sonin.mn
Өнгөрсөн аравдугаар сараас хойш гадны хэвлэлүүдэд Туркийн улс төрийн нөхцөл байдлаас болж, ардчилсан улсууд дахь турк сургуулиудыг хаалгах тухай асуудал нэг биш удаа нийтлэгдсэн.
 
Энэ тухай бид БСШУСЯ, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох байгууллагуудаас тодруулахад, “Туркийн Засгийн газраас Монгол дахь турк сургуулиудыг хаалгах тухай албан ёсны мэдэгдэл ирээгүй” гэсэн мэдээллийг өгч байсан. Тиймээс бид өнгөрсөн бямба гаригт “Улаанбаатар Эмпати” сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар очсон юм.  Энэ удаа тус сургуулийг зорьсон минь ч бас учиртай. Турк, Монголын хамтарсан сургууль бол Монголын боловсролын салбарт томоохон оюуны  хөрөнгө оруулагч байгууллагуудын нэг.
 
Тиймдээ ч тус сургууль жил бүр өөрийн гэсэн нэрэмжит олимпиад, тэмцээн уралдааныг зохион байгуулж,  оюун ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг тодруулж, дэмжин урамшуулах зорилгоор байнга сорилго олимпиадыг зохион байгуулдаг. Энэ удаа “Улаанбаатар Эмпати” сургуулийн нэрэмжит байгалийн ухааны нэгдсэн олимпиад ид үргэлжилж байв. Математик, хими, физик, биологи гэсэн гурван хичээлээр явагдаж буй энэ олимпиадад  хот, хөдөөгийн 3000 гаруй хүүхэд оюун ухаанаа сорьж байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдөр биднийг очиход тус сургууль хот, хөдөөгийн багш, сурагчдаар бараг л дүүрсэн байв. 
 
 
 
ТУС СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД ОРОЛЦОХ ХҮҮХДИЙН ТОО ӨССӨӨР БАЙНА
 
Турк, Монголын хамтарсан “Эмпати” сургууль хотод хоёр, хөдөө орон нутагт гурван салбартай. “Орхон Эмпати”, “Баян-Өлгий Эмпати”, “Дархан Эмпати” “Улаанбаатар Эмпати”, “Улаанбаатар элит” гэсэн салбар сургуулиудтай. Бидний зорьж очсон “Улаанбаатар Эмпати” ахлах сургуулийн хувьд бусдаас ялгарах онцлог, давуу тал олонтой.
 
Тухайлбал, тус сургууль хичээлээ монгол, англи хэлээр заадаг.  Математик, хими, физик, компьютерийн хичээлийг англи хэлээр турк багш нар зааж, нийгмийн ухааны хичээлүүдийг монгол багш нар заадаг. Энэ сургуулийн хүүхдүүд  IX ангиасаа эхлэн өөрийнхөө эзэмшихыг хүссэн мэргэжил, ирээдүйн зорилго зорилтоо тодорхойлж, элсэлтийн шалгалтандаа амжилттай оролцдог гэдгийг энэ сургуульд өмнө нь хүүхдээ суралцуулж байсан, мөн одоо ч хүүхдээ суралцуулж байгаа эцэг, эхчүүд хэлж байсан.
 
Ийм онцлог зүйлсээрээ бусдаас ялгарч чаддаг учраас за­рим хүүхдүүд хөдөө орон нутгаас ганцхан энэ сур­гуулийг зорин ирж, су­рал­цаж байгаагаа ч дуул­гаж байсан. Энэ нь  тус сур­гуулийн сургалтын чанар, чансааг илтгэх биз ээ.  Тиймээс тус сургуулиас жил бүр зохион байгуулдаг сорилго олимпиадад оролцох хүүхэд болон сургуулийн тоо жилээс жилд өсч байдаг. Тус сургууль нь хүүхэд бүрт нээлттэй ханддаг учраас өрсөлдөөн ихтэй болдог гэдгийг албаныхан хэлж байв.
 
ЭЕШ-Д БЭЛТГЭХ АРГА БАРИЛЫГ ХҮҮХДҮҮД ЭНДЭЭС АВДАГ
 
“Улаанбаатар Эмпати” сургуулиас зохион байгуулж буй сорилго олимпиадуудыг харахад  өгөгдсөн даалгавар, ажиллах сэдэв зэрэг нь сурагчдын мэдлэг чадварыг сорихоос гадна элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх бэлтгэл ажил болдог аж. Жишээ нь,  сурагчид элсэлтийн шалгалтын тест бөглөхдөө шалгалтын тестээ эхнээс нь дараалуулан хийх гээд мэдэхгүй зүйл дээрээ цаг их алдах, математикийн шалгалтын тест дээр ажиллахдаа хурдан бодох гээд алдаа их гаргадаг, бодлогынхоо мөн чанарыг ойлгоогүйгээс хэт их бодолт хийх зэрэг  шалгалтын тест, бодлогын хариутай ажиллах арга барил суугаагүйгээс болж алдаа их гаргадаг.  
 
Тэгвэл жил бүр зохион байгууллагддаг энэхүү олимпиад нь тэр чигээрээ элсэлтийн ерөнхий шалгалт шиг  шалгалтын дэвтэр,  хариултын хуудас  зэргээс бүрддэг юм байна. Энэ нь  элсэгчдийг энгийнээр бодоход  шалгалтын тесттэй ажиллаж сурах, зөв хувилбарыг сонгож, өөрийгөө сорих зэрэг арга барилд сургаж өгдөг юм байна.  “Улаанбаатар Эмпати” сургуулийн нэрэмжит  байгалийн ухааны хичээлүүдийн олимпиадын хариу нь энэ сарын 29-нд буюу маргааш гарах юм байна. Энэ талаарх зарим мэдээллийг бид “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Д.Ганбаатар болон багш нараас асууж тодруулсан юм.
 
УГ ОЛИМПИАДЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
 
“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Д.Ганбаатар:
 
-Энэхүү олимпиадад хот, хөдөөгийн нийлсэн 3600 гаруй хүүхэд оролцож байна . Дунд, ахлах ангийн түвшинд зохион байгуулагдсан. Энэ олимпиад маань манай сургууль дээр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа. Энэ жил хоёр дахь жилдээ зохиогдож байна.  Ер нь манай “Улаанбаатар Эмпати” сургууль математик, монгол хэл, түүх, нийгэм, англи хэлний чиглэлээр өөрийн нэрэмжит олимпиадуудыг зохион байгуулдаг. Уг олимпиадыг зохион байгуулж буй гол зорилго нь сурагчид “Цөм” хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, чадвар, дадлын түвшингээ тогтоох, алдаа оноогоо олж харах, багш нарын хувьд цаашид ямар ажлуудыг зохион байгуулах вэ гэсэн сэдэл дадлуудыг олж авах зорилготой зохион байгууллагддаг юм.  Энэхүү олимпиадыг хоёр үндсэн үе шаттай зохион байгуулж байна.
 
Манай сургуулийн хувьд, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн программ, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гол ялгаатай тал нь зарим хичээлийг англи хэл дээр заадаг, англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг. Математик, хими, физик , англи хэл зэрэг хичээлүүдийн улсын олимпиад, улмаар олон улсын олимпиад, уралдаан тэмцээнүүдэд манай сурагчид тогтмол түрүүлдэг. Үүнээс гадна боловсролын системд ямар шинэчлэл хийгдэж байна, тэр бүхнийг тэргүүлж, бусад бүх төрлийн уралдаан тэмцээн, сургалтын чанарын үзүүлэлтээр улсад тогтмол тэргүүлж байдаг.  
 
Сургуулийн чанарын баталгааны нэг үзүүлэлт нь элсэлтийн ерөнхий шалгалт юм. 2006 оноос ЭЕШ өгч ирсэн бүх хичээлийн хэмжээст онооны дундаж үзүүлэлтээр манай сургууль улсын хэмжээнд тогтмол эхний гурван байрыг эзэлж ирсэн байдаг. ЭЕШ-д орохдоо манай сурагчид аз сорьсон байдлаар хэзээ ч шалгалт өгдөггүй, эртнээс мэргэжлээ сонгочихсон байдгаараа онцлогтой. Инженер болно гэсэн л бол яг тэр чиглэлийн хичээлийн шалтгалтаа л өгөөд, хамгийн дээд оноог авдаг.
 
 
ТОП СУРАГЧДАД БИД ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛНА
 
“Улаанбаатар Эмпати” сургуулийн Химийн багш Н.Сүхбат:
 
-Энэ удаагийн олим­пиадын эхний үе шатанд хэмжээст оноогоор хүүхдүүдээ шалгаруулж байна. Манай сургуулийн онцлог, давуу тал нь эл­сэлтийн ерөнхий шалгалт шиг зохион байгуулдаг. Хүү­хэд бүр шалгалтын дэв­тэр, хариултын хуудастай. Нэг­дүгээр шатандаа ха­риултын хуудсаар хүүх­дүүдийнхээ стандарт мэд­лэгийг шалгадаг. Үүн дээр үндэслээд  мэдээллийн бааз бүрдүүлэх, судал­гааны ажил хийх, багш нараа хөгжүүлэх бо­ломжтой.
 
Эхний шатны шал­гаруулалт буюу шал­гал­тынхаа хариуг  бид машинаар уншуулдаг. Яг ЭЕШ шиг зохион бай­гуулдаг. Шилдэг хүүх­дүү­дэд медалийн тоо хязгаар­лахгүй. Энэ хи­чээлийн жилд 3600 гаруй хүүхэд оролцож байгаа учраас 500 орчим хүүхэд медалийн болзол хангах боломжтой гэж үзэж байна. Медалийн болзол хангасан сурагчид II шатандаа ахисан түв­шинд өрсөлдөнө. Улсын болон олон улсын олим­пиа­дад өгөгддөг даалгав­руудыг гүйцэтгэж, топ та­ван сурагчийн төлөө өр­сөл­дөнө. Эдгээр топ су­рагч­дад бид цом, өр­гөмжлөл гардуулна. Топын топ сурагчийг эндээсээ шалгаруулна.
 
 
УЛСЫН ХИМИ, БИОЛОГИЙН ОЛИМПИАДЫГ МАНАЙ СУРГУУЛЬ ЖИЛ БҮР ИВЭЭН ТЭТГЭДЭГ
 
“Улаанбаатар Эмпати” сургуулийн Биологийн багш Д.Чинзориг:
 
-БСШУСЯ-наас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа олимпиадыг ямар нэг төлбөр, хураамжгүйгээр зохион байгуулахыг журамдаа тусгаж байгаа. Энэ дүрэм, журмыг манай сургууль бусад сургуульдаа уриалж, энэ удаагийн олимпиадыг төлбөр хураамжгүй зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тиймээс шаардлагатай төсөв хөрөнгийг сургуулийн зүгээс гаргаж байна. Мөн манай хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс хандив өгч байгаа. Багш нар маань нэгдэж, дундаасаа мөнгө хандивласан. Өнгөрсөн жил манай олимпиадад 1400 хүүхэд оролцож байсан. Энэ жил 3600 гаруй хүүхэд оролцож байна.
 
Манай сургуулийн нэрэмжит олимпиадад оролцох хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа нь  “Улаанбаатар Эмпати” сургууль үндэсний хэмжээний томоохон олимпиадыг зохион байгуулж байна гэдгийг харуулж байгаа хэрэг.  Энэ бүхэнд шаардагдаж буй төсөв мөнгийг  сургуулийн захиргаанаас зохицуулж өгч байгаад талархаж байна. Мөн “Улаанбаатар Эмпати” бүрэн дунд сургууль  маань боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.  Тухайлбал, улсын хими, биологийн олимпиадыг жил бүр ивээн тэтгэж оролцдог. Энэ жил 16 дахь жилдээ ивээн тэтгэгчээр оролцох гэж байна.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин