sonin.mn
Шилдэг залуу эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг залуу эрдэмтдийн онцгой ажлыг үнэлэн өнөөдөр гардууллаа.
 
Уг шагналыг “Монгол орны хээрийн бүс нутаг, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсний хлорт органик пестицид, полихлорт бифенил болон хүнд металлын тархалтын онцлог шинж” сэдэвт суурь судалгаа хийсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Хүрэлдаваа, Анагаах ухааны салбарт шинэ нээлт хийсэн Япон улсын Хирошима их сургуулийн Биоанагаах ба Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн туслах профессор, доктор Б.Бумдэлгэр, Монгол хэлний үг бүтээх нийтлэг загварыг боловсруулсан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ж.Ганбаатар нар хүртсэн юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал бол үлгэрлэм жишгийг тодорхойлох шагнал юм. Эдгээр залуу эрдэмтдийн гаргасан амжилт одоо Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын салбарт жишиг болж тогтох ёстой.
 
Шагналаар дамжуулан бүх залуу эрдэмтэн, судлаачдыг ийм амжилтад уриалан дуудаж байгаа хэрэг юм. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бол хүн бүхний хийж чаддаг амар ажил биш. Улс орны хөгжил, дэвшлийн суурь нь эрдэм шинжилгээ, судалгаа байдаг. Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухаан, боловсролын үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмэрт талархахын чацуу цаашдын ажил хөдөлмөрийн дэвшил хөгжилд итгэж амжилтын дээдийг хүсэн ерөөе” гэв.
 
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцов.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг