sonin.mn
Инээдэмтэй мэт атлаа сургамж магадгүй сэрэмжлүүлэгч байж болох ёжилж, цаашлуулах маягийн ийм нэгэн хэлц үг байдаг даа. Яагаад ч юм энэ үг гэнэт санаанд оров.
 
Тэгэхдээ төрийн эрх барьж , хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын намрын чуулган хуралдаж, улс орныхоо уггах маргааш ирэх оны өнгө төрхийн илэрхийлэл-төсөв, үйл ажиллагааны бодлого, чиглэлээ батлан тогтоохоор төрийн эрхэм түшээд үгээ хэлж, ухаанах уралдуулан хэрэлдэж, хэлэлцэж байх үеэр"Казино л мөнгө авчирна" гэх хачирхаж, эгдүүцэм, хачин сонин үг дуулдав.
 
Тэгэхдээ тэд итгэл дүүрэн, омог бардам өнгө аястай байхыг нь яана.Энэ үгийг сонсмогц, ”Ээ хөөрхий эрхэм түшээдийн маань оюун нь самуурч аргаа барж, гоочоо мэрэхдээ хүрч, мөрийтэй тоглоомоор мөнгөжих, ухаан сийлэв гэж үү”гэсэн эмзэг бодол сэтгэлд ургав. Чухам л "...аавынхаа толгойг маажина” гэгч л энэ болов уу. Яваандаа яаж ч мэднэ дээ" гэсэн болгоомжлол дотор газраас аазгай хөдөлгөн сүүмэлзэж эхлэв.
"Казино” Энэ нэрийг бид анх удаа сонсч байгаа бус.
 
Эргэх цагийн хүрд саардаггүй юм болохоор хориод жилийг ардаа орхижээ. Энэ тухай яриа дуулиан дэгдэж, хууль ч батлуулсан удаатай. Өгөөж үр дүн нь юу билээ гэвэл “Төрийн түшээ гурван эрхэм” аавын хаалга татсан. Хожсон нь гэвэл дээдсийн ивээлд багтсан нэг нь генералын мөрдөс зүүсэн явдал л байх" гэхээс өөрөөр хариулах үг эс олдоно. Ингэхдээ "Улбаа мөр нь ялимгүй бүдгэрсэн ч шинэхэн хэвээрээ гэлтэй. Энэчлэн эмзэглэл болгоомжлол төрсний учир "Оготнын дуу тэнгэрт хүрдэггүй”-г санавч, үгээ хэлж, бодлоо айлтгахаар энэхэн хэдэн мөрийг хэлхэв.
 
Монгол нутагт казино зохих хязгаарлалттай байж болохыг, тэр нь ашиг орлого олж, мөнгө сан арвижуулах нэгэн эх үүсвэр мөнийг үгүйсгэхгүй ч эцсийн үр дагавар нь юу авчрах бол гэдэгт үнэнхүү эргэлзэж байна. Энэ асуудлаар төрийн түшээд төдийгүй иргэд олон түмний төлөөлөл санал бодлоо илэрхийлж байгаагийн зах сэжүүр төдийг дуулж сонссон ч итгэл төрдөггүйн учир юу юм бол.
 
”Казино’’-д монгол хүн оруулахгүй” гэх юм. Миний ухаарч төсөөлж байгаагаар, хамгийн нарийн ёс дэг журмыг эрхэмлэх учиртай энэ нандин үгээр халхавч хийсэн эмх замбаагүй байдал газар авч төр засаг, улс төрийн нам, хүчин, төрийн бус, олон нийтийн бүх шатны байгууллагын анхааралд ямагт байвал зохих иргэдтэйгээ ялангуяа оюун санаа сэтгэл зүй ёс жудагтай нь ажиллах чухал асуудал үнэн хэрэг дээрээ мартагдаад байна шүү дээ. Ийм нөхцөл байдалтай байхад ”казино”-гийн тухай ингэтлээ хөөргөн дэвэргэх хэрэг байна уу. Үнэхээр гайхаж сэтгэл зовж байна.
 
Айл гэр аргалынхаа уутыг хоосолчихвол "гал алдахын цондон” гэдэгсэн. Эдүгээ улс орны маань аргалын уут асар дундарч хоосроход ойртсоныг харж мэдэн, ухаарч ойлгож, дутууг гүйцээх, дундуурыг дүүргэхээр арга ухаан сийлж, хичээн оролдож, зарим талын наашлах өнгө аяс бүхүй "урин салхи” сэвэлзэж эхэлж байгааг ухаарч, бас ч урамшиж баярлаж сууна.
 
Гэхдээ ”Хүн хэдий цэцэн ч хэлэхээс наашгүй”-г бодож санаснаа айлтган учирлах нь юуны алдас болохсон билээ.
Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж, өр төлбөр нь хэрээс хэтэрсэн тухай сонсогдож, байна. Учир шалтгааныг нь асуувал, "Аж ахуй үйлдвэрлэлийг хамгийн муу эрхлэгч /бизнесмен буюу менежер/ нь төр гэсэн үгээр ам хаана. Энэ үзэл ойлголт, үнэлэлт дүгнэлттэй би яагаад ч санал нийлэхгүй. Харин төр зөв бодлогоор удирдан чиглүүлж, хөтөлж үр ашгийг нь дээшлүүлж, ажил хэргийг нь зохицуулснаар хүмүүс олон түмний идэвх сэргэж, урам зориг, бүтээлч санаачлага, арга ухааны нь сан ундарч, тэр хэрээр амжилт дуурсч, бүтээл туурвил цогцолж, эдийн засаг, үйлдвэрлэл, нийгмийн бүх салбар жигд эрчимтэй хөгжиж ирснийг амьдралын үнэн гэрчилнэ.
 
Үүнийг батлах олон арав хэдэн мянган жишээг хэлж чадна. Үүнээс үүдэлтэйгээр төрийн өмчийг /бараг бүрэн/ хувьчлах тухай сураг дуулдана. "Нүд чих хоёр дөрвөн хуруу зайтай” гэх өвгөдийн мэргэн үг буй. Ташаа дуулсан байхыг яаж мэдэхэв. Хэрэв үнэн бол энэ нь төрийг өөрийн мэдлийн өмчгүй, "мод барих”-даа хүрч хоосон гараараа хөндий цээжээ дэлдээд хашгирах төдий дүр төрхтэй үлдээж хариуцлагаас бултах "муур юм бол хумсаа нуух” хаалт, хашилтын эзэн болгочих юм биш биз гэсэн харууслын сүүдэр сэтгэлд сүүтэгнэн дүрслэгдэж байна.
 
Арай ч тиймгүй биз. Хамгийн энгийн гэж болох нэгэн жишээ. Монгол шуудан /хот хөдөөд барагцаалбал 400 салбартай том айл / компанийг хувьчилна. Худалдах үнэ нь 20 тэрбум төгрөг гэж дуулдана.Энэ ямар үзүүлэлт вэ.
 
Юм үзэж нүд тайлаагүй над мэт болон эгэл жирийн хүмүүст бол аманд багтах аргагүй том тоо. Харин томчууд буюу их мөнгөтнүүдэд бол УИХ-ын хоёр гишүүний хадгаламжийн дүнг илэрхийлэх ердийн байдаг л тоо. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилтэй жишвэл дөнгөж 1.5 хувьтай нь дүйцэх ялимгүй, өөрөөр хэлбэл үл тоох өчүүхэн мөнгө.
 
Энэ ямар салбар билээ. Түүхийн шарласан хуудас юу хэлж буйг сөхөн харвал: Өгөөдэй хаан өгүүлрүүн: “Эцгийнхээ сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: нэгдүгээрт, би алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав. ”/Монголын нууц товчоо.2004 он.140-р тал/ Дурайн тодрох энэ цөөн үг, Үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд нэн чухал үүрэгтэйг нь үнэлсэн "дайнд ялахын тулд юуны өмнө банк, холбоо хоёрыг нь эзэлж авах учиртай” гэж ярилцдагийг ишлэл болгох нь илүүц эс болохсон билээ. 
 
Энэ бол эгэл миний бодол. 1990-ээд он. Зах зээлийн харилцаанд шилжих нүргээнт ажил, өмч хувьчлалын үр дүн зарим нүдээ олсон сайн эхлэл байсан ч эд барааны /картын гэх/ хомсдол, аж амьдралын гачаал дутагдал гэхчлэн юу дагуулсан билээ гэдгийг эргэн санахад илүүц эс болох нь мэдээж. Эл бүхнийг тунгаан нягталж гүйцэд сайн харж, 2018 онд эдийн засгаа тогтворжуулж улс орныхоо хөгжлийн алхааг жигдлэх бодол зорилгоо бүрэн төгс хэрэгжүүлээсэй.
 
Үүний тулд төрийн, төрийн бус, олон нийтийн, үүсгэл санаачлагын бүх байгууллага эв хүч, бодол зорилгоо нэгтгэж, иргэдтэйгээ ялангуяа ирээдүй хойчийг цогцлоох их үйл эрхэм хувь тавилангийн эзэд-залуучуудтайгаа ойртож, гүнд нь орж оюун ухаан, эр бяр, ур дүйг нь нэгтгэж сайхан бүхнийг цогцлоох үйлсэд уриалан дуудаж эрч хүчийг нь оргилуулаасай. Тэгвэл тулгамдаад байгаа тээг саадыг гэтлэн давах арга зам аяндаа тодорно. Бас биежиж хэрэгжинэ. Тийм боломж, нөөц хөрс суурь ч бэлэн буйд төгс итгэн харж, ханцуй шамлан ороход бэлхэн, чин сэтгэлээр хүсч тэмүүлж байна.
 
Ахмад настан, сэтгүүлч С.Ерөөлсүрэн