sonin.mn
Монголд гагнуурын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 53 боловсролын байгууллага бий.
 
Өнгөрсөн онд эдгээрээс шалгарсан нэг суралцагч Бразилийн Сан Паоло хотноо болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон. Манай улсын хувьд анх удаагийн тэмцээндээ 9 төрлөөр мэргэжилтнүүдээ оролцуулсан бол гагнуурын төрөл нь тэр дундаа чамгүй өндөр амжилттай байсан билээ.
Өнөөдөр “Монгол ур чадвар-2016” тэмцээний гагнуурын төрөл эхэллээ.
 
Герман, Монголын МСҮТ-ийн дадлагын танхимд гагнуурын утаа суунаглаж, газраар оч хаялж байна. Энэ танхимд ур чадвараараа өрсөлдөж буй, сургууль сургуулиасаа шилдгээр шалгарч ирсэн 27 залуугийн нэг нь ирэх онд Монгол эх орноо дэлхийд төлөөлж Абу Дабигийн тэмцээний тавцанд зогсоно.Манай улс 2017 онд Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээнд таван төрлөөр мэргэжилтнээс сойж байгаагийн нэг нь гагнуур. Хагас сарын өмнө мужааны төрөл нь болсон бол удахгүй сантехник, барилгын өрөг, цахилгаанчин мэргэжлийн ур чадварын тэмцээн болох юм.
 
Гагнуурчид Монгол Улсын газар газраас иржээ. Тэд 3-4 цагийн турш гагнуурын утаанд ажиллах бөгөөд нийт гурван төрлийн гагнуураар ур чадвараа шалгуулах юм. Зохион байгуулагчдаас өгсөн материал бэлдэцийг гагнууртаа бэлтгэж цэвэрлэхээс ажил нь эхэлнэ. Улмаар хоолой юм уу хавтанг хэвтээ, босоо, хазгай тэнхлэгт эргүүлж гагнах, хөдөлгөхгүйгээр гагнах, таазны байрлалд гагнах зэргээр шүүгчдийн бэлдсэн зааврын дагуу даалгавраа гүйцэтгэх юм.
 
Манай улсад жил бүр гагнуурын мэргэжлээр 620-730 суралцагч боловсролын байгууллагаас төгсөн гардаг. Тэдний 87.5 хувь нь ажлын байртай болдог, эрэлт ихтэй мэргэжил юм. Үндэсний хэмжээний “Монгол ур чадвар 2016” тэмцээн нь энэхүү мэргэжлийг сурталчлан таниулах, залуусын мэргэжлийн сонголтод нөлөөлөх чухал алхам гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Тэмцээнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы хамтын ажиллагааны байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, Австралийн Засгийн газрын дэмжлэгийн байгууллага, Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг болон бусад байгууллага хамтран зохион байгуулж байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг