sonin.mn
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ ”Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг энэ 7 хоногийн сүүлчээр, эсвэл ирэх долоо хоногийн даваа гараг гэхэд гарна.
 
Дүгнэлтийг иргэд, олон түмэндээ ил тод танилцуулна" хэмээн мэдээллээ.
 
Тэрбээр цааш хэлэхдээ, "Тус ажлын хэсэгт УИХ-ын 7 гишүүн ажиллаж байна. Мөн ажлын хэсэгт Монголбанк, ГХЯ, Сангийн яам зэрэг төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэгтэй. Ажлын хэсэг мэргэжлийн түвшинд ажиллаж байна. Дүгнэлтэн дээрээ тулгуурлаж ажлын хэсгээс УИХ-д тогтоолын төсөл оруулна. Одоогоор урьдчилсан байдлаар дүгнэлтээ танилцуулах нь зохимжгүй.
 
Ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөх гэсэн оролдлого ч гарч байгаа. Монголын асар их баялагийг 27 настай хүүхдэд хууль бусаар шилжүүлэхэд оролцсон бүлэглэл ажлын хэсгийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүй байхыг гуйж байна. “Эрдэнэт”-ийн хувьчлал бүх хууль, дүрэм журмыг зөрчсөн эсэх талаар удахгүй мэдээлнэ” гэв. 
 
Түүний дараагийн мэдээллийн сэдэв бол ирэх сарын 6-нд хийх АН-ын Их хурал байв. Тэрбээр, "Энэхүү Их хурлаар зөвхөн намын үзэл баримтлал, шинэ дүрмийг батална. Ардчилсан нам бэлтгэгдсэн байгаа дүрмийн төслөө шинэ агуулгаар нь баталж чадвал жинхэнэ Ардчилсан нам болж чадна. Намын их хуралд оролцох бүх гишүүддээ хандан хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн 300-аас доошгүй ажиглагчийг оролцуулах ёстой.
 
Намын Их хурлаар бүлэглэлүүд өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж одоогийн боловсрогдсон дүрмийг өөрчлөх вий. Нийт гишүүдийн дундаас намын даргаа сонгох саналыг бүлэглэлүүд өөрчлөх санаархал байна гэх мэдээлэл ирсэн. Ирэх сард болох хурлаар бүлэглэлүүдийн санал болгосон намын даргыг сонгохгүй” гэв. 
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг