sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани Иранд зорчигч тээврийн 100 гаруй нисэх онгоц худалдахыг Б.Обамагийн засаг захиргаа зөвшөөрсөн шийдвэр гаргасныг АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүд эсэргүүцэж байна.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, Иранд 106 нисэх онгоц худалдахыг тус компанид зөвшөөрсөн шийдвэрийг АНУ-ын Сангийн яам гаргажээ.
“Airbus” болон Ираны Засгийн газар энэ оны нэгдүгээр сар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Гэхдээ нисэх онгоцны зарим эд ангийг АНУ-д үйлдвэрлэдэг учир тус компани Вашингтоноос зөвшөөрөл авах шаардлагатай байсан билээ.
 
Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ “өнгөрсөн онд Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрт үндэсдэн ийм зөвшөөрөл олгосон” гэжээ.
АНУ, ОХУ, БНХАУ, Франц болон Их Британи гэсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүнээс гадна Германаас бүрдсэн “P5+1” бүлэг 2015 оны долдугаар сард Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх түүхэн хэлэлцээрийг Ирантай байгуулсан. Уг хэлэлцээрт “олон улс орон Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцалсны хариуд Тегераны эрх баригчид зөвхөн энхийн зорилгоор цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ” гэж тусгасан юм.
 
Харин АНУ-ын Конгресст олонхын суудалтай Бүгд найрамдах намын хууль тогтоогчид цөмийн хэлэлцээрийг эсэргүүцсээр байна. Иран “Airbus”-ын нисэх онгоцуудыг цэргийн зорилгоор ашиглаж болзошгүй гэж тэд үзэж байна. Ирантай цөмийн хэлэлцээр байгуулсныг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр удаа дараа шүүмжилж, бүх цаг үеийн түүхэн дэх “хамгийн тэнэг” хэлэлцээр гэж тодорхойлж байсан юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг