sonin.mn
Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал М.Саруулдалайтай ярилцлаа. 
 
-Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал болсноос тань хойш анх удаа уулзаж байна. Яруу найрагчид их эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг хүмүүс.  Та хувь уран бүтээлчийнхээ хувьд даргын ажлыг хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Энэ ажил миний хувьд цоо шинэ зүйл биш юм.  Би Х.Чилаажав даргын үед Монголын Зохиолчдын эвлэлийн Бодлого зохицуулалтын албаны даргаар ажиллаж байсан. Мөн 2013 оноос хойш Хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад энэ албанд томилогдсон. 1929 оны  нэгдүгээр сарын 9-нд байгуулагдсан эвлэлийн маань түүхт 88 жилийн ой  удахгүй болно. Үе үеийн бичгийн мэргэд, эрдэмтэн зохиолчид энэ байгууллагыг удирдаж байсан бахархам түүхтэй. Ийм байгууллагад ажиллана гэдэг хариуцлагатай бөгөөд нэр төрийн хэрэг юм. Нөгөө талаар утга зохиолоо гэсэн сэтгэлтэй хүний хийх ажил юм болов уу гэж хүлээж авсан даа.
 
-Монголын зохиолчдын эвлэлийг шүүмжилдэг хүмүүс бий. Хэдэн тэмцээн уралдаан зохион байгуулахаас өөр юм байхгүй гэх үг сонсож байлаа.  Ер нь яг чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж чадаж байна уу?
 
-Манайх төрөөс санхүүждэггүй гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Зарим хүн МЗЭ-ийг одоо ч төрөөс санхүүждэг, дарга нар нь улс төрийн томилгоогоор болдог гэж ойлгодог юм билээ. Аливааг гаднаас харах амархан. Дотор нь ороод, хариуцлагыг нь нуруундаа үүрээд ирэхээр амаргүй. Гол нь төсөв мөнгөний асуудал бий. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж айхтар үг ч бий. Уламжлал болсон “Утгын чимэг”, “Болор цом”, “Алтан-Өд” наадмуудаа зохион байгуулахаас гадна гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан, уншигч зохиолчдыг холбосон, эвлэлээ сурталчилсан үйл ажиллагаа явуулахыг зорьж, төлөвлөж л байна.
 
-“Цог” сэтгүүл гарч эхэлсэн байна.  70 гаруй жилийн түүхтэй энэ сэтгүүлийн галыг нь унтраахгүй байх үүрэг та бүхэнд бий байх?
 
Тийм шүү. Сүүлийн хэдэн жил гараагүй “Цог” сэтгүүлийн гурван ч дугаарыг гарлаа. 72 жилийн түүхтэй энэ сэтгүүлийн анхны эрхлэгчээр нь Бямбын Ринчен гуай ажиллаж байсан.  Сэтгүүлийг орчин цагийн өнгө аястай гаргаж, утга зохиолын ертөнцөд болж буй шинэлэг мэдээллээр хангахаар Я.Баяраа, Ө.Үлэмжтөгс, Т.Есөн-Эрдэнэ зэрэг залуусын хамт хичээж ажиллаж байна.  Мөн 2017 онд Монгол Улсад Дэлхийн яруу найрагчдын их хурал болно .
 
Өнгөрсөн есдүгээр сад Монголын соёл яруу найргийн академийн тэргүүн Г.Мэнд -Ооёо, МЗЭ-ийн УЗ-ийн гишүүн Ү.Хүрэлбаатар, яруу найрагч Л.Моломжамц бид нар Чех улсын Прага хотод болсон дэлхийн яруу найрагчдын 36 дугаар их хуралд оролцсон. Энэ их хурлаар ирэх жил Монгол улсад болохоор тогтсон. Орон орны найрагчид Монголд маань чуулж, шүлэг зохиолоо уншина гэдэг зөвхөн утга зохиолын төдийгүй соёл, аялал жуулчлалын томоохон үйл явдал болох нь дамжиггүй.
 
Ойрын хэд хоногт л гэхэд их зохиолч Д.Нацагдоржийнхоо 110 жилийн ойд зориулж манайхаас багагүй ажил хийлээ. Бүгдийг дурдана гэвэл цаг цаас нэлээд орох төдийгүй, даруу бус хэрэг болно. Нөгөө талаар бидний хийх л ёстой ажил юм. Чимээгүй бөгөөд шургуу хөдөлмөрлө, үр дүн чинь өмнөөс ярина гэж сайхан үг байдаг.  Би энэ л зарчмаар ажлаа хийж явна.
 
 -Таныг билиг танхай яруу найрагч гэдгийг мэднэ. Өөрийн уран бүтээлдээ хэр анхаарч байна вэ. Ажлаа түр хойш тавиад  шүлгээ “нухаж” суух үе хэр олон гарах юм?
 
-“Зав гарахаараа шүлгээ бичнэ дээ”  гэж боддоггүй. Үргэлжилсэн үгийн зохиолчдод бол цаг зав үнэтэй байх нь ойлгомжтой. Яруу найрагчдад тэр тусмаа над шиг богино бичдэг хүнд цаг зав гэдэг тийм чухал биш л дээ. Догдолсон, эмзэглэсэн гунигласан үед минь шүлэг өөрөө л төрдөг юм. 
 
- Гадаа өвөл цаг айлчилжээ. Өвлийн өнгө аяс таны шүлэгт хэрхэн бууж догдлуулдаг бол?
 
-Өвөл бас л сайхан улирал. Дөрвөн цагийн эргэлтэд нүүдэллэн ирсэн монгол хүнд өвөл гэдэг давах л ёстой нэг даваа. Хөгшчүүл ярьдаг “Цагийн юм цагтаа сайхан” гэж. Ойрд гадаа нэлээд хүйтэрч байх шиг. Өвөлд, цасанд зориулж би цөөнгүй шүлэг бичсэн. “Цас навчны шүлгүүд” гэсэн нэртэй ном ч бий.
 
“Гурван есийн жавар энгэр нэвт хайравч
Гунигийг минь үргээх нутгийн минь салхи аа
Гудманд надтай таарсан чиний нэрийг мэдэхгүй ч
Урмыг минь бадраах монголжингоо...”  гэж. Мөн
“Зөөлөн цагаан гуниг минь цасан мэт будраад
Зөрж өнгөрсөн бүсгүйн улаахан уруулд хайлна
Зүйрлэшгүй ялдам энэ л агшны төлөөнөө
 
Зөн билгийн хорвоод би дөрөө мулталсан хэрэг ээ” гэсэн шүлгүүд төрж байлаа.
 
- Ер нь яруу найраг гэдэг таныхаар юу вэ. Таны амьдралын хэдэн хувийг эзэлж байна. Та энэ талаар бодож үзэв үү?
 
- Эргээд бодохоор миний амьдрал яруу найраг, утга зохиол­гүй­гээр явж ирсэн өдөр нэг ч байхгүй мэт санагддаг. Амьдралын минь бүхий л учрал тохиол ямар нэгэн байдлаар яруу найрагтай холбоотой байж түүгээр би хөглөгдөн тэтгэгдэж иржээ. Яруу найраг яг юу вэ гэсэн асуултад тийм гээд хариулчихад амаргүй, боломгүй санагддаг ч миний дээрх хэдэн үг багахан хариулт болох болов уу. Яруу найраг бол шидэт долгион, гайхамшигт мэдрэмж, тэсэхүйеэ бэрх харуусал. Яруу найраг гэдэг  уйтгар гунигийн дуу гэж хэлмээр байна.
 
- Таны нэг ярилцлагаас “Би үргэлжилсэн үгээр зохиол бичихгүй. Яруу найргаа л дагнана” гэж уншлаа. Зохиолч уран бүтээлчдэд заавал үргэлжилсэн үгийн бүтээл рүү орно гэсэн хууль байхгүй гэдгийг та хэлчихжээ?
 
-Өө, тэгээд зарлачихсан уу. Уг нь бичнэ гэж бодож байсан юм болихоос / инээв/ Үргэлжилсэн үг гэдэг их том ойлголт. Дэндүү үйл явдал хөөсөн хэт зохиомол зүйлс бичихгүй гэсэн санаагаар л хэлсэн хэрэг л дээ. Би намтар дурсамж, бодит түүх унших их дуртай. Хувь хүнд өөр өөрийн өгөгдлөл, мэдрэмж гэж байдаг. Би өөрт бодогдсон санаа бодол, мэдрэмж эмзэглэлээ товчоор буюу яруу найргаар л илэрхийлэхийг хүсдэг.
 
- Яруу найрагчид үе үеэрээ гарч ирж “Манай үеийнхэн тийм ийм”  гэж ярьцгаадаг. Та үеийнхнээ магтах байх л даа. Таны үеийнхнийг тэсэрч гарч ирсэн гэж боддог?
 
- Аливаа бүх л юм үе үеэрээ төрдөг нь жам юм даа. Гэхдээ би үе гэж туйлшрахад дургүй. Үеэрээ бус сэтгэл зүрхээрээ л хүн уран бүтээлээ туурвидаг. Надад утга зохиолын ертөнцөд эрхэм ах нар , дотно нөхөд, сайхан дүү нар бий.  1990-ээд оныхны хувьд Монголын яруу найраг, уран зохиолд яалт ч үгүй өөрсдийн гэсэн дуу хоолойгоо өргөж, тодорхой шинэчлэлийг хийснийг хэн ч үгүйсгэхгүй болов уу.
 
- Харин залуу үе маань жаахан нам гүмхэн байна уу даа. Яруу найргаар нийгмээ шүүм­жилж, зоригтой шүлгээ дуудах хүн бага байна гэж харах юм?
 
- Би залуу үедээ ит­гэ­дэг. Баянмөнх аваргын үед Монголчууд олимпийн медаль аваагүй шүү дээ. Али­ваад хөгжил гэж заа­вал бий. Монголын утга зохиолын өнөөгийн залуу үе Нобелийн шагнал мэтэд хүрнэ гэдэгт огт эргэлздэггүй. 1980, 1990-ээд оны хүүхдүүд утга зохиолын болоод хэлний өн­дөр боловсролтой залуу­чууд гарч ирж байгааг их л талархан хүлээж авдаг. Тэ­дэндээ найдаж, тэд на­раасаа их л зүйлийг хүсч хүлээнэ дээ.
 
-Яруу найргийн хамгийн том наадам болох “Болор цом” ойртсоор байна. Наадам ойртох тусам олны дунд  шуугиан гардаг.  Энэ жилийн наадам юугаараа онцлог вэ?
 
- “Болор цом” наадам  маань сар шинийн өмнөхөн болно.  Энэ наадам маань 1980, 1990-д онд олны сонирхлыг татсан наадам байсныг үгүйсгэхгүй. Гэвч юм бүхэн өөрчлөгдөх хөг­жихийн жамаар өнөөдөр энэ наадмын утга учир, үр дүн, ач холбогдолыг өөрөөр харахаас өөр ар­гагүй болсон. Хэт тайзны гэмээр шүлгүүд уншигдаад байгаа нь нууц биш юм. “Болор цомд борог өвсний шүлгүүд хэзээ түрүүлэх вэ?” судлаач шүүмжлэгч нар асууж байна.
 
Бид цаашид энэ наадмыг хэрхэн зохион байгуулах талаар олноороо ярилцаж зөвлөлдөн зөв шийдэлд хүрнэ гэдэгт найддаг. “Болор цом”-оос өмнө  Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” ёслолын ажиллагаа шинэ оны босгон дээр МЗЭ-н ойн өдрөөр болно. Яруу найраг, үргэлжилсэн үг, орчуулга гэх мэт утга зохиолын долоон төрлөөр оны шилдгүүдээ шалгаруулдаг энэ наадам бол утга зохиолын ертөнцөд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйл ажиллагаа юм.
 
 
Яруу найрагч М.Саруулдалайгийн уран бүтээлээс
 
ТОГ ТАСРАХАД БИЧСЭН ШҮЛЭГ
 
 
Төрж буй шүлгийг минь
Түнэр харанхуй хучив
Сөнөж буй хотын тавилан
Сохор харанхуйд олзлогдов
Сарны гэрэл, сархадын дөлөнд
Шүлгээ тэрлэсэн Ли Бай-д атаархав
Салхины шивнээ, өвсний үнэрт
Согтууран суусан Нямсүрэнг олзуурхав
Шидэт галбинга шувуу
Шуугиант хотод өндөглөхгүй нь мэдээж
Сохор мухар хотын гудамуудас
Сонгодог мөрүүд битгий хайцгаа
Улалзан бүжих лааны дөл
Ухаан санааг минь хэсэгтээ сэргээвч
Бүлэг цагаан дэрсний гэрэл
Бүтэн сартай шөнө шиг гэрэлтэнэ.
 
ЯРУУ НАЙРАГЧ
 
 
Би бусад шиг байж чадахгүй
Тэд над шиг байхыг мэдэхгүй…
Цэцгийн дэлгүүрийн худалдагч надад
Цавчсан махны ард зогсох наймаачин шиг харагддаг
Өрөөсөн гараа эсвэл хөлөө тас цавчуулсан
Өрөвдөм тэр алаг цэцэгс
Өрөөстэй, өлгөөстэй, үнэлээстэй байхыг
Үнэндээ би харж тэвчдэггүй…
Би бусад шиг байж чадахгүй
Тэд над шиг байхыг мэдэхгүй…
Тиймээ би…
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин