sonin.mn
БУЭНОС-АЙРЕС./TASS/. Олон мянган хүмүүс Боливи улсын нийслэл Ла-Пас хотын гудамжинд гарч, ундны ус хүрэлцэхгүй байгааг эсэргүүцэн жагссан байна.
 
ЭФЭ агентлагийн мэдээлснийг үзвэл, уг жагсаалд нийслэлийн болон зэргэлдээх Эль-Альто хотын оршин суугчид оролцжээ. Жагсагчид Байгаль орчин, усны нөөцийн яамны байрны үүдэнд ирж, сайд Александра Морейра Лопес-ийг огцрохыг шаардсан байна.Ус нөөцлөх сангууд хоосорсноор Эль-Альто болон Ла-Пас хотыг ган гачиг нөмөрсөн явдалд сайд Лопес буруутай гэж үзэж байгаагаа жагсагчид илэрхийлжээ.
 
Жагсагчдын шаардлагын хариуд засгийн газар эдгээр хоёр хотод баасан гараг гэхэд 80 цистерн ус хүргэхээ амлажээ.  
Энэ долоо хоногт Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес тус улсад ган гачгийн улмаас онц байдал зарласныг мэдэгдсэн юм. Учир нь, сүүлийн 100 жилийн хугацаанд болоогүй ган гачиг Боливи улсад нүүрлэсэн байна.
 
Цэвэр ус хүрэлцэхгүй байгаагийн улмаас эмнэлгүүдийн ажил доголдож эхэлжээ. 6 дугаар сараас хойш 125 мянга гаруй айл өрх тусламж хүсэн засгийн газарт хандсан байна.
 
Х.Сарнай   
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг