sonin.mn
Энэ удаагийн дугаарын зочноор Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжинг урилаа.
 
Сонины маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхныг сонирхмоор байна?
 
-Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Сүүлийн уран бүтээл гэвэл эх орны сэдэвтэй “Монгол шорооноо” гээд шүлэг бичлээ. Удаан дуншиж байж төрсөн бүтээл болохоор одоохондоо энэ шүлэгтээ дурлачихаад л гүйж явна. Яг одоо бол дуучин Сарантуяагийн намтар зохиол дээр ажиллаж байна. Томхон хэмжээний бүтээл. Нэлээдгүй цаг зав, хүч, сэтгэл оюун шаардсан энэ ном “ Зууны дуу хоолой” нэртэйгээр 12 дугаар сарын эхээр уншигчдад хүрэх юм.
 
Зууны манлай дуучны намтар зохиол гэхээр мундаг бүтээл байгаа даа? Тэгээд бас зохиолч нь Та....
 
-Хувь хүний намтар зохиол манайд байх ёстой түвшиндээ, байх ёстой утгаараа гарч байгаагүй. Тийм учраас дуучин Сарантуяагийн намтар зохиолоор энэ төрлийн бүтээл ямар байх ёстойг харуулах бодол надад бий. Дээр нь энэ бол ганц хүний жаргал зовлонгийн тухай ном биш. Монголын рок поп урлагийн хагас жарны түүх. Энэ бүтээлийн ард гартлаа өөр юманд сатаарахгүйгээр ажиллана.
 
Таны зохиол бүтээлүүд хэр “зовоож” байж төрдөг вэ? Хаа нэг яаран бичих үе бий юу? Захиалгын ч юм уу зохиол бичдэг үү?
 
 -Захиалгаар зохиол бичиж байгаагүй. Зохиол бүтээл гэдэг хүний зүрх сэтгэлээс төрдөг онцлогтой. Үүнийг үзэг цаас нийлүүлдэг хэн бүхэн мэднэ. Тэгэхээр зүрх сэтгэлийг минь захиалж байж л бичүүлэх байх даа.
 
Миний хувьд бүтээлээ нэлээн удаан бодож явдаг. Ялангуяа үргэлжилсэн үгийн зохиол зохиолчийнхоо тархи оюунд эхлээд бүрэлдэж боловсордог. Тэгж байж төрнө. Харин бичихдээ их хурдтай. Шүлэг яруу найраг бол өөр. Сэтгэл хөдлөлөөс төрдөг. Цахилгаан цахих шиг, шувуу нисээд өнгөрөх шиг тэр хоромхон зуурын мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр бичигддэг. Мэдээж, бодож, тунгааж, ухаан шигтгэж бичдэг шүлэг бий. Нийгэмд заавал хүргэх ёстой үгсээ тэгж тунгааж байж буулгадаг.
 
Зохиолч Эмүжинтэй фэйсбүүкийн найзууд. Миний хувьд таны идэвхтэй дагагч. Яаж ингэж хүний зүрх сэтгэлд хүрч уран яруу бичдэг байнаа гэж бодож таны зохиолд дурлах үе цөөнгүй. Ямар үед онгодод хөглөгддөг вэ?
 
-Би өөрөө ч хэлж мэддэггүй юм. Энэ бол ид шид биш, ямар нэгэн тэнгэрийн дохио биш. Зүгээр л ингээд төрчихсөн бололтой. Баярласан ч, гуньсан ч, уйлсан ч, инээсэн ч энэ чадвар надтай хамт байдаг болохоор хамт л төрсөн байх. Гэхдээ би гайхдаг, хүн болгон л хэдэн үг эвлүүлж хэлэхээд бичиж чаддаг шүү дээ. Энд онцгой юм байхгүй байх аа.
 
Та их энгийн, нээлттэй хүн шиг санагддаг. Уурлаж, бухимдах үе байх нь мэдээж. Тэр үед юу хийдэг бол? Магадгүй өөр нэг өнгийн уран бүтээл мэндэлдэг болов уу?
 
-Бухимдах, шантрах, итгэл алдрах үе байлгүй яахав, хүн л юм чинь.Тийм үедээ улам л дотогшоо хярчихдаг. Юун зохиол бичих манатай. Харин тухайн үед төрсөн мэдрэмжийг дараагийн удаад хэн нэгэн ууртай гол дүрдээ шингээн бичиж болно. Уурласандаа түүний тархи хуй салхи шиг эмх замбараагүй манантаж....гээд ч юм уу. Гэхдээ уурлах чинь ядаргаатай шүү дээ, Тэгж зовж яах юм. Инээгээ л, инээгээ л явж байхад хатуу бүхэн зөөлөрч, хана хэрэм бүхэн нурна.
 
Манай зохиолчид гадаадын зохиолчидтой хэр хамтарч ажилладаг юм бол?
 
-Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш монголын зохиолчдын хувьд социалист гэгдсэн хүрээллээс гарч, бусад орны уран бүтээлчдэд өөрсдийгөө таниулах, харилцаа холбоо тогтоох шаардлага бусад салбарынхны адил тулгарсан. Би хувьдаа гадны сэтгүүл, сонинд ганц хоёр шүлэг нийтлэгдэх, орчуулгын номд тавигдсан байхыг тоодоггүй. 
 
Хэзээ нэгэн цагт хэн нэгэн монгол залуу дэлхийн хэлээр сэтгэж бичнэ, тэр нь бестселлэр болно. Тэр цагт монголын уран бүтээлчдийн ур чадвар, сэтгэлгээний онцлогийг бөмбөрцөг дэлхий танина гэж итгэдэг.
 
Таны эргэн тойронд цэргийн алба хаасан хүн бий юу? Цэргийн алба хаасан хүн, алба хаагаагүй хүний ялгаа ажиглагддаг уу?
 
-Америкт сурдаг хүүд минь саяхан цэргийн зарлан дуудах бичиг ирэхэд сэтгэлд нэг тийм сайхан мэдрэмж төрсөн. Аав, ах, дүү гээд цэргийн алба хаасан хүмүүс эргэн тойронд маань бий. Цэргийн алба хаасан хүн, хаагаагүй хүн хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Зориг хатуужил, дотоод сахилга бат гээд энэ ялгаа юм юман дээр харагдана. Монгол хүн бүрийн зүрхний титэм судсанд Монголын далбаа намирч байдаг. Цэргийн алба хааснаар тэр далбаа илүү албан ёсны, илүү их үүрэг хариуцлагатайгаар, илүү эрэмгий намирч эхэлдэг. Харин төр нь иргэнийхээ эх орноо гэсэн энэ их тэмүүлэл, хайрыг улам бүр тордох ёстой.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Зэвсэгт хүчин гэдэг бол онцгой салбар. Ямар ч улс орон хамгийн эхлээд Зэвсэгт хүчнээ баталгаажуулж, хүчирхэгжүүлж, бодлогын түвшинд өргөж байж дараа нь боловсрол, эдийн засаг, бизнесээ ярих учиртай. Учир нь бидэнд газар шороо, тусгаар тогтнол үгүй бол Монголыг доллараар хучаад ч яах юм. Монгол гэж хэн хэлэх юм.
 
 Манай Зэвсэгт хүчнийхэн сүүлийн жилүүдэд маш хурдтай, агуулгатайгаар урагшилж байгааг хараад үнэлж, бахархдаг. Шинэ цагт бидэнд өөр шинэ асуудал тулгарч байна. Энэ нь олон улсын шинжээч судлаачдын сэтгэлийг чилээж буй, нэг бус илтгэлд дурдагдсан эмзэг сэдэв л дээ. Ганц буу дуугаргаж, ганц сум зарлагадалгүйгээр аль нэгэн улс орныг чимээгүйхэн эзлэн авдаг болсон шүү дээ. Их гүрнүүдийн энэхүү шатрын нүүдлийн эсрэг бид иргэдээ бие бялдар, сэтгэл санааны хувьд төдийгүй боловсрол мэдлэг, дотоод чанараар нь бэлтгэх хэрэггэй болж байна.
 
Сэтгэл зүрх оюун санаанд нь буй Монгол гэсэн дархлааг сэрээж, шаардлагатай бол дахин суулгаж өгөх хэрэгтэй. Монголын эрх ашгийг ямар ч үед, амьдралын ямар ч нөхцөлд сэрж санадаг, бизнесийн ямар ч ашигтай гэрээний үед эхэнд нь тавьж чаддаг тийм дархлаа манайханд дутагдаж байна. Манай зэвсэгт хүчнийхэн ганц буу дуугаргалгүй, ганц сум тавилгүйгээр тэрхүү Монголын эрх ашиг хэмээх нойрсоод удаж байгаа дархпааг сэрээж, оюун санаа, сэтгэхүйн түвшинд ажиллаж чадна.
 
Таны зохиол бүтээлд эрчүүдээ өмөөрсөн, магтан дуулсан зохиол багагүй байдаг. Тиймдээ ч манай уншигчдаас таны шүтэн бишрэгчид цөөнгүй байдаг байх. “Соёмбо” сониноор дамжуулж Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдад юу хэлэхийг хүсэж байна вэ?
 
-Эх орныхоо дуудлагаар цэргийн алба хааж буй мянга мянган дайчиддаа эргэн санахад хамгййн эрхэм, эвлэн суухад хамгийн дотно, гайхалтай 365 өдрийн мэндийг хүргэе. Хүн энэ урт амьдралын туршид ганц л удаа цэргийн алба хааж, эх орныхоо тэнгэр дор жагсдаг. Тиймээс ихийг сурч мэдэж, эргээд өөр өөрийнхөө салбарт Зэвсэгт хүчний сахилга бат, тэвчээр хатуужил, арга ухаанаар гайхуулж яваарай. 
 
Хятад зэрэг зарим улсад эх орондоо тоогдож эр цэргийн алба хаахын тулд иргэн нь мөнгө төлдөг. Гэтэл Монгол Улс насанд хүрсэн хүүгээ аавын ёсоор цэргийн албанд дууддаг.Энэ эрхэм дуудлагыг хүлээн авсан эр цэргүүд болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярлалаа гэж хэлье. Ялангуяа энхийг сахиулагчдаа харах тоолонд, тэдний тухай сайхан мэдээ сонсох бүрд сэтгэл нэг тийм ер бусын бахархал, омогшлоор дүүрдэг. Энхийг сахиулагчид бол Монголоос дэлхийг зорин ниссэн эр зориг юм. Бас дэлхийг өвөрлөн Монголд газардсан их ухаан юм.
 
Хүн бүхэн нэг жилээ дүгнэж, хийх ажлаа цэгцэлдэг үе ирж байна. 2017 онд юу төлөвлөж байна вэ?
 
-”Хөх сарны явдал” романы 2 дугаар дэвтрийг уншигчиддаа хүргээд энэ сэдвийг хаана. Үргэлжлүүлж бичихийг хүссэн олон хүнд хүргэх хариулт минь болог. Бас шүлгийн шинэ номоо хэвлүүлэхээр төлөвлөсөн.
 
Сүүлийн асуултыг Танд үлдээе?
 
-Зүрхээ чагна даа. Тэнд гал байгаа. Зүрхнийхээ галыг л битгий унтраагаарай. Асаа, дүрэлзүүл, борооноос халхалж, салхинаас нөмөрлө. Учир нь зүрхний чинь гал чамайг төдийгүй эргэн тойрны чинь хүмүүсийг гэрэлтүүлдэг галт бамбар юм шүү. Чиний зүрхний гэрэлд анд нөхөд, амраг садан чинь алдсанаа олж, аз жаргалаа атгаг.
 
 
Ахмад  Д.Гэрэл
Эх сурвалж: “Соёмбо” сонин