sonin.mn
Төрийн байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдлын өнөөгийн түвшин, цаашдын хандлагын талаар төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, шинжээч, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хэлэлцлээ.
 
Иргэний нийгмийн 14 байгууллагыг нэгтгэсэн “Ил тод байдлыг дэмжих түншлэл” сүлжээнээс зохион байгуулсан “Ил тод байдал-2016” форумд “Глоб интернэшнл” ТББ-ын судлаач Д.Мөнхбүрэн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтыг боловсонгуй болгох асуудал” сэдвээр илтгэл тавилаа.
 
Цахим орчинд мэдээлэл нь хамгийн ил тод, ойлгомжтой байдаг байгууллага бол шүүх гэдгийг форумд оролцсон иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөгчид онцолсон юм. Тиймээс “Хууль, шүүхийн байгууллагын ил тод, нээлттэй байдал, Монгол Улсын шүүхийн цахим сан-shuukh.mn сайтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, зорилтууд” сэдвээр хэлэлцүүлэг хийв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “Нээлттэй шүүх” сэдвээр мэдээлэл өгөхдөө “ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс “Монгол Улсын шүүхийн цогц зураглал” судалгаа хийгээд “Хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй байдал, шүүхийн үйл ажиллагааны ил тод байдал хангагдсан байна” гэж дүгнэснийг онцоллоо. Нэгдүгээрт, гурван шатны шүүхийн шийдвэр www.shuukh.mn вэб сайтад бүрэн эхээрээ хадгалагддаг. Тус сайтад 14960 хүн бүртгүүлсэн бөгөөд өдөрт 10 мянган хүн тогтмол ханддаг. Үүгээрээ төрийн байгууллагуудын сайт дундаа хамгийн их хандалттайд тооцогдож байгаа.  
 
Одоогийн байдлаарwww.shuukh.mn сайтаас 175 мянга гаруй хэргийн 234 мянган шийдвэр үзэх боломжтой. Тус сайт жилд гурван сая орчим удаагийн хандалттай бөгөөд 150 мянга орчим хэрэглэгч шүүхийн шийдвэр татаж авдаг болжээ. Хоёрдугаарт, шүүх хуралдаан нээлттэй болсон. Сонирхсон бүх хүн шүүх хуралдаанд оролцох боломжтой. Мөн шүүхийн иргэдэд зориулсан хэсэгт байрлуулсан дэлгэцээр шүүх хуралдааныг дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжийг бүрдүүлсэн.
 
Гуравдугаарт, Иргэдийн оролцоо, хяналтыг хангасан. Шүүх засаглалд ил тод, нээлттэй, шударга ёс, иргэний оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулдаг. Ингэхдээ сонгуулийн насны, ял шийтгэлгүй бүх иргэнээс санамсаргүй байдлаар программын аргаар иргэдийн төлөөлөгчийг сонгодог. Одоогоор 12805 иргэдийн төлөөлөгчийг бүртгэсэн. Тэдэн дотроосоо дахин программын аргаар сонголт хийж тухайн шүүх хуралдаанд оролцуулдаг.
 
Статистик мэдээллээр 3118 шүүх хуралдаанд 3167 иргэдийн төлөөлөгч оролцсон. Үүнээс гадна “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ыг олон улсын жишигт нийцүүлсэн гэдгийг тэрбээр онцоллоо. “Хууль судлал, хөгжлийн төв”-ийн тэргүүн, доктор В.Удвал төрийн бус байгууллагыг төлөөлж шүүхийн нээлттэй байдлын талаар, “Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаа иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулдаг талаар,  “Монголын эмэгтэйчүүд сан”-гийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийг сайжруулахад анхаараач гэсэн саналыг хэлж байлаа.
 
“Орхон 21 дүгээр зуун төв”-ийн тэргүүн н.Хишигсүрэн “Бид Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхэд ажиглалт хийсэн. Иргэдэд үйлчлэх хэсэгт шүүх хуралдааны үйл явц дэлгэцээр гарч байдаг. Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй болсныг мэдэрсэн. Шүүх нээлттэй болсонд талархал илэрхийлье” гэв. Хэлэлцүүлэгт оролцогсод шүүхийг бүрэн нэлттэй болсон гэж дүгнэлээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг