sonin.mn
Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган дөрөвдэх жилдээ зохион байгуулагдав. Тус чуулганаар олон улс дахь энтрепренершипийн хөгжлийн чиг хандлага, туршлагаас суралцах, Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх үндэсний стратеги, оюутан, залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
 
ГАРААНЫ БИЗНЕСТ ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ БЭРХШЭЭЛ
 
“Энтрепренершипийн хөгжил Монгол Улсад” сэдэвт “Стартап Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат илтгэл тавилаа. Тэрээр “Гарааны бизнес стартапийн экосистемгүйгээр хөгжих боломжгүй. Аливаа улсын гарааны бизнесийг таван үзүүлэлтээр тодорхойлдог. Харин бид үүн дээр нэг үзүүлэлтийг нэмж Монгол Улсын гарааны бизнесийн хөгжлийн түвшинг тодорхойлж байна” гэв. Тухайлбал, ур чадвар, нягтрал, соёл, хөрөнгө, хууль эрх зүй, харилцаа холбоо гэсэн зургаан зүйлийг оруулжээ.
 
Манай улсад стартап гэсэн тухайлсан чиглэлээр дорвитой судалгаа байхгүй хэмээн илтгэгч хэлсэн. Харин сүүлийн жилүүдэд бага хэмжээний судалгаанууд хийж эхэлж байна. Бидний хийсэн судалгаагаар гарааны бизнес эхлүүлэхэд 20 сая төгрөг байхад болно хэмээн бизнес эрхлэгчид хэлж байв.
 
Мөн гарааны бизнес эрхлэхэд тулгамдаж байгаа зарим бэрхшээлийг дурдав. Өөрөөр хэлбэл, чадварлаг боловсон хүчин дутмаг байдгаас гадна санхүүжилт болон хууль эрх зүйн орчин нэн шаардлагатай зүйлсийн нэг ажээ. Эхлэлийн бизнесийнхэнд тулгамдаж буй эдгээр асуудал нь хөгжиж буй болон томоохон бизнест ч тулгамдсан асуудал болж буйг оролцогчид хэлж байв.
 
УУЛ УУРХАЙН ХАМААРАЛ ХЭВЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ
 
Мөн уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэсэн гурван салбар хуралдаан боллоо. Үүгээр “Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, “Хөдөө Аж Ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцлоо.
 
Энэ үеэр “Уул уурхайн бизнес маш урт удаан хугацаанд ажилладаг онцлогтой. Түүнчлэн уул уурхайн салбар өөрөө бусад бүх салбартай зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай байдаг. Уул уурхайн салбар бол манай улсын тулгуур салбар бөгөөд ойрын хугацаанд ч мөн уул уурхайгаас хамааралтай байх нь тодорхой.
 
Бид өнөөдөр уул уурхайн салбараа хардаж биш, хамтарч ажиллах боломжийг харж ажиллах хэрэгтэй” хэмээн УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Дамба хэллээ. Ер нь гарааны бизнесээс эхлээд томоохон компани хүртэл бүх шатанд энэ тал дээр анхаарах хэрэгтэйг мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид хэлж байна.
 
ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ ДЭМЖЛЭГ
 
Чуулганы үеэр МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуун илтгэл тавьсан. Тэрээр “Засгийн газар инновациа дэмжихгүй бол ямар ч урагштай зүйл гарахгүй” хэмээн онцолж байлаа. Манай улсын хувьд инновацийн төвшингөөрөө дэлхийд 55 дугаар байрт бичигдэж байгаа аж. Харин бидний шийдэх ёстой асуудал юу вэ гэвэл эдийн засгийн үр ашигтай дэмжлэг бүрдүүлэх учиртайг илтгэгч хэлж байсан.
 
 
Тэрээр хамгийн түрүүнд Засгийн газраас инновацийн бодлогын төслүүдийг батлах ёстой” хэмээлээ.  Мөн энэ үеэр “Wellspring LLC”-ийн үүсгэн байгуулагч Паул Лее /Paul Lee/ “Гадаадад бүтээгдэхүүн худалдаалах гэж байгаа бол тухайн улсынхаа бараа бүтээгдэхүүний борлуулалт, сонирхлыг хамгийн түрүүнд судлах шаардлагатай. Монгол Улсын хувьд байгалийн нөөцтэй боловч далайд гарцгүй зэрэг зарим асуудал байна. Гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр сэтгэх хэрэгтэй”-г сануулав.
 
Энэ удаагийн уулзалт, чуулганаар цаашид хийх ажил, нөөц боломж, шийдэлд хүрэхийг зорьж буй аж. Хэлэлцүүлэгт оролцож байгаа бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид “Бид өнгөрсөн жилүүдийн хурлаар төрөл бүрийн асуудлуудыг хэлэлцэж байсан. Харин өнөөдрөөс эхлэн бид гарааны бизнес, энтрепренерүүдэд чиглэсэн, тэдний үйл ажиллагааг зохицуулах тусгай хууль тогтоомжтой болох нь чухал” хэмээн санал бодлоо илэрхийлж байлаа.
 
Энэ тал дээр УИХ-ын гишүүн Н.Учрал “Инновацийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг тав дахин нэмэгдүүлэх ажил төлөвлөгөөнд багтсан байгаа. Яг үнэн хэрэгтээ Засгийн газрынхан, энэ ажлыг хариуцсан салбарын сайд нь өөрөө инновацийнхаа талаар мэдэхгүй байна. Тэгэхээр гарааны компанийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, эрх зүйн орчин бий болгох боломж бололцоо бүрдээгүй байна гэсэн үг. Тиймээс инноваци гэдэг зүйл маш чухал гэдгийг бид ойлгуулах хэрэгтэй” гэв.
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин