sonin.mn
Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэн хэнийг багтаа эл­сүүлж, дараагийн дөрвөн жилд хэрхэн хамтран ажиллах яриа хэлцлээ хийсээр байна.
 
Зэрэг зиндаагаараа Ерөн­хий­лөгчийн дараа ордог Төрийн департаментын тэр­гүү­нээр Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сун­гаанд өрсөлдөж байсан Митт Ромнийг томилох нь бараг тодорхой болжээ. Трамп хэдэн хоногийн өмнө Ромнийг албан өр­гөөндөө дуудаж гурван цагийн турш ярилцсан бөгөөд түүнийг дээрх албан тушаалд томилох талаар тохиролцоо хийсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
 
Гэвч АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх вэ гэсэн яриа, таамгийн хажуугаар ирээдүйн тэргүүн хатагтай Меланиагийн талаарх яриа ихээхэн сонирхол татаж байгаа юм. АНУ-ын тэргүүн хатагтай хамгийн зөв, ганган, сэтгэл булаам хувцаслаж байх ёстой. Тэргүүн хатагтайн хувцсыг нэртэй загварын ордон, цуутай загвар зохион бүтээгч нар хариуцдаг билээ. Гэвч одоогоор Vera Wang, Jason Wu, Marc Jacobs, Joseph Altuzarra, Thakoon, Donna Karan, Calvin Klein, Diane von Furstenberg, Prabal Gurung, Michael Kors, Georgina Chapman, Marchesa зэрэг хувцасны зартай брэндүүд Меланиа Трампын хувцсыг бэлтгэхгүй нь тодорхой болоод байна.
 
Учир нь эдгээр фирмийн эзэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг ил тод дэмжиж, түүнийг ялалт байгуулсан то­хиол­долд хувцсыг нь ур­лаж өгнө гэж байсан юм. Мөн одоогийн тэргүүн хатагтай Мишель Обамагийн хувцаслалт, гадаад төрхийг хариуцаж байгаа Францын Sophie Theallel брэнд Меланиатай хамтран ажиллахгүй гэсэн аж. Гэвч Valentino, Louis Vuitton, Karl Lagerfeld, Versace, Manolo Blanik, Yves Saint Laurent зэрэг зартай фирмүүд энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.
 
180 см өндөр нуруутай Меланиа 1970 онд Словенид мэндэлжээ. Хатагтай Трамп АНУ-ын гадна төрсөн хоёр дахь, төрөлх хэл нь англи биш анхны, мөн сэтгүүлд бүрэн нүцгэн зургаа авахуулж байсан анхны тэргүүн хатагтай болох гэж байна. Үүнээс гадна Меланиа Кнаусс олон хэлээр ярьдаг АНУ-ын тэргүүн хатагтай нарын жагсаалтад дээгүүр байр эзлэх нь тодорхой болов. Тэрээр словени, серб, англи, франц, герман хэлээр ярьдаг. Ерөн­хийлөгч Жон Кеннедийн гэргий Жаклин Кеннеди англиас гадна франц, испани хэлээр чө­лөөтэй ярьдаг байжээ.
 
 
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин