sonin.mn
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ирэх сарын 1-нд болно.
 
Хурлыг маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх Засгийн газрын комисс, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, “Ю.Цэдэнбалын академи” хамтран зохион байгуулах юм.
 
Хуралд академич Ж.Болдбаатар, Н.Бэгз, Т.Намжим, Ж.Амарсанаа, Л.Болд тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн судлаач Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа, тусгаар тогтнол, батлан хамгаалах, соёл боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, техник технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг олон салбарын хөгжил дэх Ю.Цэдэнбалын оролцоо, хувь нэмрийн талаар шинэ баримт мэдээнд тулгуурлан бичсэн илтгэл хэлэлцүүлнэ.
 
XX зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал 1916 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригт хан аймгийн Зоригт ханы хошуу одоогийн Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайтын Цагаан бураа хэмээх газарт ард Юмжаагийн хүү болон мэндэлжээ. 1925-1929 онд Чандмань уулын аймгийн бага сургууль, 1929-1938 он хүртэл Улаан-Үдийн ажилчны сургуулийн бэлтгэл /рабфак/, Эрхүү хотын Сибирийн санхүү эдийн засгийн дээд сургуулиудад суралцан төгсч, санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. Тэрбээр 1938 онд Санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгч, 1939-1940 онд БНМАУ-ын Сангийн яамны дэд сайд, сайдаар ажиллахын зэрэгцээ Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга, 1940 оноос МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1941-1945 онд Монголын Ардын Хувьсгалт армийн ерөнхий командлагчийн орлогч, Улс төрийн газрын дарга, 1945-1952 онд Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1952-1974 онд Ерөнхий Сайд, СнЗ-ийн дарга, 1974-1984 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажилласан байна.
 
Түүний Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхийн тулд явуулсан бодлогыг үнэлж 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, 1966 онд БНМАУ-ын баатар цолоор тус тус шагнасан бөгөөд 1979 онд БНМАУ-ын цэргийн дээд цол-Маршал цол олгожээ.
 
Ю.Цэдэнбалыг 1984 оны 8 дугаар сард өвчний учир МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил, Улс Төрийн Товчооны гишүүн, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албанаас тус тус чөлөөлж, 1990 онд намаас хөөж, өмнө авсан гавьяа шагналыг нь хураасан байна. Ю.Цэдэнбал 1991 оны 4 дүгээр сарын 21-нд Москва хотод нас баржээ.
 
1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар Ю.Цэдэнбалын цол хэргэм, одон медаль шагналыг нь буцаан олгож, 2003 онд МАХН-ын XXII их хурлаас түүний намын гишүүнчлэлийг нь сэргээжээ. Ю.Цэдэнбал нь 44 жил Монголын төр засгийг тэргүүлэн ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амь амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг