм.
 
Хууль тогтоох эрх мэдлийг хуваарилах алхам хийсэн. УИХ, түүнээс сонгогдсон УБХ, гүйцэтгэх эрх мэдлийг Загсийн газар, шүүх эрх мэдлийг УДШ, шүүхийн байгууллагад хуульчлан ногдуулсан гээд яриад байвал их юм бий. Бүгд Найрамдах засаг тогтсон нь төрийн эрхийг угсаа залгамжлан ганц нэгээр барих феодалын бурангуй ёсыг эгнэгт устгаж, төрийн бүх эрхийг ард түмний гарт бэхжүүлж, тэрхүү эрхээ төрийн бүх байгууллагыг ардчилсан зарчмын үндсэн дээр сонгон байгуулж, ажлын нь тайланг сонсож, зөв бурууг заан тогтоох замаар эдлэхэд тохирсон улс төрийн ардчилал тогтсоныг илэрхийлсэн хэрэг байв.
 
-Түүхэн ач холбогдол нь маш их юм байна гэдгийг таны ярианаас мэдэж авлаа, үнэхээр ардчилал тэр үеэс үүсч төлөвшлөө олсон юм биш үү?
 
-Энэ бүхнээс дүгнэн үзвэл Анхдугаар Үндсэн хуулиар манай улс нь парламентын засаглалтай, ард түмэн өөрсдөө шат шатны удирдлагаа сонгон хэрэгжүүлдэг хязгаарлагдмал боловч ардчилсан шинжтэй улс болсныг үгүйсгэж хэрхэвч болохгүй.
 
Бас нэг зүйлийг онцолж хэлвэл Бүгд найрамдах засаглалыг сонгож, Анхдугаар Үндсэн хуулиа батлан, засаг төрөө эмхлэн, улс орноо засан жолоодож, тусгаар тогтнолоо хамгаалж чадсан нь 1910-1920-иод оны монгол төрийн бодлоготон, эх орончид, монголын ард түмний зүгээс олон жилийн туршид явуулсан уйгагүй, туйлбартай шударга тэмцлийн үр дүн, ялалт байсан юм шүү гэдгийг зориуд бахархан тэмдэглэж хэлэхийг хүсч байна.  Хамжлагат ёсыг халсан нь Монголын түүхийн асар том үйл явдал.
 
Наанадаж хувийн өмчтэй малчдын давхраа бий болсон, газар шороо, ой мод, ан амьтан, хөрсөн дээр, доорх баялаг бүгдийг ард түмний өмч гэж зарлаж,  өнөөгийн жендерийн асуудлыг шийдэж, эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг ханган эмэгтэйчүүдийн эрхийг Дорно дахины улс орнуудын эн түрүүнд дээдэлж, сонгох, сонгогдох эрхтэй болгосон,  ард түмний эрх ашигт ямар нэг хэмжээгээр нийцсэн нийгмийн дэг журмыг шинээр үүсгэсэн, нийгмийн нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэн бэхжүүлэх үндэс суурийг тавьсан гээд бүхэлдээ асар их ололт, дэвшлийг монголын нийгэмд бий болгосон түүхэн ач холбогдолтой юм.