sonin.mn
Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд ханиад, томуугийн дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Гол төлөв бага насныхан энэ өвчнөөр өвдөж байгааг эмч нар хэлж байна. Тиймээс ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга, доктор А.Бурмаагаас томуугийн вакциныг хэдийд хийх талаар тодрууллаа.
 
-Томуугаас сэргийлэх вакциныг хувийн эмнэлгүүдэд хийдэг ч иргэдийн олонхи нь улсын эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй байдаг. Энэ жилийн хувьд, уг вакцин хэзээ ирсэн бэ, хийгээд эхэлсэн үү?
 
-Манай орон шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай улс орнуудад аравдугаар сараас томуугийн улирал эхэлдэг.Тэгэхээр томуугийн вирүс эргэлтэд орохоос өмнө иргэд маань вак­цинаа хийлгэсэн байх шаардлагатай.Энэ жил манайх хоёр үйлдвэрлэгчээс то­муугийн вакцин авахаар захиал­сан. БНХАУ-ын “Хуалан” гээд ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн үйлд­вэрийнх, Францын “Санофи” үйлдвэрийн гээд хоёр төрлийн вакцин оруулж ирэх гэж байна.Гэхдээ энэ хоёр үйлдвэрлэгчийн вакцины найрлага адилхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ жил нийлүүлэгч талууд өөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасны дараа бусад улс оронд нийлүүлэх ажил хийгдсэн учраас  вакциныг хийх цаг хугацаа жаахан оройтож байна.
 
-Томуугийн вакцинжуулалтад иргэд сайн дураараа хамрагддаг. Онцгой нөхцөлд ажилладаг төрийн албаныханд үнэ төлбөргүй хийдэг.  Энэ талаар мэдээлэл өгөөч. Вакцинжуулалтын үнэ хэд байх бол?
 
-Ер нь томуугийн вакцин сайн дурын дархлаажуулалтад хамрагддаг. Өөрөөр хэлбэл иргэн хүн хүсвэл төлбөрөө төлөөд хийлгэнэ гэсэн үг. Гэхдээ бид зарим эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг үнэ төлбөргүй хамруулдаг. Үүнд, томуугийн дэгдэлт гарах үед ажлын байрнаасаа болж өртөх эрсдэлтэй иргэд буюу эрүүл мэндийн салбарын ажилтан, эмч, цагдаа, онцгой байдал, хил, гааль, мэргэжлийн хяналтын албан хаагчдыг тухайн аймаг, орон нутгаар нь дамжуулан үнэ төлбөргүй вакцинжуулдаг. Цаана нь вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийг эмчийн үзлэгт оруулаад сайн дураар нь дархлаажуулах ажлыг хийж байна.
 
Тиймээс томуугийн вакцинд сайн дураар хамрагдахыг хүссэн 6 сартайгаас дээш насныхан Улаанбаатар хотод ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар ажлын өдөр, ажлын цагаар үйлчлүүлж болно. Аймаг орон нутаг захиалсан бол тодорхой хэмжээний вакцин ногдох байх. Вакцин хийлгэх хүсэлтээ ирүүлсэн байгууллага, хүний тоо энэ жил нэлээд нэмэгдсэн байгаа. Сайн дураар тарьж байгаа вакцин нэг хүнд тарих тун нь 15 мянган төгрөг байна. Өчигдрөөс эхлэн сайн дурын дархлаажуулалт эхэлсэн.
 
Энэ томуугийн улиралд манай төв АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээр 45 мянган тун вакциныг оруулж ирж эрсдэлт бүлгийнхэндээ үнэгүй хүргэх гэж байна. Энэ байгууллага нь 2011 оноос хойш томуугийн тандалтын тогтолцоо нь сайн болсон улс орнуудыг дэмжих  зорилгоор вакцины бодлого, хэрэглээг нэмэгдүүлж байгаа юм. Манай тогтолцоо сайнаар үнэлэгдэж, энэ онд вакцин авах  гурван орны нэг нь болж байгаад бид баяртай байгаа.Вакциныг энэ жил  нийлүүлээд зогсохгүй амжилттай хэрэгжих юм бол цаашид 3-4 жил нийлүүлнэ.
 
-Томуугийн вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүд тариулж болох уу. Манайхан заримдаа элдэв вакцинаас болгоомжлоод байдаг?
 
-Томуугийн вакциныгманай кабинетад сүүлийн 4-5 жил хийж байна. Вакциныг хүн бүрт шууд хийдэггүй. Тухайн хүн заавал эмчийн үзлэгт орсон байх шаардлагатай. Хүмүүсээ урьдчилан үзэж, зовиур шаналгааг нь сонсож, харшилтай үгүйг нь нягтлан асууж байж хийнэ. Ер нь зургаан сартайгаас дээш бүх насныхан дархлаажуулагдах ёстой.Анх удаа вакцин хийлгэж байгаа зургаан сараас хоёр нас хүртэлх хүүхдүүд нэг сарын зайтай 0.25 мл-ээр хоёр тунгаар хийлгэнэ.
 
Бусад насныхан 0.5 мл-ээр нэг удаагийн тунг хийлгэнэ. Томуугийн вакцинд хамрагдах ёстой гэж зөвлөмж болгодог эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн тоонд жирэмсэн эхчүүд багтдаг.Ингэснээр зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй төрж буй хүүхдэдээ  давхар  дархлаа тогтоон хоёр хүнийг хамгаалж байдаг. Мөн бага насны хүүхэд, архаг хуучтай хүмүүс, 65-аас дээш насныхныг нэгдүгээр ээлжинд хамрагдах ёстой гэж ДЭМБ-аас зөвлөсөн байдаг..
 
-Вакциныг тариулахад хориглох заалт бий юу?
 
-Томуугийн вакцины эсрэг хэд хэдэн заалт байдаг. Вакцины найрлагад орсон ямарваа нэгэн эм тарианаас харшилгүй байх шаардлагатай.Ялангуяа өндөгний харшилтай бол хийлгэж болохгүй. Мөн цочмог хурц өвчнөөр өвдсөн, халуурч байгаа болон архаг өвчин сэдэрсэн тохиолдолд хийдэггүй. Эрүүл байж томуугийн вакцинд хамрагдана. Сайн дурын вакцинжуулалтад хамрагдахыг тухайн хүн өөрөө шийднэ. Гэхдээ харшлах заалтуудтай байвал болохгүй.Түүнээс биш хөхүүл эхэд болохгүй  гэсэн хориглосон заалт байхгүй.
 
-Томуугийн вакциныг хийлгэсний ач тусын талаар мэдээлэл өгөөч. Ямар хугацаанд дархлаа тогтох вэ?
 
-Томуу, томуу төст өвчин бол улирлын чанартай хүйтэн сэрүүн болохоор илүүтэй дэгддэг. Тиймээс томуугийн улирал угтуулж  ес, аравдугаар сард томуугийн вакцин хийлгэх нь илүү тохиромжтой.Учир нь  вакцин хийлгэснээс хойш 3-4 долоо хоног буюу ойролцоогоор сарын дараа дархлаа тогтоно гэж үздэг. Гэхдээ манайд томуугийн улирал нэлээдгүй урт үргэлжилдэг тул вакциндаа яаралтай хамрагдахыг зөвлөж байна.
 
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин