sonin.mn
БЭЭЖИН./TASS/. Ланьцанцзян- Меконг мөрний сав газарт зургаан улсын тусгай албадын явуулсан ажиллагааны явцад 12,7 тонн хар тамхи болон их хэмжээний буу зэвсэг хураан авсан байна.
 
Энэ тухай Хятадын Синхуа агентлаг тус улсын баруун өмнөд нутгийн Юннань мужийн цагдаагийн газрын мэдэгдлээс иш татан мэдээллээ.
Гурван сарын турш үргэлжилсэн уг тусгай ажиллагааг Хятад, Камбож, Лаос, Мьянмар, Таиланд, Вьетнамын тал хамтран явуулсан байна. Ажиллагааны явцад хар тамхи үйлдвэрлэхэд хэрэглэдэг 55,2 тонн химийн бодисыг илрүүлжээ. Зөвхөн Мьянмарт гэхэд, Таиландын тагнуулын албаны мэдээлэлд тулгуурлан 1,73 тонн "метамфетамин" гэдэг мансууруулах бодисыг хураан авсан байна.
 
Ажиллагаа үр дүнтэй болсон нь зургаан улсын тусгай албад нэгдсэн командын төв байгуулан  ажиллуулсантай холбоотой ажээ.
 
Меконг мөрний Хятадын нутгаар урсдаг хэсгийг Ланьцанзян  гэж нэрлэдэг ба Меконг мөрөн нь зургаан улсын нутгаар нийт 5000 км урт газраар урсан өнгөрдөг байна. Уг мөрний сав газарт хар тамхины наймаагаар гаршсан олон тооны зэвсэгт бүлэглэлүүд байдаг аж. Харин 2013 оноос хойш дээрх зургаан улс хамтарсан эргүүл хийх болсноор хар тамхитай холбоотой гэмт хэргийн тоо буурсаар байгаа юм.
 
Х.Сарнай  
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг