sonin.mn
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /ШЕЗ/ шүүхийн шинэтгэлийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийлээ. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж энэ үеэр  шүүхийн шинэтгэлийн дараагийн шатанд юу хийхээ мэдээлсэн байна. 
 
Шүүхийн шинэтгэлийн хоёр дахь шатанд эхлээд шүүгчээ сургана. Захиргааны шүүхийг бүсчилж  хэд хэдэн аймгийн дунд нэг байхаар хуульд зохицуулсан. Гэвч энэ нь буруу гэж Үндсэн хуулийн цэц үзээд аймаг бүрд байгуулсан.
 
Тэгэхээр аймгийн нэг шүүгч жилдээ 6-7 хэрэг л шийдэж байгаа. Ачаалал ийм бага нөхцөлд тухайн шүүгч хөгжихгүй, зэврэх аюултай. Тиймээс шүүгчийн сургалтыг шинэ шатанд гаргаж, тал бүрээс нь сургах тал дээр голчлон анхаарна. Гол нь шүүгчийн сургалтыг ёс зүйгээс гадна хүний эрх, салбар дундын, техникийн, эдийн засгийн шинжлэх ухааны гээд бүх талын мэдлэг олгоход чиглүүлэх шаардлага байгаа. Энэ мэтчилэн олон хөтөлбөр хэрэгжүүлж шүүгчийн сургалтад том өөрчлөлт хийхээр төлөвлөж байна гэлээ.
 
Нөгөө нэг анхаарах асуудал нь Дархан, Архангай зэрэг цөөнгүй аймагт шүүхийн барилгын асуудал учир дутагдалтайгаас үйлчилгээ нь иргэдэд хүрэхгүй байх дутагдал байсаар байна. Цаашид шүүхийн барилгыг олон улсын стандартад нийцсэн, шүүгчийн хараат бус байдлыг шийдлээрээ зохицуулсан байдлаар тохижуулахаар төлөвлөсөн гэдгээ онцлов. Мөн тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, орон тоо данхар байна гэх шүүмжлэл"-ийн хариуд  " ШЕЗ-ийн орон тоог сүүлийн жил бүрд бууруулсан. Улмаар 50 хүний бүтэцтэй болсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын яам, агентлагуудаас хамгийн цөөн хүнтэй нь ШЕЗ болсон" гэж хариулав.
 
 Мөн сая орон нутгийн зарим шүүхээр орж ажилтай нь танилцаад ирлээ. Орон нутагт шүүгчдийн хэргийн ачаалал бага байдаг. Аймгийн нэг шүүгч жилдээ 6-7 хэрэг л шийдэж байгаа. Эсрэгээрээ нийслэлийн шүүгчдийн ачаалал маш их байна. Тиймээс орон нутгийн шүүгч нарыг томилолтоор ажиллуулж, ачааллыг бууруулах болсон. Ингээд аймаг, нийслэлийн шүүгч нарын ачаалал харилцан адилгүй нөхцөл үүсээд байгааг анхаарч ажиллана" гэдгээ мэдэгдсэн юм.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг