sonin.mn
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын  нэхэмжлэлтэй шүүх хурал Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд  болж, шийдвэрийг эцэслэн   гаргалаа.
 
Ингэхдээ   Н.Энхбаярыг  ЦЕГ-ын тодорхойлолтоор 2016 оны сонгуульд нэр дэвших, сонгогдох эрхийг  хаасныг  хууль бус гэж үзжээ. Шүүх хурлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь ахалж, шүүгчээр Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ,Ч.Тунгалаг, Д.Атарцэцэг нар оролцжээ. Нэхэмжлэгчээс гадна ЦЕГ, СЕХ-ны  төлөөллүүд  шүүх хуралд  оролцсон байна.
 
Н.Энхбаяр өөрийг нь ЦЕГ-ын тодорхойлолтод үндэслэн СЕХ-ноос нэр дэвшүүлэхийг татгалзсанаас эхлэн Захиргааны хэргийн шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргасаар ирсэн. Тэрээр нэхэмжлэлдээ хоёр асуудлыг тавьж байв.
 
Нэгдүгээрт,  ЦЕГ-ын Мэдээлэл технологийн төвөөс “Ялтай байх хугацаа дуусаагүй байна” гэсэн тодорхойлолтыг СЕХ-нд гаргаж өгсөн нь цагдаагийн газар өөрт байхгүй эрхийг  ашиглаж, эрхзүйн үндэслэлгүй баримт үйлдсэн явдал боллоо. Иймд  ялтай гэсэн тодорхойлолт гаргаж өгснийг хүчингүй болгож өгнө үү.  Хоёрдугаарт , үндэслэлгүй  тодорхойлолтоор  СЕХ   сонгуульд нэр дэвшүүлэхийг татгалзсан шийдвэр гаргасныг   хүчингүй болгож өгнө үү.  
 
Мөн нэхэмжлэгчийг МАХН-аас  УИХ-ын 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг СЕХ-нд даалгана уу.  Тодруулбал,   “Ялтай байх хугацаа дуусаагүй байна” гэдэг тодорхойлолт хууль бус, улстөрийн захиалгат үйл ажиллагаа гэдэг нь тогтоогдсон тохиолдолд, СЕХ-ноос нэр дэвшүүлэхийг татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож,  УИХ-ын 75 дугаар тойрогт дахин сонгууль явуулж өгнө үү” хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан  юм.
 
Өмнө нь Н.Энхбаярт  холбоотой   хэрэг гэгч улстөржсөн  зохиомол зүйлүүд гаргаж ирж,  шүүхийн шатанд хянан хэлэлцэж байсныг монголчууд мэднэ. Шүүх ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, телевизийн шууд сувгаар дамжуулсан нь ном хэвлүүлсэн, телевиз байгуулсан, Төрийн ордны баруун талын балгасан барилгын доорх газар, ган бөмбөлөг, Өргөө зочид буудлын хувьчлал гэх асуудлуудаар түүнд таван хавтаст хэрэг үүсгэж байв. Тэгвэл шүүхийн шатанд  гурав нь хэрэгсэхгүй болсноос, Эрүүгийн хуулийн 263.2-т заасан зүйл анги нь Өршөөлийн хуульд хамрагдсан байдаг.
 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан сонгогдох эрхийн тухай хоёр асуудлаар  Н.Энхбаярын  өмгөөлөгч Д.Мөнхсайхан, Баттөр нар “Н.Энхбаярт холбогдуулаад буй ялтай байх хугацаа гэх асуудал дуусгавар болсон”  хэмээн   холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байдаг.  Мөн Н.Энхбаяр хэлэхдээ “ЦЕГ ийм тодорхойлолт гаргаж өгсөн нь улс төрийн зорилготой.
 
Тухайлбал, 2012 онд “Н.Энхбаярт удахгүй ял оноох учраас бичгийг нь өг” гэж байсан гэдэг. Цагдаагийн байгууллага ингэж ажил хийдэг болсон  юм уу. Би 2015 оны “Төрийн мэдээ” сэтгүүл үзлээ. УИХ, дээд шатны байгууллагаас баталсан хууль, дүрэм, журмыг нийтлэдэг. Тэнд 2015 оны Өршөөлийн хуульд хамруулаагүй зүйл заалт нь 79-261 гэж байна, 263.2 гэж алга. Гэтэл ЦЕГ эрхээ хэтрүүлж ажиллаад ийм тодорхойлолт гаргаж өгсөн. Хүний нэр төр маш том зүйл шүү дээ” хэмээн тэмдэглэж байсан юм.  Ер нь бол  Н.Энхбаярт хамааруулсан “ялтай, ялгүй” гэх ойлголтын талаар  өмнө нь нийгмийн зүгээс, мэргэжлийн хуульчид тайлбарлаж, сонин хэвлэлд ярьж байв.
 
Тухайлбал, Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав   “Н.Энхбаярын ялтай байдлын хугацаа дуусаагүй” гэдгийг та юу гэж үзэж байна” гэсэн асуултад “2015 оны наймдугаар сарын 11-нд Өршөөлийн хууль гарсан шүү дээ. Өршөөлийн энэ хуулиар ялтай байдлын хугацаа дуусаагүй бол үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэж заачихсан байгаа.  /2015 оны долдугаар сарын 02-ноос өмнөх үйлдэл/.
 
Өршөөлийн хуулийн ялтай байдлыг хэрэгсэхгүй болгох хуулийн заалт нь Эрүүгийн хуулийн ийм зүйл заалтад хамаарахгүй гэж хуульд заагаагүй. Тэгэхээр нэг талдаа эрүүгийн хуульд хамаарна гэсэн ойлголт байна. Нөгөө талаас таны шийдэгдсэн энэ хэрэг хамаарахгүй байна гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ хамаагүй шүү дээ, тухайн хүн ялаа эдлээд дуусчихсан юм чинь.
 
Өршөөлийн хуульд хамаарах, үл хамаарах  зүйл одоо мөрдөн байцаалт хийгдэж буй хэрэгт хамаарахаас өмнө нь ял эдлээд дууссан хүнд буцааж хамааруулах ойлголт ерөөс байхгүй” хэмээн хэлж байв /2016-4-4 хэвлэлд ярьснаас нь/. Түүнчлэн тухайн үед  МАН-ын УИХ дахь Бүлгийн  хуулийн зөвлөхаар ажиллаж байсан  одоо Хууль зүйн дэд сайдын албыг хашиж буй Б.Энхбаяр  тухайн үед  хөндлөнгөөс ажиглахад  хууль хяналтын байгууллагууд Н.Энхбаярыг   харъяаллын бус асуудлаар шалгах гэх мэт асуудал гаргаж байгаа нь хардлага төрүүлж байна хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж байсан билээ. 
 
Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн  хурлын шатанд хариуцагчаар оролцсон ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийн дарга Б.Бат-Өлзий  шүүгчийн  “Н.Энхбаярыг ялтай, эсэхийг хэн тогтоогоод байна вэ” гэсэн асуултад “Тодорхойлолт дээр тийм, үгүй гэсний доогуур зурж тэмдэглэдэг. 2015 оны Хууль зүйн яаманд ялын тухай дэлгэрэнгүй бичье гэсэн санал хүргүүлсэн ч одоог хүртэл шийдэгдээгүй. Тухайн хүний хавтаст хэргийг цахим  санд байршуулсан байдаг. Тэндээс  хардаг” гэсэн бол “Юуг эх сурвалж болгож тодорхойлолт бичиж өгсөн бэ” гэсэн асуултад “Эрүүгийн хуулийн 78-ыг үндэслэсэн” гэсэн. Харин  “Та эрүүгийн хууль тайлбарлах эрхтэй юу” гэсэн шүүгчийн асуултанд  “Үгүй” хэмээн тус, тус хариулсан юм.
 
Шүүх хурал завсарлаад эргэн орж шүүхийн шийдвэрийг уншихдаа “Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс “СЕХ-ны 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн Монгол Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигчийг  бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, “нэхэмжлэгчийг  2016 оны УИХ-ын  ээлжит сонгуульд 75 дугаар тойргийн нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг СЕХ-нд даалгах гэсэн нэхэмжлэхийн  шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “...Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй” гэсэн ЦЕГ-ын 2016 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 15/1071 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэхийн шаардлагыг хангаж, ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн үндэсний төвийн 2016 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар тодорхойлолтыг хүчингүй болгуулах нэхэмжлэхийн шаардлагыг хүлээж авахаас тат­галзаж шийдвэрлэв” гэв.
 
Шүүх хурлын дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Э.Эрдэнэжамъяны байр суурийг сонирхоход “Харамсалтай нь сонгууль өнгөрсөн хойно цагдаагийн байгууллага хууль зөрчжээ гэдгийг Улсын дээд шүүх тогтоож өглөө. Ер нь бол энэ бүхэн 100 хувь улс төрийн захиалгаар хийсэн асуудал. СЕХ ч мөн улс төрийн захиалгаар тодорхойлолтыг авч шийдвэр гаргасан. Яагаад гэвэл, 2012 онд ч ялтай, ялгүй тодорхойлолтыг нэхдэг байсан. Тухайн үед Н.Энхбаяр ялгүй байна гэж гарч байсан. Цагдаагийн байгууллага захиалгаар хүний тодорхойлолт худал гаргадаг. Тэрийг нь СЕХ ашигладаг луйврын тогтолцоо байгааг Дээд шүүх энэ хурлаар гаргаж чадлаа” гэв.
 
Ийнхүү  Улсын дээд шүүх ЦЕГ-ын тодорхойлолтоор  Н.Энхбаярын сонгогдох  эрхийг хаасныг хууль бус  байсныг тогтоолоо.  Тэр нь цаг хугацааны хувьд сонгууль өнгөрсөн хойно гарч байгаа хэдий ч шүүх шударга ажиллалаа гэж олон нийт  дүгнэж байна.
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин