sonin.mn
Монгол Улсад байгалийн гамшигт үзэгдэл гарах эрсдэл харьцангуй гайгүй ч 1970-1980-аад оны барилга их, сургууль, цэцэрлэгийн барилгын насжилт уртасч байна.
 
Тиймээс барилгын аюулгүй байдлаас гадна онцгой байдлын үед хүүхдүүд өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг чадварт суралцах ёстой хэмээн өнөөдөр эхэлсэн “ЕБС, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал" Үндэсний бодлогын чуулганы үеэр онцлов.
 
БСШУСЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж буй тус чуулганд оролцогчид цэцэрлэг, ЕБС-ийн орчинд газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, суралцагчдын аюулгүй суралцах орчныг бүрдүүлж байгаа сайн туршлагаас хуваалцаж байна.
 
Дэлхий нийтэд түгээмэл тохиолддог аюулт үзэгдэл, ослоос манай оронд ган, зуд, цасан болон шороон шуурга, аянга цахилгаан, аадар бороо, үер, обьектын болон ой, хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, усны осол, техникийн холбогдолтой осол зэрэг аюулт үзэгдэл, осол нийтлэг байдаг. Эдгээр аюулт үзэгдэл, осолд өртөгсдийн 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байгаа нь сэтгэл зовоосон асуудлын нэг болж байна хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
 
2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 852 цэцэрлэгт 208 мянга, 655 сургуульд 534.6 мянга, 457 дотуур байранд 33 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул, санамсар болгоомжгүй байдлаас үүдэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд 230 гаруй хүүхэд бэртэж гэмтэн, 500 гаруй хүүхэд амь насаа алдсан байна. Иймээс гамшгийн эрсдлийг бууруулах, гамшиг ослыг хохирол багатай даван туулахад онцгой байдлын байгууллагаас гадна эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, бусад байгууллагууд, олон нийтийн оролцоо чухал гэдгийг хэллээ.
 
БСШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар ЕБС-д 830 гаруй мянган хүүхэд суралцаж байна. Боловсролын байгууллага онцгой салбар болохын хувьд гамшиг ослын үед хамгийн аюулгүй байх ёстой. Сургууль, цэцэрлэгүүдийн барилгын насжилт уртасч, 1970-1980-аад оны барилгууд их болж байна.
 
Нийт 150 орчим сургууль, 200 орчим цэцэрлэгийн насжилт урт, цаашид шинээр барих шаардлагатай гэсэн тооцоо бий. Гамшиг, онцгой байдлын үед хүүхдүүд сургуульд нэг дор олноор байдаг учир эрсдэлд өртөх магадлалтай. Тиймээс барилгын аюулгүй байдлаас гадна хүүхдүүд өөрсдөө амьдрах, онцгой байдлын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг чадварт суралцах ёстой.
 
Онцгой байдлын үед сургууль боловсролын байгууллага хоргодох байр болдог учир барилгын аюулгүй байдал их чухал. Мөн сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт аюулгүй амьдрах ухааны чиглэлээр  нэлээд агуулга багтсан. Цаашид энэ хүрээнд боловсруулсан гарын авлага, агуулгыг сургалтын хөтөлбөрт оруулах, сургалт зохион байгуулах, хүүхдүүдийн оролцооны байгууллагуудыг энэ чиглэлээр идэвхжүүлэх шаардлагатай байна” гэв.
 
Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганы төгсгөлд цэцэрлэг, ЕБС, дотуур байранд хүүхдийн сурч хөгжих аюулгүй орчин бүрдүүлэх, газар хөдлөлт зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.
 
Чуулганд аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлага, төсөл хэрэгжүүлсэн зорилтот сургуулиудын төлөөлөл, сургуулийн аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг