sonin.mn
МОСКВА./TASS/. Оросын нэрт угсаатны зүйч, хэл шинжээч, зохиолч, эмч В.И.Далийн зохиосон орос хэлний тайлбар тольд байгаа үгсийн 20 орчим хувь нь хэрэглээнээс аль хэдийн гарсан байна. Үүнийг хайлтын Яндекс системээс явуулсан судалгаа харууллаа.  
 
 150 жилийн өмнө Далийн зохиосон толь бичгийг бүрэн эхээр нь хэвлэсэн билээ. Уг бүтээлийг 19-р зууны дунд үед өдөр тутмын ярианд хэрэглэгдэж байсан үгсийг бүрэн багтаасан “маш сайн тайлбар толь” гэж үздэг.
 
Харин өнөөгийн хүмүүс уг толь бичигт байгаа үгсийг ашиглан хайлт хийж буй байдлыг судлах замаар орос хэл хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг тодорхойлохын тулд дээрх судалгааг хийсэн байна. Тодруулбал, бүтэн жилийн хугацаанд Яндексийн хэрэглэгчид XX болон XXI зуунд хэрэглэгдэж байсан болон хэрэглэгдэж байгаа орос хэлний 750 мянган үгийн утгыг мэдэх зорилгоор хайлт хийжээ.
 
Харин Далийн толь бичигт 200 мянга орчим үгсийн утгыг тайлбарласан байдаг бөгөөд тэдгээрээс 18 хувь нь буюу 1/5 орчим нь Яндекст хандсан хайлтын хүсэлтэд огт дурдагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Далийн толь бичиг дэх үгсийн 18 хувийг бүрдүүлж буй 40 мянга орчим үг хэрэглээнээс аль хэдийн хасагджээ гэж ойлгож болно. Бүтэн жилийн хугацаанд хүмүүс эдгээр үгсийн тусламжтайгаар хайлт хийгээгүй, тэр ч байтугай эдгээр үгс ямар утгатай болохыг ч лавлаагүй байна. Эдгээр 40 мянган үгсийн дотор үйл үг илүү олон байгаа нь Далийн толь бичиг дэх үйл үгнүүд нь нэр үгнүүдээс илүү хурдан хуучирч байна гэсэн үг юм.
 
Х.Сарнай  
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг