sonin.mn
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан хойшлогдсон тухай асуудлыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.
 
-Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан хойшиллоо. Ямар учраас хойшлов?
 
-БНХАУ-тай хийх хэд хэдэн айлчлал цуцлагдсаныг Хятадын талаас өчигдөр мэдэгдсэн. Үүнд: Энэ сарын 23-25-ны өдрүүдэд УИХ, БНХАУ-ын парламентын зөвлөлдөх уулзалт болох ёстой байсан. Энэ бол хоёр жилд нэг удаа болдог, хоёр улсын парламентын хэмжээнд яригддаг том асуудлаа шийдэх чухал уулзалт байсан. Гэвч цуцлагдсан.
 
Мөн энэ сарын 28-29-ны өдөр Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзах ёстой байсан. Энэ уулзалтаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төсөл гэх мэт асуудлаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч БНХАУ хүлээж авах бололцоогүй гэдэг хариу өглөө.
 
Түүнчлэн ирэх сарын 5-нд БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын урилгаар миний бие БНХАУ-д айлчилж, У.Хүрэлсүх сайдын айлчлалыг дүгнэх, Ерөнхий сайдын ирэх онд хийхээр төлөвлөж байгаа айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцах  ёстой байсан. Энэ уулзалт мөн хойшлогдох байх гэж мэдэгдсэн. Гэхдээ албан ёсоор хойшилсон гэж хэлээгүй.
 
Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 5-7-ны дөрүүдэд Москва хотноо Ази Номхон далайн улс орнуудын Зам тээврийн сайд нарын уулзалт болно. Энэ үеэр Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд, БНХАУ-ын болон ОХУ-ын Зам тээврийн сайд нар гурван улсын хооронд зам тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан. Энэ ажил хойшлогдох байх гээд ийм нөхцөл байдал үүссэнд бид харамсаж байгаагаа Хятадын талд илэрхийлсэн.
 
Хоёрдугаарт, Далай багшийн айлчлал улс төрийн агуулгагүй, сүсэгтэн олонд ном айлдсан гэсэн тайлбарыг бидний зүгээс өгсөн. Дээр нь хойшлогдсон, цуцлагдсан айлчлал удахгүй зохих хугацааны дараа үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Мөн Далай багшийг урьж авчрахад ямар нэгэн төр, засгийн байгууллага албан тушаалтан оролцоогүй. Энэ бол Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй шашны байгууллагаас зохион байгуулсан айлчлал юм. Монгол Улсад төр, шашин тусдаа учраас энэ айлчлалыг зохион байгуулахад төр оролцоогүй. Монголын сүсэгтэн олон энэ айлчлалыг хүлээж байгаа үед бид сүсэгтэн олонд хүндэтгэлтэй хандсан гэдэг тайлбараа хийсэн.
 
-Хятад улсаас их хэмжээний зээл авна тухай ярьж байгаа. Энэ асуудалд нөлөөлөх болов уу?  
 
-Одоогоор нөлөөлөх эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Хятадын тал айлчлалуудаа хойшлуулсан. Зээлийн асуудлаарх бид яриа хэлэлцээрийг арваннэгдүгээр сарын 28-29-нд үргэлжлүүлэх ёстой байсан. Гэвч хэлэлцээр хойшилж байна гэсэн үг.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг