sonin.mn
Иргэдийн дунд тааруухан үнэлгээтэй байдаг эрүүл мэндийн салбарынхан энэ удаа эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор гарт баригдаж, нүдэнд үзэгдэх нэлээд хэдэн даацтай ажлуудыг эхлүүлжээ.
 
Тухайлбал, эрүүл мэндийн салбарт гацаанд орсон, олон жил ярихаас цаашгүй, дорвитой үр дүнд хүрэхгүй, хүлээгдэл үүсгээд байсан ажлуудыг А.Цогцэцэг сайд хөдөлгөж чадсан байна.
 
Сүүлийн жилүүдэд манайд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хийдэг болсон. Гэтэл  одоо үйлчилж буй Донорын тухай хууль нь донор шилжүүлэх тухай зарим эрх зүйн харилцааг зохицуулах тал дээр учир дутагдалтай байдаг байсан. Тодруулбал, зөвхөн төрөл садангууд нь хоорондоо донор болох заалттай байгаагаас үүдэн зайлшгүй донор болох шаардлага гарсан үед иргэдэд эмчилгээ, үйлчилгээний дээрх заалт нь хүндрэл учруулдаг байсан.  
 
Тэгвэл элэг, бөөр, үе, нүдний эвэрлэг, ясны чөмөг гэх мэт эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай, иргэдийн дунд олон жил хүлээгдэл үүсгээд байсан Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, дэмжигдсэн гэдгийг гараанаасаа гарсан олон ажил дундаас онцолмоор санагдав. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон яамны газар, хэлтсийн дарга нар өнгөрсөн пүрэв гаригт сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар санал бодлоо солилцсон юм.
 
Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийж буй ажлууд гурав дахь шатлалын эмнэлгүүдэд хэрхэн хэрэгжиж буйг газар дээрээс нь харах боломж олгов.  Уулзалтын үеэр салбарын сайдын зүгээс сүүлийн жилүүдэд анагаах ухааны дэвшилтэт технологи аппаратууд Монголд нэвтэрч оношилгоо, эмчилгээг  цаг алдалгүй хийх боломжтой болсон. Иймд өвчтөний амь насанд шууд хүрдэг аюултай өвчнүүдийн талаар болон эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж, иргэдийг үнэн бодит мэдээллээр хангахад сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал байгааг онцолж байсан.
 
ЗУДТАЙ АЙМГУУДАД НИСДЭГ ТЭРГЭЭР ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
 
Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор олон ажил хийгджээ. Тухайлбал, цас, зудтай, өвөлжилт хүндэрсэн аймгуудад нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлэхээр Зам тээврийн хөгжлийн яам, Батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж байгаа  юм байна.
 
Мөн эмнэлгийн төсөв мөнгө хүндрэлтэй байгаа энэ үед эх, хүүхдийн эндэгдэл гардаг эрсдэл бүхий аймгуудад  ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн зөвлөх багийг очиж ажиллуулан, газар дээр нь арга зүйн  зөвлөгөө өгч байгаа гэж байв. Түүнчлэн нийслэлийн хүн ам ихтэй дүүрэг болох Баянзүрхийн “Амгалан” амаржих газрын орыг 50-иар нэмэгдүүлсэн байна. Хэдэн жил царцуу байсан түлэнхийн төвийн барилгыг 2017 онд барьж дуусгах Засгийн газрын тогтоолыг батлуулсан гээд дурдаад байвал эрүүл мэндийн салбарт иргэнд хэрэгтэй томоохон ажлууд бас хийгдэж байна. Харин энэ бүхнээс иргэдийн талархлыг хүлээж буй хэд хэдэн ажлыг нь  онцолж дурдмаар санагдав.
 
Эрүүл мэндийн яаманд ирдэг өргөдөл, гомдлын 60-70 хувийг  эмч нарын ёс зүй, хүнд суртал,  авлига, хээль хахууль, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой  санал гомдол  эзэлдэг.Тиймээс салбарын сайд энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж, хот, хөдөөгийн аль ч иргэн эмч, эмнэлэг хоёрт хандаж, тусламж үйлчилгээ  авах үед тулгарч байгаа саад  бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор  Засгийн газрын 100 хоногийн хүрээнд, нэлээд олон асуудал дээр төвлөрч ажилласан гэж байв. Мөн эдгээр ажил нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон клиник эмнэлгүүдэд  хэрхэн хэрэгжиж байгааг тасаг, нэгжийн үйл ажиллагаа болоод иргэдийн сэтгэгдлээс сонсох боломж олдов.  
 
ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ БҮХ МЭДЭЭЛЭЛ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
 
 
Тус эмнэлэг дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмнэлэгтээ нэвтрүүлсний бас нэгэн үр дүн нь нөхөн сэргээх эмчилгээний нэг төрөл болох усан бассейн юм.
 
П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэг хот, хөдөөгийнхөнд харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Хэдийд ч очсон өвчтөнөөр дүүрэн байдаг, том эмнэлэг. Ажил албандаа гаршсан, олон хүнд амьдрал хайрласан алтан гартай эмч нар энд ажилладаг, гадаадад өртөг өндөртэй хийгддэг хагалгаануудыг ч энд бага зардлаар, найдвартай хийдэг учраас үйлчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд өсч байдаг. Тус эмнэлэг 700 гаруй эмч, ажилчидтай. Жилдээ 18 мянган хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг.  Тиймээс тус эмнэлгийнхэн иргэдийнхээ тав тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс эмчилгээ үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулжээ. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэд ч бас үүнд талархалтай хандаж байна.
 
Тухайлбал, Улсын III төв эмнэлэг үйлчилгээний шинэ менежментийг нэвтрүүлж, иргэдийн оношлогоо, эмчилгээний мэдээлэл, үйлчилгээний дэс дараалал зэргийг дэлгэ­цээр иргэдэд нээлттэй мэдээлдэг болсон байна. Мэс засал, эрчимт эм­чилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийг ар гэрийнхэнтэй нь шууд дуу, дүрсээр харилцах боломжийг олгосон байна. Мөн хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийнхээ тухтай байдлыг хангах зорилгоор ариун цэврийнхээ өрөөнөөс эхлээд боломжоороо засварлаж, орчин нөхцлөө орчин үеийн болгожээ.
 
 
“БӨӨРНИЙ  ДУТАГДАЛТАЙ ИРГЭДЭД АМЬДРАЛ ХАЙРЛАСАНД БАЯРЛАЛАА”
 
 
Бөөрний архаг дутагдалтай хүн хиймэл бөөрний аппарат буюу гемодиализад долоо хоногт гурван удаа орох шаардлагатай байдаг. Энэ эмчилгээний зардлыг төр хариуцахаар болжээ.
 
Зүрх судас, мэс засал, эрчимт эмчилгээ гээд олон тасгаар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Аль ч тасгаар орсон орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, эмч сувилагчдын харилцаа ханд­лага, ёс зүйгээ чанд сахисан, сэтгэлд нийцтэй орчин угтаж байна. Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсвол, “П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэгт  тархины харвалтын бүлэн хайлуулах эмчилгээ, судсан дотуурх зүрхний төрөлхийн гажгийн мэс засал, судсан дотуурх тархины хавдрын судас бөглөх мэс засал, тархины судасны эмгэгийн мэс заслын эмчилгээ гээд, гадаадад өндөр өртөгөөр хийгддэг зүрх, тархины мэс заслуудыг монгол эмч нар хямд өртгөөр, тун чадварлаг хийж, өвдсөн зовсон бидэнд амьдрал хайрлаж байгаад талархаж байна” гэж байна. Мөн салбарын сайдад хандан элэгний С вирусын эмийн үнийг бууруулж, элэгний вирус тоолох шинжилгээг даатгалын сангаас хийдэг болсонд  талархаж байв.  Монголд сүүлийн жилүүдэд бөөрний өвчтэй, бөөрний дутагдалд орсон иргэдийн тоо өссөөр байгаа. Жилд 1500 гаруй хүн бөөрний дутагдалтай гэж оношлогддог.
 
Энэ хэрээр ч мөн  бөөрний өвчин нь хүндэрсэн, зайлшгүй гемодиализийн аппаратад орж, амьдрал залгуулах иргэдийн тоо өсч  байдаг. Гэтэл манай эмнэлгүүдэд бөөрний гемодиализийн аппарат буюу ус цэвэршүүлэх систем нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Үүнээс болж хэдэн зуун хүн үхэл, амьдралын зааг дээр өдөр хоногийг өнгөрөөж байдаг. 
 
Тиймээс гурав дахь шатлалын эмнэлэг бүр дээр энэ аппаратын тоог нэмэгдүүлж, тасгийн үйл ажиллагааг нь өргөжүүлж, олон хүнд хүртээмжтэй байхаар зохицуулж өгсөнд иргэд талархаж байсан. Хамгийн гол нь амьд явахын эрхэнд байр сууц гээд аль байгаагаа зарж үрээд гадаад, дотоодод гемодиализийн аппаратад орохоор амь эрэн яваа олон хүнд амьдрал хайрлаж, гемодиализийн эмчилгээний зардлыг төр хариуцахаар болсонд иргэд маш их талархаж байв. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт бас ажил урагшилж байна. 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин