sonin.mn
Байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд өнөөдөр чуулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажил, ирээдүйд явуулах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргав.
 
Байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын уялдаа холбоо, үйл ажиллагааг хангах зорилго бүхий Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн тавдугаар чуулган өнөөдөр болов. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү чуулганаар МБОИЗ-ийн 200 гишүүн байгууллага болон холбогдох албаны 69 төлөөлөгч оролцож, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцдэг.
 
Төрийн зүгээс байгаль хамгаалах үйлсэд ТББ-уудын дуу хоолойг тусган ажиллаж байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол чуулганд ирүүлсэн мэндчилгээндээ дурьджээ. Тэрбээр, БОАЖЯ ТББ-уудтай хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Орхон, Хэрлэн гол, Ганга болон Өгий нуурын усны нөөц, экосистемд учирсан сөрөг нөлөөг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг нэрлэж болох юм.
 
Мөн 2012-2013 онд МБОИЗ-өөр байгаль орчны багц хуулийг орон даяар сурталчилах, сум, дүүрэг бүрт үндэсний сургагч багш бэлтгэх зэрэг ажлыг 900 сая төгрөгийн санхүүжилтээр хийлгэсэн. 2016-2020 он хүртэлх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчны чиглэлээр хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ТББ-ууд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.
2008 онд байгаль орчны салбарт 1400 орчим ТББ үйл ажиллагаа явуулж байсан бол эдүгээ 200 болж буурсан нь тооноос чанарт шилжсэн томоохон алхам болсон гэдгийг МБОИЗ-ын тэргүүн С.Дамдинсүрэн нээлтийн үеэр хэллээ.
 
Тэрбээр, “Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хурдацтай өсөлт нь экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж, улс орнуудын хөгжлийн өмнө тулгамдсан сорилт болсоор байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаа бол дэлхий нийтээр ногоон хөгжлийг эрхэмлэж, амьдралын хэв маяг, хэрэглээ, байгаль орчинд хандах хандлагаа өөрчлөн, ирээдүйнхээ төлөө нэгдэж чадсан он жилүүд байлаа. Монгол Улсч 2030 он хүртэлх Ногоон болон Тогтвортой хөгжлийн зорилтоо батласан.
 
АСЕМ-ын 11 дэхь удаагийн уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Ази, Европын ард түмний чуулганаар байгаль орчны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ бүхний үр дүнд Монгол Улс 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулж, улмаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан дэлхийн тэргүүний 30 орны тоонд орох зорилт тавин ажиллаж байна. Энэ бүх үйл ажиллагаанд МБОИЗ идэвхтэй оролцож байгаа. Цаашдаа төрийн бодлогыг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах чиглэлээр идэвхтэй ажиллана” хэмээв.
 
Түүнчлэн байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн нэрийн дор гадаадын томоохон компаниудын гар хөл болж, бусад байгууллагууд болон төрийн бодлого, эх орноо муулж  санхүүжилт татдаг 10 орчим ТББ бий. Эдгээр байгууллагуудыг Монголын хууль, хяналтын байгууллагууд судлан тогтоож, хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдав.
 
Мөн чуулганаар байгаль хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж буй ТББ, иргэдэд хандан уриалга гаргав. Уриалгад нутаг усаа хайрлах, усны нөөцөө хэмнэх, уул уурхайн улмаас сүйдсэн байгаль орчноо нөхөн сэргээх хөдөлгөөн өрнүүлэх, Монголын нутагт химийн аюултай хог хаягдал булшлах, хадгалахын эсрэг нэгдэх зэргийг тусгажээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг