sonin.mn
Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдрийг угтаж өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/-д сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулав.
 
Жил бүрийн 12 дугаар сарын 1-нд Монгол Улсад төрийн болон ТББ-ууд хамтран тэмдэглэсээр 17 жил болж байна. Манай улсын хувьд ТББ-уудын идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр уг асуудлыг олон нийтийн анхаарлын төвд хүргэж, тодорхой үр дүнд хүрсэн юм.
 
ДЭМБ, НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрт дурдсанаар 2015 онд дэлхий дээр 36,7 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Энэ онд 2,1 сая хүн ХДХВ-ийн халдвар шинээр авсан бол 2000 онд 3,1 сая байжээ. Ретровирусын эсрэг эмчилгээнд 2015 оны 6 сард 15,8 сая хүн хамрагдсан бол 2016 оны 12 сар гэхэд 17 саяд хүрчээ. Мөн 2010 онд ХДХВ-ын халдвартай насанд хүрэгчдийн ретровирусын эсрэг эмчилгээний хамрагдалт 23 хувь байсан бол 2015 онд 46 хувь болжээ. 2005 онд ДОХ-ын шалтгаант нас баралт 2 сая бүртгэгдсэн бол 2015 онд 1,1 сая болж буурчээ. Эдгээр статистик үзүүлэлтүүдээс дүгнэхэд, урьдчилан сэргийлэлтийн үр дүнд эерэг үзүүлэлт гарч байгааг харуулж байна. Иймд 2016 оны ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдрийг “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриаг дэвшүүлжээ.
 
НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Михел Сидибе “Одоо бидэнд ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын төлөө эргэж нэгдэх цаг болжээ. Энэ боломжийг ашиглан ДОХ-ын аюулыг 2030 он гэхэд устгахын төлөө яаравчилья” гэж гишүүн орнуудад уриалжээ.
 
Манай улсад 2016 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 218 тохиолдол бүртгэгджээ. ХДХВ-ын халдварын тархалт нийт хүн амын дунд 0,1 хувиас бага юм. Харин эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд ХДХВ-ын халдварын тархалтын түвшин 12 хувь байгаа нь ДЭМБ-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай оронд багтжээ.
 
 
2016 оны шинэ тооцооллоор 15-49 насныханы дунд ХДХВ-ын халдвартай 457 хүн байх магадлалтай. Энэ нь уг халдвараар бүртгэгдсэн 2 хүний ард 3 оношлогдоогүй хүн байж болзошгүй юм. ХДХВ-ын бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны эрчүүд эзэлж, 99 хувь нь бэлгийн замаар халдварлажээ. Нийт нас баралт 35 байгаа бөгөөд энэ жил 6 хүн нас баржээ.
 
ХДХВ, ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь нь эрчүүд бөгөөд тэдний 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд юм. Монгол Улсын хэмжээнд уг ХДХВ, ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь нийслэлд байгаа бөгөөд 18 аймагт халдвартай хүн бүртгэгджээ.
 
Өнөөдөр уг асуудлыг хэвлэл мэдээллийнхэн үнэн зөв, шуурхай мэдээлэх үүрэгтэйгээс гадна хувь хүний эрхийг хамгаалахад онцлон анхаарч, тусгайлан авч үзэх сэдэв биш гэдгийг чухалчилж, мөрдөн мөшгөх, ялгаварлан гадуурхахгүй байхыг эрхэмлэх ёстой. Хамгийн гол нь залуу үеийнхэнд “Үнэнч бай, тэвч, бэлгэвч” гэсэн гурван чухал зарчмыг баримталж байхыг ухуулан сурталчилж, таниулах нь хамгийн зөв, оновчтой гарц юм.
 
Дашрамд дуулгахад, Уг халдварыг тээж байгаа хүнийг эмчлэх эм сүүлийн жилүүдэд олноор гарч, үнэ нь буурсан төдийгүй тэдний амьдрах нас ч уртасч байгаа аж. Мөн манай улсад энэ өвчний халдварыг анх авсан /Камеруны иргэнээс/ хүн өнөөдөр эмчилгээгээ хийлгээд бидний дунд байж байгаа нь ямар ч хүн халдвар авч болох ч эрт оношлуулж эмчилгээ хийлгээд эрүүл хүний адил ажиллаж, амьдраад явах боломжтойг харуулж байна. Мөн 20 насандаа халдвар авсан хүн эрт оношлуулж, эмчилгээгээ тухай бүрд нь хийлгээд байхад дунджаар 71 наслах боломжтой бол 20 настайдаа халдвар авсан хүн эмчид хандаагүй бол 42 орчим л наслах боломжтой аж.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг