sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сүн Силтэй холбоотой улс төрийн дуулиан шуугиан улам газар авсаар байна. Энэ дуулианд хөгжим, дүрс бичлэгийн алдартай нэгэн найруулагч орооцолдож, прокурорууд түүнд  яллах дүгнэлт үйлджээ.
 
Найруулагч Ча Юн Тэкийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдыг дарамталсан гэх үндэслэлээр ням гарагт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ча овогт нь Пак Гын Хэгийн найз бөгөөд Өмнөд Солонгост дэгдээд буй дуулиан шуугианы гол эзэн болох Чой овогттой ойр дотно холбоотой байжээ.
 
Ча овогт өөрийн танилуудаа ажилд оруулахын тулд цахилгаан холбооны нэгэн томоохон компанид дарамт шахалт үзүүлсэн аж. Мөн тус компани болон өөрийн зар сурталчигааны компанийн хооронд гэрээ байгуулахад нөлөөгөө ашигласан байна.
 
Прокурорууд хэлэхдээ “Ча болон Ерөнхийлөгч Пак нар хуйвалдсан болохыг бид тогтоосон” гээд “Чагийн танилуудыг ажилд авахыг харилцаа холбооны компанид үүрэг болгохыг Ерөнхийлөгч Пак өөрийн туслахдаа тушаасан нь тодорхой боллоо” гэв.
 
Өмнөд Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай Ерөнхийлөгч Пак холбоотой нь тодорхой болсон талаар прокурорууд хоёр дахь удаагаа мэдэгдсэн нь энэ юм.
Өмнөд Солонгосын Үндсэн хуульд “Ерөнхийлөгч үймээн дэгдээгээгүй бол, эсвэл эх орноосоо урваагүй бол эрүүгийн хэрэгт татаж болохгүй, халдашгүй дархан эрхтэй байна” гэж заасан байдаг аж.
 
Ча овогтод хэрэг үүсгэсэн нь Ерөнхийлөгч Пакт дахин хүнд цохилт болж магадгүй юм. Тус улсын сөрөг хүчний намууд үүнийг “Пакийг огцруулах бас нэгэн шалтгаан” гэж үзэж байна.
 
Пак Гын Хэ ерөнхийлөгч болсноос хойш  Ча Юн Тэк засгийн газраас санхүүжүүлсэн олон  тооны соёлын төслийг хариуцан ажиллаж байсан бөгөөд соёл урлагийн салбарт нэлээд нэр хүндтэй хүн ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг