sonin.mn
Олон улсын эдийн засаг, бизнесийн мэдээллийн “Bloomberg” цахим хуудсанд ингэж бичжээ.
 
Түвдийн шашны тэр­гүүн Далай лам Монголд айлчилсны дараа­хан Хятадын тал хойд хөрштэйгөө хийхээр төлөв­лөсөн хоёр талын уулзалтуудыг тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ.
 
Урьдчилан тохиролц­сон хуваарийн дагуу Монголд туйлын хэрэгтэй Хятадын зээл, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэлэлцэх хоёр талын уулзалт энэ долоо хоногт болох ёстой байсан юм.
 
“Уулзалтаар хөн­гө­­лөлттэй зээл, Таван­толгойн төмөр зам, зэсийн үйлдвэр, нүүрснээс бай­­галийн хий гаргах зэрэг чухал төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Харамсалтай нь, Хятадын тал тэрхүү уулзалтыг хийх боломжгүй гэж мэдэгдсэн” хэмээн Монголын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил сэт­гүүлч­дэд мэдээлсэн юм.
 
Уламжлалт Буддын ша­шинтай монголчууд Түвдтэй түүхэн нягт хол­боотой бөгөөд Монгол Улс одоогийн Далай ламыг 1979 оноос хойш хэд хэдэн удаа урьж залсан байдаг. Далай ламыг са­лан тусгаарлагчдын удир­дагч хэмээн үздэг Бээжин түүнийг урин үг хэлэх индэр олгодог улс орнуудыг буруушаасаар ирсэн билээ. Иймээс ч Бээжин Далай ламыг Монголд ирэх бүрийд эсэр­­гүүцэл илэрхийлдэг байжээ.
 
Ц.Мөнх-Оргил мэдэг­дэхдээ, Гандан хийдийн зохион бай­гуулсан Далай ламын айлч­лал цэвэр шашны шинж чанартай байсан бөгөөд Засгийн газар түүнийг урихад ер оролцоогүй гэдгийг тэмдэглэсэн юм.
 
Хятад түүнчлэн хоёр жилд нэг удаа болдог хоёр орны парламентын түвшний зөвлөлдөх уулзалтыг ч цуцалжээ. Мөн Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Хятадад ирэх жил хийхээр төлөвлөсөн айлчлалын бэлтгэл ажил ч хэрхэх нь тодорхойгүй болсон аж.
 
Монгол Улс өнгөр­сө­н наймдугаар сард эдийн засаг нь хямарсныг зарласнаас хойш түнш орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудаас, үүний дотор Хятад, ОУВС-гаас яаралтай зээл тусламж хүсч эхэлсэн юм. Тус улсын төсвийн алдагдал энэ жил хоёр дахин нэмэгдэн нэг тэрбум ам.долларт хүр­­сэн бол дотоодын нийт бүтээгдэхүүн нь энэ жилийн эхний есөн сарын байдлаар 1.6 хувиар буурчээ.   
 
Б.Барс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин