sonin.mn
Шинэ парламент үйл ажиллагаа эхэлснээс хойш Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалттай холбоотой улстөрийн тоглолтууд нам харгалзалгүй өрнөсөн. Гол дүрийн нэг нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж.
 
Тэрээр Эрдэнэтийн худалдан авалтын талаар намын удирдлага болон Засгийн газрынхаа эсрэг байр суурьтай байсан. "Эрдэнэтийн ТУЗ-ийг эрх баригчид авах ёстой” гэж эхэлж хэлсэн. Дэлхийн жишиг болон компанийн тухай хуулиар цөөн хувь эзэмшдэг тал нь ТУЗ-өө удирдах журамтай ч Эрдэнэтийн хувьд асуудал өөрөөр яригдана гэж зүтгэсэн юм. Үнэхээр ч Ц.Нямдоржийн зөв болж эрх баригчдын хүн ТУЗ-ийн даргаар нь сонгогдсон.
 
Үүний дараа гүйцэтгэх захирлын төлөөх сунгаанд Ц.Нямдорж өөрийн хүнээ “сойсон”. Хэдийгээр Увсын фракцийн хүн сугарч хоцорсон ч МАН-ын угшилтай эрхэм Эрдэнэт үйлдвэрийг удирдах боллоо. Энэ бол дэд даргын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Олон жил улстөрд манлайлсан хүний хувьд энэ хоёр ялалт Ц.Нямдоржид зайлшгүй ирнэ гэдгийг тооцсон л байж таараа.
 
Одоо түүний дараагийн ялалт Ерөнхийлөгчийн сонгуулиар ирнэ. Эрдэнэтийг халуун сэдэв болгон барьж тоглосон мэргэшсэн улстөрч энэхүү сэвдээ үргэлжлүүлэн хөндөж дараагийн алхамаа хийх нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Ц.Нямдоржийн хувьд Эрдэнэтийн асуудал болон эдийн засгийн хямрал гол хөзөр нь болно.
 
2013 оны сонгуулиар Оюутолгойн асуудал халуун сэдэв нь байсан. Тухайн үед засгаа өгчихөөд намаасаа ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авах гэж байсан Ц.Элбэгдорж талбай дээр жагсаж буй иргэд дээр очиж “Оюутолгойн гэрээг бид хийхгүй ээ. Ард түмэн байгалийн баялгаа хуваан хүртэх ёстой” хэмээн сонгуулийн PR-aa эхэлж байлаа.
 
Ард түмэн ч хүүдээ итгэл хүлээлгэсэн. Энэ жишгээр явбал Эрдэнэтийг хэн сайн шүүмжилж, иргэдэд хувь болгон тараана гэж амласан нь сонгогдох магадлалтай. Ц.Нямдорж хашир улстөрчийн хувьд үүнийг хамгийн түрүүнд мэдэрч, барьж авсан. Одоо үүнийгээ орхино гэж байхгүй, харин ч Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг авчирна гэдэгт бүрэн итгэлтэйгээр урагшилж байна.
 
Хэрэв Ц.Нямдорж ирэх сонгуульд ялалт байгуулвал хуульч мэргэжилтэй анхны Ерөнхийлөгч болж түүхэнд үлдэнэ. Тэрээр УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Монголын ерөнхийлөгчдийн намтар ч төрийн гурван өндөрлөгийн хоёроос дээш албыг хашиж явсан байдаг. Өдгөө УИХ-ын дэд дарга, төрийн дөрөв дэх өндөрлөг гэж хэлж болох Ц.Нямдоржийн зангараг, замнал Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болох бүрэн боломжтойг харуулж байна.
 
А.Баяртсайхан