sonin.mn
МОСКВА./TASS/. ОХУ-ын Холбооны Зөвлөл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэвлэмэл бүтээгдэхүүн дэх зар сурталчилгааны эзлэх хэмжээ 40 хувь байсныг 45 хувь болгон өсгөх тухай хуулийн төслийг сайшаалаа.
 
Үүний сацуу хэвлэмэл бүтээгдэхүүнд ногдуулах Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 10 хувьд хэвээр үлдээх тухай нэмэлт өөрчлөлтийг Татварын хуульд оруулсан байна.
 
Холбооны Зөвлөлийн эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтэд дурдсанаар, дээрх хууль нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд зар сурталчилгаанаас олох мөнгөөрөө өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тус дэм болох ажээ.
Үүнээс өмнөхөн Ерөнхий сайд Д.Медведев хэлэхдээ, хэвлэл мэдээллийн байгууллагууд хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа учраас тэдэнд мөнгө олох боломж олгох хэрэгтэй гэж байсан юм.
 
Түүнчлэн Төрийн Думын Хэвлэл мэдээллийн бодлого, мэдээллийн технологи, харилцаа холбооны асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Леонид Левин хэлэхдээ, дээрх хуулийг 12 дугаар сарын 1-нээс өмнө баталж, ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхэлснээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад өргөн боломж олгох нь зүйтэй гэж байв.
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг