sonin.mn
-Загалмайд цовдлогдсон Есүс буцаж амь оржээ! Тэр үнэхээр жинхэнэ аврагч эзэн мөн байж! хэмээн баталж, 300-аад он хүртэл окулт шашин гэгдэн хориглогдож байсан Христын шашин боловч, түүнд итгэгч Константин Ромын эзэнт улсын эзэн хаан болсноор тийнхүү ганц тонгоролтоор нуман тулгуураас мултарч, Ромын эзэнт улсад түүний номлол хүлээн зөвшөөрөгдөх нь тэр. Улмаар 381 онд Ромын эзэнт улсын төрийн шашин хүртэл болж, эсрэгээрээ түүнээс бусад шашныг хориглох шийдвэр гарав. Ингэж Христ нь тухайн үеийн дэлхийн эзэнт гүрний дотор өөрийн хөдлөшгүй байр сууринд амжилттай хүрчээ. 
 
Ингээд
 
-       Гоё шүү!!! За одоо ёстой бүх дэлхийг байлдан дагуулаад өгье өө.
гэмээр байвч, арай ч бас тэгж болсонгүй. Аливаа зүйл ямар ч амжилтанд хүрдэг бай, ахиад цаана нь шинэ асуудал хүлээж байдаг нь жам. Энэ удаад тэднийг тосон авсан асуудал бол дотоодын хуваагдал байлаа.
 
Төдийг хүртэл эрх мэдэлтнүүдэд адлагдан дарамтлагдаж ирсэн Христын шашин боловч, тэр үедээ бол “Хэцүү ч гэлээ, бүгдээрээ атгасан гар шиг нэгэн цул болон тэсч гарахын төлөө!” хэмээн нэгдэж чадаж байв. Харин одоо бол эрх мэдэлтнүүдэд хүлээн зөвшөөрөгдөж, харин ч бүр эсрэгээрээ эрх мэдлээр далайлгадаг талын баатар болсон. Иймэрхүү үед тохиолддог нийтлэг үзэгдэл гэвэл, нөгөө атгасан гарын хуруунууд хоорондоо заамдалцаж эхэлнэ. Гадаад дайсан үгүй болоод ирмэгц, доторх хүмүүс нь хоорондоо “Миний библийн тайлбар л зөв!”, “Үгүй, тэгж яривал Есүсийг зөвхөн би л хамгийн сайн ойлгодог” гэлцэн шашны урсгал хоорондын зөрчилдөөн эрчээ авах нь тэр ээ.
 
Хэрэг болгож төрөөр баталгаажаад, одоо л нэг гэдэг газар дээрээ дотроо зодолдоод унахаар ямар хэрэг байх вэ. Христын шашны удирдлагад, яаралтай дотоодын үймээнээ зохьцуулж шашны номлолоо нэг мөр болгон цэгцлэх шаардлага тулгарлаа.
 
-       Хэний номлол зөв, хэний номлол тэрс вэ?
 
Ингээд үүнийг шийдэх зорилгоор шашны удирдлага дотор шашны мэтгэлцээн буюу бүх цаг үеийн хамгийн том ном хаялцаан болов оо.
Тэгээд энэхүү ширүүн тулаанд ялгуусан гавьяа байгуулж, Христын шашныг нэг номлолд оруулан эмхэтгэж чадсан агуу үйлстэн бол Христын шашны хамгийн том эцэг ламтан гэгдэх Амгалан Августин (354 - 430) юм.
 
Августин нь Донатист урсгал болон Пелагий урсгал зэрэг тухайн үедээ өргөн тархаад байсан төрөл бүрийн урсгалын хуврагуудтай ширүүн тэмцэл өрнүүлж, эцэстээ тэднийг нэгд нэггүй няцаана. Үр дүнд нь тэдний номлолыг тэрс хэмээн Христын шашнаас хөөн гаргаж чадсан гэдэг.
 
Гээд нэг ийм байдлаар Христын шашныг нэгтгэх агуу үйлийг гүйцэлдүүлж чадсан Августин боловч, үнэндээ тэрээр огтоос төрөлхийн хоёргүй сэтгэлт Христийн сүсэгтэн байсангүй. Бодит байдал гэвэл, тэрээр ердөө л 32 насандаа Христийн шашинд дагаар орсон төөрсөн хурга төдий л нэгэн байлаа.
 
Тэр хүртлээ юу хийж явсан бэ гэхээр, Манийн шашин ч юм уу шинэ Платонизм гэхчилэн энүүгээр тэрүүгээр доншуучилж, элдэв философи шашны үзэл санаагаар толгойгоо угааж, тогтсон үзэл бодол итгэл үнэмшил гэх юмгүй тэнэж явж. Тэрээр жинхэнэ шашныг эрж хайн тэнүүчилсээр сүүлд нь очиж тогтсон нь Христийн шашин байлаа.
 
Гэвч тэрхүү олон янзын шашин философи сонирхсон туршлагууд нь хожим түүний хувьд харин ч давуу тал болов. Яагаад гэвэл, бусад шашин философийг мэддэг байсан нь түүнд Христийн шашныг обьектив өнцөгөөс (хөндлөнгөөс) харах боломжийг олгож өгчээ.
 
Жишээ нь, Христийн шашинд цор ганц үнэмлэхүй бүтээгч бурхан бий гэж номлодог учиртай ч, эндээс “Тэгвэл яагаад бурхан мууг бүтээсэн юм бэ?” гэх асуулт гарч ирж болох юм.
 
Августин урьд шүтэж явсан Манийн шашинд, энэ ертөнцөд “сайны бурхан” болон “муугийн бурхан” оршин байдаг гэж үздэг байсан тул, муу оршин байх нь огтоос асуудал биш байж. Муу оршин байдаг нь муугийн бурхны гай гэхэд л хангалттай шүү дээ.
 
Харин Христийн шашинд бурхан цор ганц тул ингэж аргалах аргагүй. Бурхан ганцаараа бүхнийг хийсэн юм чинь, хорвоогийн мууг ч бас бурхан хийсэн болж таарна. Нэг ёсондоо, “Бурхан л муу муухайн язгуур шалтгаан мөн!” гэх байж боломгүй дүгнэлтэнд хүрэхдээ тулна.
Августин уг асуудлыг өөрөө гаргаж тавин, түүнийгээ өөрийн хүчээр бясалгаад ийм дүгнэлтэнд хүрсэн байдаг.
 
-       Яалаа гэж. Цор ганц абсолют бурхан яалт ч байхгүй төгс сайны оршихуй мөн. Хүнд муу оршин буй мэт харагдах авч, үнэндээ тэр муу гэгч нь ердөө л сайн үгүй төлөв төдий л юм. Харанхуй бол ердөө л гэрэл үгүй төлөв бөгөөд, харанхуй гээч хөдлөшгүй зүйл оршин байдаггүйн адилаар, муу ч бас хөдлөшгүй биет болон оршин байдаггүй. Тиймээс бурхан муу гэж нэрлэгдэх ямар нэгэн зүйл бүтээсэн учир үгүй юм.
 
-       Гэвч бурхан хүнд хайртайн хэрээр, хүнд эрх чөлөөг олгосон. Гэвч, тийм ч учраас хүн бурхны хүсэл зоригоос гадуурх үйлдэл, өөрөөр хэлбэл мууг үйлдэх болсон. Чухам энэ л хүний төрөхөөсөө үүрч явдаг төрөлхийн нүгэл юм.
 
гэх байдлаар Августин сэтгэсэн гэж яригддаг боловч, үүний үг өгүүлбэр бүрээс эртний философичдын үнэр ханхална. “Бурхан үнэмлэхүй хийгээд төгс сайны оршихуй бол, хүнд зөвхөн төгс бус оршихуй л харагддаг, өөрөөр хэлбэл муу хажууд нь оршин буй мэт харагддаг” гэх санааны жинхэнэ эзэн нь мэдээж Платон, “Харанхуй бол гэрэл үгүй төлөв, харанхуй гэх зүйл өөрөө оршин байх учиргүй” гэх санаа бол түүнээс ч эрт цагийн Хераклитаас авсан ишлэл юм.
 
Августины уг тайлбарыг өнөө цагийн бид хүлээн зөвшөөрөх эсэх нь тусдаа асуудал. Харин энд чухал нь гэвэл, Августин нь Христийн шашны (нэг бурхант шашны) номлолын асуудлууд буюу “НО-той цэгүүдийг” өөрөө хайж олох гярхай нүд болон, түүнийгээ тайлбарлан аргалах дайны мэдлэг оюуныг өөртөө хоршоон цогцлоосон буй явдал юм. Энэ бол түүний амьдралын туршлагаас хуримтлагдан тогтсон мяндсан ухаан байсан нь лавтай биз ээ.
 
Мөн тэрээр залуу наснаасаа илтгэх урлагт суралцаж, хэнтэй ч мэтгэлцэн ялах дайны арга мэхийг эзэмшсэн байж.
Дээрх фактуудыг нийлүүлэн тооцоолбоос, тэрээр элдэв урсгалын хуврагуудыг ээлж дараалан буулгаж чадсаныг эрхгүй ойлгон зөвшөөрөх болов уу. Нэг ёсондоо Августин бол тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг онолч байсан хэрэг юм.
 
Гэлээ ч бас түүнийг ердөө л хэл амаа билүүдсэн хэрүүлч нөхөр мэтээр төсөөлөх нь эндүүрэл болов уу. Асуудлын гол нь, 30 гарсан хижээл нөхөр шашны байгууллагад дундаас нь орчхоод, ердөө л ам хэлээрээ зүтгүүлсээр “Христийн шашны хамгийн том эцэг ламтан” хэмээх сууринд хүрч чадсан гэж тун бодомгүй.
 
Мөн юу юунаас онцлууштай нь, Августины өрсөлдөгчид нь зүгээр нэг сайн дурынхан бус шашны ертөнцийн хуврагууд байсан юм. Зөвхөн ам хэлээрээ тэднийг номхотгоод авсан гэдэг төсөөлөхөд бэрх. Үнэхээр ч түүний өрсөлдөгч дунд “эгэл хүн тэсч үл чадах тамлалыг олны нүдэн дээр өөрийн биеэр эдлэх” гэх зэрэг үзүүлбэрээр алдаршсан хуврагууд ч байлаа. Тиймэрхүү нөхдүүд “Олон долоон юм ярилгүй, над шиг 7 хоног юу ч идэлгүйгээр бясалгаж чадах уу? Энэ зэргийн юм чадахгүй бол хэн чамайг чин үнэнч сүсэг бишрэлтэн гэх юм бэ” гээд дайраад унавал яалтай билээ.
 
Наминчлал
 
Тэр мэт идтэй шидтэй хуврагуудыг хэрхэн мэтгэлцээнээр дийлж чадсан юм бол?
Гарцаагүй түүнд онол дүрмээс давсан түүний өөрийн бусдыг татах ер бусын увдис, хүнлиг ёс суртахуун байснаас зайлахгүй.
 
Ямартай ч түүний зан төрхийн хувьд хэлж болох тодорхой зүйл гэвэл, тэрээр туйлын “илэн далангүй шударга нэгэн” байсан гэдэг. Тэрээр ариун санваартан гэх байр сууринд залрах мөртлөө “Наминчлал” гэх гарчигтай өөрийн намтар бичиг бичиж, залуу насныхаа нүгэл хилэнцийг улаан нүцгэнээр нь илчилж бичсэн байдаг. Хамгийн том нүгэл гээд үнэндээ сүртэй юм байхгүй л дээ. “Бэлгийн дур хүсэлдээ дийлдээд, ёс бус хуял тачаалд шатсан” гэх төдий зүйл бичсэнээс хэтрэхгүй.
 
Дашрамд өгүүлэхэд, ардын бүрэн эрхийг тунхагласан Руссо ч бас энэхүү Августиныг дуурайж ижил гарчигтай намтар бичгээ хэвлүүлж, тэндээ өөрийн бэлгийн гаж зуршлаа илчилж бичсэн байдаг. Яах вэ, Руссо мэтийг бол яая гэхсэн гэхэд, түүний дэргэд Августин бол ариун санваартан гэх эгэл биш сууринд залрах хүн тул, тухайн үедээ бөөн сенсаац скандал болсон биз.
 
Тэрээр ийм үг бичиж үлдээсэн нь бий.
-       Бурхан минь! Надад бэлгийн дур хүслээ номхотгох сэтгэлийн тэнхээ хайрла! Гэхдээ, жоохон байж байгаад шүү!.
 
Ийм Августин боловч, түүний тууштай хэлдэг байсан үзэл бол “Хүн бид төрсөн цагаасаа эхлээд гүн гүнзгий нүглийг (төрөлхийн нүгэл) нуруундаа үүрч амьдардаг бөгөөд, бурхны хайр ивээлгүйгээр яасан ч аврагдаж чадахгүй” гэх санаа байлаа. Өөрөөр хэлбэл “Хүн бол өөрийн хүчээр аврагдах боломжгүй. Түүнд бурхны туслалцаа зайлшгүй шаардлагатай” гэсэн үг юм.
 
Нөгөөтэйгүүр тухайн үед Августинтай эсрэгцэж байсан бусад урсгалын хуврагууд ийм байр суурьтай байлаа.
 
-       Хүн хүсэл шуналаас ангид байснаар бурханд ойртох боломжтой. Хүн зөвхөн өөрийн хүчин чармайлтаар л аврагдаж чадна.
 
Энэ нь шууд утгаараа “Хүн өөрийн хүчээр аврагдах боломжтой. Түүнд бурхны туслалцаа шаардлагагүй” гэсэн үг юм.
Тухайлбал Августинтай мэтгэлцэж байсан Пелагий “Бурхан хүний мөн чанарыг САЙН байхаар бүтээсэн учраас, хүн өөрийн чөлөөт хүслээр сайныг үйлдэж, зөв ариун амьдарч чадах учиртай. Тиймээс тэрхүү САЙН-ы мөн чанарт суурилсан амьдрахуйг баримтласнаар сүнсээ аврах ёстой” гэх санааг гаргаж, олон түмнээс өргөн дэмжлэг авч байв.
 
Өөрийн хүчээр аврагдах. Өөрийгөө чандалж зөв ариун амьдрах. Энэ бол нээрээ л тийм гэж санагдах мундаг сургаал гэж хэлмээр. Бодитоор ч тийн ярих Пелагий өөрөө тун ёс суртахуунт гайхамшигтай хүн байсан гэдэг. Үгүйдээ л яаж ч харсан нүднээс далдуур гаж хуял тачаалд автаад байхааргүй хүн байсан бололтой. Тийм зөв ариун сул талгүй 10 хуруу тэгш Пелагий хурц ширүүн харцаар түмэнд хандаж ийн хэлнэ
-       Та нар ч бас хичээн мэрийгтүн! Нүгэл үйлдэлгүй зөв амьдарцгаа!!!
 
Харин Августин ийн хэлэх Пелагийд хандаж эрс буруушаана.
-       Бүтэхгүй ээ, бүтэхгүй. Наадах чинь бол хэзээ ч бүтэшгүй санаа. Би лав яагаад ч тэвчиж чадахгүй юм билээ.
 
Августин бол туйлаас шулуун шударга хүн байлаа. Тэрээр өөрийн намтартаа “Бэлгийн дур хүслээ тэвчиж дийлэхгүй нь ээ! Гаж хуял тачаалдаа шатаж үхэх нь!” маягийн зүйлийг ч илэн далангүй хэлчих дайны шударга хүн байж. Өөрийнхөө сэтгэлийн сул талыг ул суурьтай хүлээн зөвшөөрч, үнэнч шударгаар илчлэн наминчилж чадах тэрээр, хүн бол тийм хүчирхэг оршихуй биш гэдгийг сайн мэдэж байлаа. Августины хувьд хүн гэдэг бол “Чөлөөт хүсэл зориг болон хүсэл тэмүүлэлтэй хэдий ч, түүнийгээ удирдан хянах чадваргүй сул дорой оршихуй” байлаа. Тиймээс бүх хүн тэр Пелагий шиг хүсэл шуналаас ангид амьдралаар замнаж чадах ч үгүй, тэр айхтар ширүүн даяанчлалын аргаар өөрийгөө аврах шаанс ихэнх энгийн хүмүүст байхгүй гэж Августин үзэж байсан юм.
 
Тийм ч учраас тэрээр бусад хуврагууд шиг өөрийгөө ялж чадсан мундаг хүний дүрээр бус, юу юугүй хүсэл шуналдаа дийлдэн нүгэл хийгээд явдаг энгийн сул дорой хүний хувиар, бусадтай нэгэн ижил харах өнцөгөөр бусдад хандан ярьсан юм. Тийн ярих түүний үг, бусад хуврагууд болох өө сэвгүй төгс төгөлдөр мэт харагдаж, хүсэл шуналаас ангид байхыг тулган шаардах өрсөлдөгчдийнх нь үгнээс илүүтэй олны сэтгэлд ойрхон туссанаас зайлахгүй биз ээ.
 
-       Хүн бол хүсэл шуналаа удирдах чадваргүй сул дорой оршихуй юм. Тийм гүн гүнзгий төрөлхийн нүгэлтэй хүмүүс бурхны өмнө ердөө л толгой гудайн аврал эрэхээс өөр юу ч чадахгүй. Ай, бид бүхэн гүн гүнзгий төрөлхийн нүгэлтэй болохоо хүлээн зөвшөөрч, бурханд бүхнээ “наминчлан” өршөөл эрж, бурхны ивээлээр аврагдахыг хүсэн залбиръя!
 
Августин ийнхүү наминчлалаар аврагдах тухай шашны сургаалиа гарган тавьж, “хичээл зүтгэлээр өөрийгөө аврах” номлолыг үгүйсгэсний дээр, Христийн шашныг нэгэн цул болгох их үйлийг гүйлцэлдүүлж чадав. Түүний үр дүнд Христийн шашин нь хэн ч дагаж мөрдөх боломжтой “Олон нийтэд зориулсан шашин” болон тогтож, дэлхийн шашин болон түгэн дэлгэрсэн ажгуу.
 
ТОМё БОДё