sonin.mn
Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран халтиргаа, гулгаа үүсдэг газруудад давс хадгалах цэг байгуулсан байна.
 
Тус дүүргийн Онцгой комисс хуралдаж, дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагууд болон хороод, Нийтлэг үйлчилгээний газруудад цас, мөс арилгах ажлыг долоо хоногийн хугацаатай эрчимжүүлэхээр тогтсон. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн хэмжээнд цас, мөс арилгах ажлыг дахин зохион байгуулжээ. Дүүргийн Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваагийн үүрэг даалгаврын дагуу нийт 816 аж, ахуйн нэгж байгууллага, 1023 хүн 34,680 метр квадрат талбайг цэвэрлэсэн байна.
 
Мөн дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хариуцан ажилладаг Нийтлэг үйлчилгээний газрууд нийт 40821 метр авто зам, 16267 метр явган хүний замыг 257 хүний оролцоотой цэвэрлэлээ.
 
Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 318,9 тонн цас, мөсийг 49 машинаар ачиж тээвэрлэсэн бөгөөд дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн 80 гаруй хувийн цас, мөсийг цэвэрлээд байгаа аж.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг