sonin.mn
 Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сарын хуралдаанаар “Боловсролын зээлийн сан” байгуулж, оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгохоор болсон билээ. Тэгвэл арилжааны банкууд энэ долоо хоногоос оюутнуудад зээл олгож эхлэхээр болжээ.
 
Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоход шаардах бэлтгэл ажлыг дуусгасан” гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн сайдын мэдээлж буйгаар 2016- 2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байгаа бөгөөд. хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд олгох тооцоо гарчээ.
 
Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагаас 125 мянга нь бакалаврын өдрийн ангид сурдаг аж. Оюутны сургалтын зээлийг богино болон урт хугацааных гэж ангилах бөгөөд суралцагсдын сурлагын голч дүн гурав байх, нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа бол голч дүн 2.5 байхаар тогтсон.
 
Харин шинээр элсэгчдийн хувьд ЭЕШ-д 400-аас багагүй оноотой буюу их, дээд сургуульд элсэн суралцах босгыг хангасан байх, үргэлжлүүлэн суралцагсдын хувьд голч дүн хоёроос доошгүй байх гэсэн ерөнхий шалгууртай юм.
 
М.Өлзий
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин