sonin.mn
Манай улсын ууган ангиудын нэг Зэвсэгт хүчний 015 дугаар ангид өнөөдөр "Цэргийн гавьяаны улаан тугийн одон" гардууллаа.
 
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тус ангийн нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ "Зэвсэгт хүчний 015 дугаар ангиас БНМАУ-ын баатар Д.Данзанваанчиг, Хөдөлмөрийн баатар Г.Дашдорж, Ардын жүжигчин нэрт алиалагч Ж.Данзан, Гавьяат жүжигчин Н.Чимэд-Осор, улсын заан Д.Бадам,  буудлагын спортын анхны мастер хошууч Л.Аюуш зэрэг алдар цуутай хүмүүс төрөн гарсан байдаг.
 
Эдүгээ Сьерра-Леон, Чад, Бүгд Найрамдах Өмнөд Судан улс, Хойд Судан улсад явагдсан НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Исламын Бүгд Найрамдах Афганистан улс дахь олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй биелүүлж буй олон залуус ахмад үеийнхээ дайчин уламжлалын буухиаг залгамжлан нэр төртэй албаа хааж байна.
 
1921 онд Ардын журамт цэрэг Богдын хүрээг чөлөөлөх тулалдаан, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож үүргээ амжилттай биелүүлсэн үе үеийн ахмадууд, Зэвсэгт хүчинд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид та бүхэндээ ангийн түүхт 95 жилийн ойн мэндийг хүргэхийн хамтаар "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнагдаж байгаад Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.
 
Зэвсэгт хүчний 015 дугаар анги нь 1921 оны 7-р сард Ардын журамт цэрэг Их хүрээг чөлөөлсөний дараа тэдний тээн ирсэн цэргийн нөөцийн зэвсэг галт хэрэглэлийг хуучин Богд хааны зэвсгийн сантай нэгтгэн "Их зэвсэг" хэмээн нэрлэж анх байгуулагдаж байсан түүхтэй.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг