sonin.mn
Фидель Кастро өөд болжээ. Тэртээх 1959 онд АНУ-ын талыг баримтлагч Батистагийн дэглэмийг түлхэн унагаж эрх чөлөөний Куба арлын жолоог атгаснаас хойш социалист дэг­лэмийг цогцлоон бүтээх үзэл бодол, их үйлстээ үнэнч байсаар дуусав.
 
Цогцос нь хөрж ч амжаагүй байхад есөн жорын асуулт урган гарсаар. Кастрогийн дэглэм яагаад ийм удаан оршин тогтнож байна вэ? Яагаад Куба орон Латин Америкийн цорын ганц коммунист дэглэм болон хувирав аа? Таван аравны турш үргэлжилсээр байгаа энэ дэглэмийн мөн чанар, утга учир нь юу вэ? Куба улс Кастрогүйгээр оршин тогтнох уу? Кастризмийн төгсгөл ирэх нь энэ үү?
 
Энэхүү эгэлгүй сонирхолтой хүнийг ойлгохын тулд Кубын бүгд найрамдах улсын түүхийг эргэн санах хэрэгтэй болно. Фидель Кастро тэнгэрээс унаж ирээгүй, тамаас ч өгсөж гарч ирээгүй. Тэр бол кубачууд улс болон бүрэлдэж байх цаг үед оршиж байсан тодорхой үзэл бодол, хандлагын нэг бүтээгдэхүүн. Түүнийг Куба орон төрүүлсэн, учир нь эрх чөлөөний арал нь ийм хүн, иймэрхүү үр жимс ургахад бэлтгэгдсэн байсан юм.
 
1926 онд буюу хүний эрхийг нухчин дарж, харгис хатуу бодлого явуулж байсан генерал Херардо Мачадогийн засаглалын үед төрсөн Фидель эрх баригчдыг эгдүүцсэн тэмцэгч, хувьсгалч орчин, нөхцөлд өсөн торнижээ. Түүнийг бага байхад Кубад Засгийн газрын эсрэг бослого гарч дарангуйлагч генерал Мачадо 1933 онд улс орноосоо зугтан гарлаа. Херардо Мачадог зайлуулан эрх мэдэлд гарч ирсэн Фулхенсио Батиста ч дарангуйлагч болон хувирч, үүнд эгдүүцсэн куба иргэд дахин өөрчлөлт, хувьсгалыг хүсч байв. Ийм л нөхцөл байдалд төрөх ёстой байсан хувьсгалч жамаараа гарч ирж, нэг хүн, нэг хувьсгалч төрөх ёстой байсан нь Фидель болж таарсан хэрэг.
 
 
1959 оноос хойш улс орноо 60 жил удирдахдаа боловсрол, эмнэлгийн үйлчилгээ, спорт, урлаг гээд ямар ч улс орон атаархам их амжилтад хүрчээ. АНУ тэргүүтэй улс орнууд Кастрогийнхны нэг намын систем, сөрөг хүчнийг нухчин дардаг зэргийг нь шүүмжлэн, төрөл бүрээр хавчин боосоор ирсэн ч тэрээр социализмыг байгуулах үйл хэрэгтээ дэндүү үнэнч байсан юм. Куба иргэд нийтээрээ ядуу, тун бага орлоготой амьдарсаар ирсэнд мэдээж зөрүүд Кастрогийн “хувь нэмэр” их.
 
Ердөө хамар дор нь байдаг жижигхэн Куба орон хэлсэн, ярьснаар нь хөдлөхгүй гөжүүдэлж, цэргийн хүчээр байлдан эзлэх гээд ч бүтэлгүйтсэн тул АНУ тус арлын эсрэг эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээ нь авсан нь одоо ч үргэлжилсээр, Кубын эдийн засгийн хөгжил, ард иргэдийнх нь элбэг, хангалуун амьдрах боломжийг хязгаарласаар байгаа билээ.
 
Дэлхийд хамгийн хү­чирхэг гэгддэг аме­рикуудын ч өмнө хугарч, нугараагүй, амийг нь хөнөөх гэсэн Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчооны олон оролдлого, халдлагыг тэсч амьд үлдэж урт удаан наслаад (90) өөд болсон Фиделийг дэлхий даяараа дурсаж, хүндэтгэж, гашуудаж буйн зэрэгцээ баярлаж, хөөрсөн хүмүүс ч их байна.
 
Кубын хувьсгалын дараа эх орноосоо зугтан гарсан олон зуун мянган куба иргэн, тэдний үр хүүхэд “Кастро төгсгөл боллоо, Куба орон өөрч­лөгдөх цаг нь ирлээ, Кастрогийн дэглэм төгс­лөө, Кубад ардчилал, чөлөөт нийгэм бий болох эхлэл тавигдлаа” хэмээн баярлаж байна. Цогтой хувьсгалч ахынхаа зал­гамж халааг авсан Кубын удирдагч Рауль Кастро эдүгээ 85 настай. Түүнийг “явсны” дараа Куба улсад эрс биш юм аа гэхэд, томоохон өөрчлөлт гарах нь гарцаагүй юм.
 
“Социализмыг байгуулах үйл хэргээсээ би хэзээ ч ухрахгүй. Энэ замналдаа би олон зүйлийг золиослосон. Та нар намайг уучилж, зөвтгөхгүй ч түүх намайг цагаатгана” хэмээн командлагч Фидель алдарт үгээ хэлж байв. Фидель өөд болсон ч Рауль байж байна. Хувьсгалч ахынхаа үнэнч дагуул, үйл хэргийг нь үргэлжлүүлэгч нь байхад Куба оронд эрс өөрчлөлт гарахгүй, тайван амгалан байх нь мэдээж. Харин хэдэн жилийн дараа, Кубын хувьсгалын дараа мэндэлсэн куба улстөрчид улс орноо хэрхэн удирдаж, хаашаа хөтлөх нь хамгийн сонирхолтой.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин