sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Америкчууд “Талархлын баяр”-ын үеэр цацагт хяруул худалдан авахад 1 тэрбум доллар зарцуулах тооцоо гарчээ.
 
16 фунт буюу 7.25 кг жинтэй цацагт хяруул дунджаар 22.74 ам.долларын үнэтэй байна гэж “Америкийн Хөдөө аж ахуйн товчоо” ашгийн бус байгууллага мэдэгдэв.
Энэ оны “Талархлын баяр”-аар америкчууд ойролцоогоор 45 сая цацагт хяруул худалдан авна гэсэн тооцоог жижиглэн худалдааны мэдээлэлд үндэслэн гаргажээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн цацагт хяруул худалдан авахад 1 тэрбум гаруй доллар зарцуулна гэсэн үг.
АНУ-ын 324 сая хүн амын 85 хувь буюу 275 сая нь өнөөдөр цацагт хяруул идэх ажээ.
 
Түүнээс гадна, 10 хүнд зориулсан “Талархлын баяр”-ын зоогийн ширээн дээр дунджаар 49.87 долларын хоол унд тавина гэж тус байгууллага тооцоолжээ. Энэ нь өнгөрсөн оны 50.11 доллар гэсэн үзүүлэлтээс 24 центээр буурсан тоо юм. Өөрөөр хэлбэл, дундаж амьдралтай америк хүн бүр баярын өдөр 5 доллароос илүүгүй үнэтэй хоол иднэ гэсэн үг.
 
Өнөөдөр буюу пүрэв гараг бол ням гарагт дуусах “Талархлын баяр”-ын эхний өдөр юм. Энэ өдрүүдэд Америк даяар дэлгүүр, худалдааны төвүүдийн "супер" хямдралын “Хар баасан гараг” болдог. Тэгвэл ирэх долоо хоногийн даваа гарагт “Кибер даваа гараг” болно. Энэ өдөр онлайнаар үйлчилгээ явуулдаг компаниуд хямдрал, урамшуулал зарладаг ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг