sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тус улсаас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчөөр Өмнөд Каролина муж улсын захирагчийг томилжээ.
 
Тус муж улсын захирагч, хатагтай Никки Хейли ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампыг шүүмжилж байсан хүмүүсийн нэг юм.
Түүнийг НҮБ-д суух Байнгын төлөөлөгчөөр томилж байгаагаа Д.Трамп лхагва гарагт мэдэгджээ. Н.Хейли нь Энэтхэгээс ирсэн цагаачдын охин аж. Засгийн газрын түвшний албан тушаалд Д.Трамп эмэгтэй хүнийг анх удаагаа томилсон нь энэ юм.
 
НҮБ-д суух төлөөлөгчийн албан тушаалыг Барак Обамагийн засаг захиргаа засгийн газрын түвшний албан тушаал болгон статусыг нь дээшлүүлсэн билээ. Уг албан тушаал АНУ-ын шинэ захиргаанд ч энэ статусаа хадгалан үлдэх төлөвтэй байна.
 
Цагаачлалын бодлого болон бусад бодлоготой нь холбоотойгоор Н.Хейли шинэ ерөнхийлөгчийг шүүмжилж, түүнийг “ерөнхийлөгч болоход тохирохгүй хүн” гэж тодорхойлж байсан юм.
 
Харин Д.Трамп лхагва гарагт мэдэгдэл хийх үеэрээ Н.Хейли-г “сайн улс төрч” бөгөөд “АНУ-ыг төлөөлж чадах гарамгай удирдагч” гэж тодорхойлсон байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг